Хайх

Эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэх нь яагаад ихэссэн бэ?

Эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэх нь яагаад ихэссэн бэ?

Өөрийн хүслээр эсвэл эргэн тойрны дарамтаас болж

Text: Бюро 24/7


Зураг:

Гоо сайхны мэс засал хийлгэж буй эрчүүдийн тоо жил ирэх тусам хурдацтайгаар өсөж байна. Өнгөрсөн жилд л гэхэд мэс засалчид 1,3 сая косметик ажилбар гүйцэтгэжээ. Энэ тоо нь 2000 оноос хойш 29% өссөн байгааг Vox мэдээллэж байна.

Лос-Анжелес ба Нью-Йорк хотод хувийн эмнэлэгтэй гоо сайхны мэс засалч Дуглас Стайнбрех нэг жилд дунджаар 260 эрэгтэй хүнд мэс засал хийдэг. Тиймээс эрчүүд ямар өв тэгш гаднах төрхөд тэмүүлдгийг тэрээр маш сайн мэднэ.

Мэргэжилтний хэлснээр эрчүүд 2014 оноос эхлэн гоо сайхны мэс заслыг илүү ихээр сонирхдог болсон гэнэ. Тухайн үед түүний эрэгтэй үйлчлүүлэгчдийн тоо анх удаа эмэгтэйчүүдийг давсан байна. Мөн түүний үйлчлүүлэгчид Сингапур, Хонг Конг, Парис, Москва гээд дэлхийн өнцөг бүрээс ирдэг болохыг тэрээр онцолсон юм.

Эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэх болдог гол шалтгаанууд дунд олон нийтийн сүлжээ чухал үүргийг гүйцэтгэх болсныг Стайнбрех мэдэгдлээ. Учир нь өнөөдөр хүмүүс олон нийтийн сүлжээнд хувийн амьдралаа бусдад нээлттэй болгож байгаа тул тэд өөрсдийгөө илүү сайн талаас нь харуулахыг зорьдог аж. Үүнээс гадна супер баатруудын дүр төрх эрэлттэй болсон нь гоо сайхны мэс засал хийлгэхэд нь нөлөөлдөг гэжээ. Жишээ нь хурц хэлбэртэй эрүү, өндөр шанаа зэрэг нь төгс гаднах төрхтэй Marvel-ын ертөнцийн гол баатруудад ажиглагддаг.

Гоо сайхны мэс засалч эрэгтэй үйлчлүүлэгчдээ үндсэн таван хэсэгт хувааж байна. Эхний хэсэгт ажил мэргэжилд нь гаднах төрх чухал байр суурь эзэлдэг залуус багтана. Жишээ нь жүжигчид эсвэл загвар өмсөгчид. Эдгээр залууст байгаль эх сайхан төрх заяасан ч тэд хэд, хэдэн жижиг деталиудыг л засахыг хүсдэг.

Харин хоёр дах хэсэгт имплантын тусламжтай төгс бие галбиртай болохыг хүсдэг мятаршгүй бодибилдерууд орж байна.

Мөн үүнээс гадна "спортоор хичээллэдэг аавууд" гоо сайхны мэс засалчдад ханддаг байна. Уламжлал ёсоор эдгээр эрчүүд 20-иод наснаасаа спортоор хичээллэж, биеийн галбираа хадгалж байсан ч дараа нь гэр бүл, карьераа чухалчилснаар хэвлий хэсгээрээ өөхөлж эхэлсэн байдаг аж.

Түүнчлэн мэргэжилтнүүд маш их жин огцом хаясан эрчүүдэд ч тусалдаг байна. Тэдгээр үйлчлүүлэгчдийн хувьд унжсан арьс ба үлдсэн бага зэргийн жингээ арилгахыг хүсдэг.

Хамгийн сүүлчийн төрөлд томоохон компанийн удирдагчид хамрагдана. Тэд наснаасаа залуу харагдаж, компаниа дахин 20 жил удирдах хүсэлтэй байдаг аж. Мэс засалчид эдгээр хүмүүсийн хүзүүг засаж янзлан, зовхийг нь татан, биеийн галбирыг нь сайжруулж өгдөг байна.

Сонирхолтой нь бүх эрчүүд өөрийн хүслээр гоо сайхны мэс засал хийлгэдэггүй гэнэ. Заримдаа тэдэнд байгууллагынх зүгээс дарамт шахалт ирдэг байна. Жишээ дурдахад тэд одоо тийм ч залуу биш учраас шинэ санаа гаргахаа больсон гэх зэрэг яриа гардаг тул эдгээр эрчүүд байр сууриа хадгалж үлдэхийн төлөө гоо сайхны мэс засал хийлгэхээр шийддэг гэжээ.

Дуглас Стайнбрехын хэлснээр өнөөдрийн нийгэм эрчүүдийн сайхан харагдах хүсэлд хэвийн ханддаг болсон бөгөөд гаднах төрхдөө анхаарал тавихыг эр хүний зан чанараа алдсанд тооцохоо больсон байна.

"Өмнө нь хүмүүс энэ тал дээр өрөөсгөл ойлголттой байсан юм. Гоо сайхны мэс засал нь энгийн бус зүйл хэмээн тооцогддог байсан бол өнөөдөр хэн нэгэн Instagram хуудастаа мэс заслын өрөөний зургийг нийтлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Магадгүй энэ талаар өөр ойлголттой хүн байж болох ч ерөнхийдөө өнөөдөр хүмүүс өөртөө хэт их анхаарал хандуулах болсон тул гоо сайхны мэс засал нь олныг гайхшруулахаа больсон" гэж мэс засалч хуваалцлаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх