Хайх

Виктория Бекхэм

Виктория Бекхэм

  • Улс:Их Британи
  • Салбар:Загвар зохион бүтээгч

Бидний сайн мэдэх Виктория Адамс-Бекхэм 1974 онд амжилттай бизнесмэн Британи Энтони, Жеки Адасын гэр бүлд төржээ. Виктория найман настайгаасаа од болох мөрөөдөлдөө хөтлөгдөн хөгжим болон бүжгээр хичээллэж эхэлсэн юм. Тэрээр 1993 онд охидын Spice Girls хамтлагт орох шалгаруулалтыг амжилттай давж, дэлхийн хамгийн алдартай хамтлагийн гишүүн болжээ. Виктория 1999 онд анхны хүү Брукилинээ төрүүлсэн бөгөөд ээж болсныхоо дараа алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмтэй гэрлэсэн байна. 

Spice Girls хамтлаг 2001 онд тарсны дараа Виктория Бекхэм хөгжмийн карьераа үргэлжлүүлж, өөрийн бие даасан цомгийг гаргажээ. Түүний амьдралын энэ хэсгийн тухай Business of Fashion сэтгүүлийн 2014 оны хаврын дугаарт бичихдээ, "Компаниуд Викториягийн төлөөлөгч рүү утасдан, өөрөө худалдан авсан ч хамаагүй бидний хувцсыг битгий өмсөөч гэж гуйж байсныг инсайдерууд¹ дурсдаг. Тэд өөрсдийн брэндийг Spice Girls хамтлагаас явсны дараах Виктория стилийн шовгор хөх, нэг л эвгүй зогсолт, ердийн биш байдалтай нь холихыг хүсээгүй юм" хэмээн өгүүлжээ. 

Виктория 2002 онд хоёр дах хүү Ромеог өлгийдөн авсан ба дараа жил нь Dolce & Gabbana брэндийн нүүр царай болжээ. Удалгүй тэрээр 2004 онд дуу хөгжмийн карьертаа цэг тавьж, загварын ертөнц рүү хөл тавьсан юм. Эхлээд тэрээр Rock and Republic брэндийн дизайнераар ажиллаж байгаад дараа нь dVb Style нэрээр өөрийн жийнсэн хувцасны загваруудыг танилцууллаа. Мөн тэр үеэр нүдний шил, үнэртэй усны салбараа ч гаргажээ.

Виктрия 2005 онд гурав дах хүү Крузээ төрүүлсэн ба тэдний гэр бүл 2007 онд АНУ руу нүүжээ. Хэдийгээр Spice Girls хамтлаг 2007-2012 оны хооронд эргэн нэгдэж, дэлхийн хэмжээний аялан тоглолт хийсэн ч Викториягийн гол зорилго загварын ертөнц болсон байлаа. Тэрээр 2008 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож, Victoria Beckham маркийн анхны даашинзны цуглуулгаа танилцуулсан. Загварын шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэнээс энэ цуглуулга эерэг үнэлгээ авч чадсан юм. Улмаар 2011 онд Victoria by Victoria Beckham гэх хувцас, цүнхний шинэ салбараа гаргасан. Мөн энэ 2011 онд Виктория дөрөв дэх хүүхэд болох охин Харпер Севенийг төрүүлжээ. Тэрхүү эгдүүтэй охин Харпер Севен 2016 он гэхэд өөрийн зурсан эгдүүтэй зургуудаараа ээжийнхээ шинэ загварын хувцаснуудыг чимэх болно. 

Өнөөдөр Виктория Бекхэмийн бизнес амжилттай хөгжиж, компани нь ready-to-wear, деним, нүдний шил, үндсэн брэндийн аксесуар гэсэн дөрвөн төрөлд хуваагдаж байна.
Тэрээр мөн 2006 онд бестселлэр болсон "That Extra Half an Inch: Hair, Heels and Everything in Between" гэх номыг алдарт зурагчин Марио Тестиногийн зургуудаар чимэглэн гаргаж байсан юм. 

¹ - Инсайдер (англ. insider) нийтэд түгээмэл биш мэдээлэлтэй хэсэг бүлгийн гишүүн.

цааш үзэх