Хайх

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үнэхээр үр дүн өгдөг үү эсвэл эсрэгээрээ хор учруулдаг уу?

Text: Buro.Mongolia


Цөцгий болон гүзээлзгэнэ дээр суурилсан овьёос ба үрсэн алимны орцтой гэрийн нөхцөлд хийсэн нүүрний маск, хаван буулгах зорилгоор хэрэглэдэг ууттай цай ба өргөст хэмх гэх зэрэг гоо сайхны ардын жорууд эрт дээр үеэс үе дамжин ирсэн байдаг. Түүгээр ч барахгүй орчин үеийн Instagram блогерууд арьсандаа сармис ба лайм түрхэж, ардын аргачлалын давлагааг улам бүр хүчтэй болгож байна. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг гоо сайхандаа хэрэглэх нь үнэхээр л тустай байдаг бол, зарим нь тус гэхээсээ илүү хор учруулах нь бий. Бид ардын аргачлалын эерэг үр нөлөөний хязгаар яг хаана дуусдагийг тодруулах үүднээс мэргэжлийн гоо сайханчид ба арьсны эмчээс зөвлөгөө авлаа.

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 1)

Өргөст хэмх

Өргөст хэмхийн зүсмэлүүд нүүрэн дээр аятайхан харагддагийн хажуугаар арьс сэрүүцүүлдэг давуу талтай. Мөн энэхүү орц нь ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог нь үүний эерэг нөлөөний баталгаа болох биз ээ. "Өргөст хэмхэнд маш их хэмжээний ус агуулагддаг төдийгүй кали, кальци, төмөр, фосфор, иод гэх зэрэг микро элементүүд болон А, С, Е амин дэмүүд байдаг. Эдгээр нь мэдээж хэрэг арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Өргөст хэмх арьсыг чийгшүүлж, тос ялгаруулах процессыг нь тэнцвэржүүлж, тонусыг нь сэргээж, матт эффекттэй болгодог" хэмээн Mrs.Right Natural Beauty салоны гоо сайханч ярилаа.

Сүүн бүтээгдэхүүнүүд


Нарны түлэгдэл авсан үед арьсыг яаралтай эмчлэх чадвартай гэгддэг цөцгий ба тараг нь үнэхээр үр дүнтэй юу? Эдгээр бүтээгдэхүүнүүд хөргөгчинд хадгалагддагийн улмаас ихэвчлэн хүйтэн байдаг тул арьсанд сэрүүн мэдрэмж өгч, загатналтыг бууруулдаг. Гэвч сүүн бүтээгдэхүүнүүд нь бактерийн үржлийг дэмжих таатай орчин болж өгдөг учир зарим тохиолдолд арьсыг бүр ч илүү цочроох магадлалтай. Тиймээс үүний оронд мөс, пантенол ба зуун наст хэрэглэхийг зөвлөх байна.

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 2)

Жимс ба жимсгэнэ


Жимс ба жимсгэнэ нь өөртөө маш их хэмжээний хүчил агуулдаг. Ийм ч учраас эдгээр нь арьсыг цайруулж, нүх агшааж, цэвэрлэхдээ сайн. "Тослог арьсыг цэвэрлэхдээ алим, лийр, тоор ба киви ашиглаж болно. Харин арьсыг цайруулж, нүх агшаах зорилгоор нимбэг, анар, илжгэн чих, гүзээлзгэнэ, өргөст хэмх, бөөрөлзгөнө ба улаалзганыг сонгоорой. Хэдийгээр жимс ба жимсгэнэ нь ерөнхийдөө арьсанд их тустай байдаг ч, харшил үүсгэх магадлалыг үгүйсгэхийн аргагүй. Тиймээс арьсан дээрээ хэрэглэхээсээ өмнө эхлээд бугуйдаа түрхэн 10 минут хүлээгээд үзээрэй. Мөн нимбэг эсвэл өргөст хэмхийн шүүсийг 1:1 харьцаагаар устай холин арьсаа цэвэрлэх нь их тустай шүү" хэмээн «Вкус & Цвет» төслийн үүсгэн байгуулагч, эрүүл амьдралын хэв маяг дэлгэрүүлэгч зөвлөлөө.

"Мэргэжлийн эмчийн хувьд би ямар нэгэн зориулалтын бус бүтээгдэхүүнийг арьсандаа хэрэглэж, эрсдэлтэй алхам хийх ямар ч шаардлагагүй гэж үздэг. Учир нь тэдгээр ардын жоруудын үр дүнг шинжлэх ухаанаар батлаагүй шүү дээ. Дээр дурдсан ихэнх бүтээгдэхүүнүүд арьсанд ноцтой харшил үүсгэх магадлалтай. Тухайлбал гүзээлзгэнэд харшил үүсгэх өндөр магадлалтай жимсний хүчил бий. Түүнээс гадна гүзээлзгэнэ өөрийн гадаргууны бүтцийн улмаас төрөл бүрийн хортой бодис өөртөө цуглуулсан байдаг. Өргөст хэмх ч бас адилхан" хэмээн «МильФей» салоны гоо сайханч онцолж байна.

Хүнсний сод

Гоо сайхны хамгийн том төөрөгдлүүдийн нэг бол хүнсний содыг арьсны нүх цэвэрлэх, хар цэгүүдийг арилгах зорилгоор ашиглах явдал юм. Арьсны хэвийн pH түвшин 4,5-5 хооронд байдаг бол содынх 9 байдаг. Өөрөөр хэлбэл содыг арьсанд хэрэглэхэд хэтэрхий ширүүн орцтой байх бөгөөд энэ нь арьсны байгалийн хамгаалалтын давхаргыг үгүй хийнэ.

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 3)

Цай


Ууттай цай нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэлд эерэгээр нөлөөлдгийг эмч нар хүртэл хэлдэг. Харин гоо сайхны хувьд гэвэл ууттай цай нь хаван буулгахад тусалдгийг хүн бүр мэдэх биз ээ. "Нүдний эргэн тойронд үүссэн хаванг буулгах хамгийн хялбар, хямд бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол ууттай цай юм. Гол нь харшил үүсэхээс сэргийлэх үүднээс ямар нэгэн үнэртүүлэгч ба амтлагчгүй энгийн хар цай сонгох хэрэгтэй. Мөн ууттай цайгаа 15 минутаас илүү удаан байлгах шаардлагагүй. Эс тэгвээс арьсанд будаг шингэх боломжтой" хэмээн Mrs.Right Natural Beauty салоны гоо сайханч хэллээ.

Түүхий мах

Түүхий махыг нүдэн дээрээ тавьбал нүдний эргэн тойрон дахь хар хүрээ арилна гэх домог бий. Гэхдээ бүх мэргэжилтнүүд үүнийг нэгэн зэрэг эсэргүүцэж байна. "Ийм төрлийн туршилтыг хэзээ ч бүү хийгээрэй. Тэр тусмаа нүд гэх ийм эмзэг, нимгэн арьстай хэсэгт бүр ч болохгүй. Хэрвээ танд яаралтай нүдний хар хүрээгээ арилгах шаардлага гарвал тус хэсгийг мөсөөр арчиж, ингэх зуураа хурууны өндгөөрөө массаж хийж болно. Мөн өдөр тутамдаа зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөх байна" гэж «МильФей» салоны гоо сайханч анхаарууллаа.

Өргөст хэмх, ууттай цай, тараг: Ардын аргачлалууд арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 4)

Овьёос


Микро элементүүдээр баялаг овьёос нь арьсны тонусыг сэргээж, гадаргууг нь гуужуулж, нөхөн төлжүүлж, нүхийг нь цэвэрлэж, чийгшүүлдэг. "Овьёосны найрлага дахь ретинол ба аскорбины хүчил нь арьсыг уян зөөлөн болгож, тиамин нь хуурайшилтыг алга болгож, нөхөн төлжүүлдэг. Мөн овьёос ашиглан арьсаа гуужуулж болно. Ингэхдээ хөнгөн массаж хийж, дараагаар нь усаар зайлаарай" гэж «Вкус & Цвет» төслийн үүсгэн байгуулагч, эрүүл амьдралын хэв маяг дэлгэрүүлэгч ярьж байна.

"Энэ бүх ардын жорууд нь арьсанд үнэхээр л эерэг нөлөө үзүүлдэг үү гэж үү? Мэдээж зарим бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээний үр дүн өгнө. Гэхдээ мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд өөртөө илүү их идэвхтэй бодисууд агуулдаг төдийгүй яг л энэ бүтээгдэхүүнүүдийн илүү баяжуулсан найрлагыг санал болгодог. Орчин үеийн технологи болон шүүж, цэвэрлэх процессууд өнөөдөр дээд түвшинд хүрсэн тул ихэнх тохиолдолд химийн гаралтай бүтээгдэхүүн зам дээр ургасан гүзээлзгэнээс илүү аюул багатай байх болно" хэмээн EGIA Biocare System брэндийн арьсны эмч дүгнэн хэллээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх