Хайх

А.Чадраабалын арга барил шинэчлэгджээ

А.Чадраабалын арга барил шинэчлэгджээ

Наран ээж, Нарны дуулал, Тэнгэрийн орон бүтээлүүдэд

Text: Ж.Чинбат


Зураг: Buro 24/7 Mongolia

Контемпорари, модерн урлаг хоёрын хөгжлийн хандлагыг Австралид сүүлийн гурван сар харж, танилцсан А.Чадраабалыг Монголд ирээд нэг л хоноод байхад нь уулзлаа

Модерн хоцрогдож контемпорари урлаг хөгжиж байна гэж ойлговол эндүүрэл болох тухай тэрбээр ярьж байна. Энэ хоёр урсгал чиглэл өнөөдөр хоёулаа зэрэгцэн оршиж байгаа бөгөөд ганцхан уран бүтээлчид юу илэрхийлж вэ гэдэг санаа л чухал гэнэ. Тэгвэл МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн түүний шинэхэн гурван бүтээл юу илэрхийлсэн бол?

Та өнөөдөр залуу уран бүтээлч мөн үү, таны бүтээлийн сэдвүүд хэвээрээ байгаа бололтой?

Миний хувьд уран бүтээлээ 16 жил хийж байна. Нэг хэсэг бух, морины сэдэвтэй олон бүтээл хийсэн. Одоо бол өмнө нь цуглуулж, хуримтлуулсан туршлагаараа мөн л өөрийн хийдэг сэдвүүдээ хийж байгаа. Монголын олон зураач морь зурахдаа хэлбэр дүрсээр нь үзэл санаагаа илэрхийлээд байгаа болохоос биш яг ч морь зурж байгаа биш юм. Байгаль дэлхийтэйгээ харьцаж байгааг мориор илэрхийлэх, салхи байлаа гэхэд мориор дүрслэх ч юм уу илэрхийлэл болгон ашигладаг. Тэгэхдээ энд шинэчлэл, хөгжил, арга барил бас байгаа.

Таны хувьд юу шинэчлэгдсэн бэ?

Арга барилын хувьд өмнөх ажлуудаасаа нэлээн шинэчлэгдсэн. Ганц ганцхан зураасаар зохиомжийг гаргаж, дүрийнхээ нүд, нүүрийг тодотгоод бусдыг нь замхруулсан байгаа.

Орчин үеийн урлагийн чиг хандлагатай танилцаж явахад танд ямар бодол төрж байв?

Бид орчин үеийн урлагт юугаар гарч ирэх вэ гэхээр монгол хүний саруул ухаанаар бүтсэн урлагаар л гарч ирнэ. Этгээд, гаж болгоныг даган дуурайснаараа, хэн нэгэн гадны шүүмжлэгч энэ сайн гэж хэлсэнд хошуурснаар монголын урлаг хөгжихгүй. Урлагийн бүтээлд монгол үзэл санаа шингэсэн байх хэрэгтэй.

А.Чадраабалын арга барил шинэчлэгджээ (фото 1)

Наран ээж
2015 он. зотон тос. 150х250 см

Энэ бол тал ч биш, нар ч биш, энэ ээж ч биш. Хүн төрөлхтнийг дэлхий ертөнцөөс оюун санааны хувьд хөндийрөн тасарч, сансар огторгуйтай холбож буй санаа л даа. Энэ зураг усны ертөнц дээр байж байна. Аливаа бүх зүйл эх дэлхийгээс эхлэлтэй, мөн наргүйгээр дэлхийд өнгө байтугай амьдрал ч байхгүй болно. Энэ улбар өнгө бол миний зураг болгонд явдаг өнгүүдийн нэг. Асаж байгаа, амьдрал эхлүүлж байгаа гэсэн санааг илэрхийлнэ.

А.Чадраабалын арга барил шинэчлэгджээ (фото 2)

Тэнгэрийн орон
2015 он. зотон тос. 150х250 см

Тэнгэрийн орон гэдгийг бид диваажин ч гэдэг. Тэнд байгаа монгол хүний оюун санааг илэрхийлж байгаа зураг. Дүрсийг нь мориор дамжуулж байгаа. Зураач болгонд өөрийн гэсэн дуртай өнгө байдаг. Өнө эртнээсээ морь, шонхор шувуу хоёр манай хувь заяатай холбоотой. Хэн нэгэн гадны уран бүтээлчийн измийг даган дуурайх биш бид бусдаас юугаараа онцлогтой вэ гэдгийг л гаргах гээд байгаа юм. Моринд хайртайдаа, түүнээс уйдахгүйдээ хийж буй зүйл биш ээ. XXI зууны монголын уран бүтээлчид ямархуу санаа бодлыг уран бүтээлдээ тусгах хэрэгтэй вэ гэдгийг бодож, бидний өөрсдийн хувь тавилан чухам юу вэ гэдгийг эргэцүүлж бүтээсэн.

А.Чадраабалын арга барил шинэчлэгджээ (фото 3)

Нарны дуулал
2015 он. зотон тос. 150х250см

Нар болон сүүний өнгийг гаргая гэж бодсон. Уусалттай зөөлөн, тогтуун шар дулаан өнгө. Өнгөний хувьд нэлээн шинэлэг болсон. Нарны дуулал гэдэг нь хүн уг нь байгаль дэлхийтэйгээ ярилцдаг, харилцдаг байсаныг л илэрхийлэхийг зорьсон. Харин одоо бид байгальдаа дэндүү хайр гамгүй хандаж байна уу даа гэдэгт харамсдаг. Дэлхий жижигхэн. Энэ жижигхэн дэлхийгээ хайрлахгүй байгаа нь эмгэнэл биш үү.

цааш үзэх