Хайх

Наймдугаар сард нээлтээ хийх шинэ кино ба цувралууд: \"Project Power\", \"Little Birds\" болон бусад

Наймдугаар сард нээлтээ хийх шинэ кино ба цувралууд: "Project Power", "Little Birds" болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино театрууд удаан хугацааны турш хаалгаа барьсны эцэст нээгдээд байгаа билээ. Гэхдээ хэрэв та олон нийтийн газраар явж, театрт кино үзэхийг хүсэхгүй байвал гэрээсээ гаралгүй энэ сард стриминг тавцангуудаар нээлтээ хийх бүтээлүүдийг үзээрэй.

"The Swamp"

Анх Дональд Трампыг дэмждэг байсан ч удалгүй өөр талыг сонгох болсон Бүгд Найрамдах Намын сенатын гурван гишүүний тухай өгүүлэх баримтат кино. Киноны нэр "намаг хатаах" гэх улс төрийн хэллэгээс сэдэвлэгдсэн бөгөөд Дональд Трамп намаг гэх үгийн дор засгийн газрын дотоод асуудлуудыг илтгэж байсан юм. Цувралын баатруудаас энэ асуудлуудыг шийдвэрлэхэд Дональд Трамп яг юу хийснийг асуухад тэд хариулж чаддаггүй ч үүний оронд хээл хахууль, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн эх үүсвэр зэрэг сонирхолтой зүйлсийг дэлгэх болно. Сонирхуулахад тус баримтат киног найруулсан Дэниел Ди Мауро болон Морган Пеме нар Трампын засгийн газрыг эсэргүүцэж 2017 онд "Get Me Roger Stone" гэх киног бүтээж байсан юм.

HBO, наймдугаар сарын 4

"Little Birds"

Зохиолч Анаис Ниний эротик зохиолын эмхтгэлээс сэдэвлэсэн мини цуврал. ХХ зууны дундуур Танжер олон улсын бүсэд нэгэн лордын сүйт бүсгүй болон нутгийн залуу жүжигчин Лили Фон Икс нар учирна. Танжерт тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж байх үед бүсгүйчүүд гал халуун хайр дурлалдаа шатна. Дэлгэцэд ижил хүйсийн хайр дурлал, секс, хайрын гурвалжин гээд бүх зүйлс гарна (you name it!). Энэхүү цувралыг 2013 онд Берлиний кино наадмаас "Teddy" гэх бүтээлээрээ ЛГБТ киноны шагнал хүртсэн Стейси Пассон хийсэн юм. Тэрээр үүний дараа "House of Cards", "American Gods", "Billions" зэрэг алдартай бүтээлүүд дээр ажилласан билээ.

Sky Atlantic, наймдугаар сарын 4

"Queen and Slim"

Tinder болзооны дараа Слим ба Квин нарын автомашиныг замын цагдаа зогсооно. Хосуудыг удаан хугацааны турш зогсоож нэгжлэг хийх бөгөөд улмаар нөхцөл байдал хяналтаас гарч буудалцаан болсноор гол дүрийн баатрууд зугтахад хүрдэг. Америкийн цагдаа нарын хүчирхийлэл, ёс бус үйлдлийн тухай өгүүлэх уг кино нь Black Lives Matter хөдөлгөөний эсэргүүцэл эхлэхээс өмнө хийгдсэн юм. Сонирхуулахад "Queen and Slim" киноны найруулагч Мелина Матсукас өмнө нь Бейонсе, Рианна, Леди Гага, Кайли Миноуг нарын видео клипийг хийж байсан туршлагатай. Харин уг кино нь түүний анхны бүрэн хэмжээний бүтээл болж байгаа юм.

Okko, наймдугаар сарын 5

"World's Most Wanted"

Эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүд болон тэдний үйлдсэн хэргүүдийн тухай өгүүлэх Netflix-ийн ээлжит баримтат цуврал. Кинонд орон, орны таван гэмт хэрэгтний тухай гарах бөгөөд хамгийн сонирхолтой нь тэдний нэг нь ч баригдаагүй байгаа юм.

Netflix, наймдугаар сарын 5

"An American Pickle"

Сет Рогены тоглосон, даршилсан өргөст хэмхийн тухай өгүүлэх инээдмийн кино. ХХ зууны эхээр Зүүн Европын нэгэн цагаач даршилсан өргөст хэмхтэй торхонд унах бөгөөд 100 жил өнгөрөхөд л торхноосоо гарч чаддаг. ХХI зуунд тэрээр ухаалаг атлаа хипстер зээнцэр ач хүүгээ олж хамтдаа даршилсан өргөст хэмхийн бизнес эхлүүлэхээр шийднэ.

HBO Max, наймдугаар сарын 6

"The Rain", гуравдугаар улирал

Амьд гэсэн бүх зүйлийг устгадаг хортой борооны тухай цувралын сүүлчийн улирал. Шинэ бүлэгт гол дүрийн баатар Симона хүн төрөлхтний найдвараас дайсан болон хувирсан өөрийн ах Размусын эсрэг тэмцэх хэрэг гарна.

Netflix, наймдугаар сарын 6

"The Hunt"

Адармаатай амьдралтай хүмүүсийг ангуучилдаг шуугиан тарьсан кинoны нээлт коронавирусын улмаас хойшлогдоод байсан билээ. Үйл явдалд 12 хүн учир битүүлэг байдлаар тал газар сэрнэ. Тэд хаана байгаагаа болон хэрхэн энд ирснээ мэдэхгүй ч удалгүй хүмүүсийг ангуучилдаг дээдсийн тоглоомд орсноо ухаарах болно.

Оkko, наймдугаар сарын 10

"Project Power"

Netflix-ийн бүтээсэн ээлжит блокбастер. Киноны үйл явдалд Нью-Орлеансын гудамжинд хүмүүсийг таван минутын турш супер хүчтэй болгодог цоо шинэ төрлийн маш аюултай эм тархана. Харин Жейми Фокс болон Жозеф Гордон-Левитт нар энэ бүхний ард хэн нуугдаж байгааг илрүүлэхээр ажиллана.

"Boys State"

Жил бүр Америкийн мянга, мянган өсвөр насныхан Техас муж руу явж өөрсдийн гэсэн засгийн газрыг байгуулж, тэргүүнээ сонгодог. Хэдийгээр тэд согтууруулах ундаа худалдаж авах насан дээрээ очоогүй байгаа ч эвсэл байгуулж, бусдын булхайг илрүүлж, хуйвалдаж, яг л жинхэнэ улс төрчид шиг хоорондоо тэмцэлдэнэ. Уг бүтээл нь Sundance кино наадмаас "шилдэг баримтат кино" шагналыг хүртсэн байгаа.

Apple TV+, наймдугаар сарын 14

"Ted Lasso"

Уламжлалт хөл бөмбөгийн тухай ойлголтгүй Америк хөл бөмбөгийн дасгалжуулагч Тед Лассо (Жейсон Судейкис) Английн багийг дасгалжуулахаар Их Британийг зорино. Хэдийгээр тэр хөл бөмбөгийн спортод ямар ч туршлагагүй ч тууштай зангийнхаа ачаар шантралгүй ажлаа хийнэ. Цувралд хошигнол, Америк ба Англи хүмүүсийн сэтгэлгээ, зан араншингийн ялгааг маш тодоор харуулдаг.

Apple TV+, наймдугаар сарын 14

"Lovecraft Country"

ХХ зууны дунд үед нэгэн цэрэг өөрийн найз бүсгүй болон авга ахын хамтаар ор сураггүй алга болсон аавыгаа хайхаар шийддэг. Тэд Америкийг бүтэн тойрох бөгөөд энэ үеэрээ Лавкрафт гэх нууцлаг улсад ирнэ. Энд тэд учир битүүлэг амьтад болон мангаснуудтай нүүр тулна. Зохиолч Мэтт Раффын ижил нэртэй номоос сэдэвлэсэн тус цувралын гүйцэтгэх продюсероор Жордан Пил болон Ж.Ж. Абрамс нар ажилласан байгаа.

HBO, наймдугаар сарын 16

"Lucifer", тавдугаар улирал

Буг чөтгөр Люциферийн адал явдлын тухай өгүүлэх уг цувралыг Нил Гейман болон Сэм Кейт нарын комик зохиолоос сэдэвлэсэн билээ. Энэ улиралд тэрээр дэлхийд эргэн ирдэг ч үнэн хэрэгтээ энэ нь Люцифер биш харин түүний хорон санаат ихэр болж таардаг (Ха!).

Netflix, наймдугаар сарын 21

"The One and Only Ivan"

Америкийн зохиолч Кэтрин Эпплгейтийн ижил нэртэй хүүхдийн номоос сэдэвлэсэн энэхүү кинонд зэрлэг байгальд амьдрахыг мөрөөддөг Айван нэртэй циркийн гориллын тухай өгүүлнэ. Кинонд Брайан Крэнстон гол дүрийг бүтээсэн бол Сэм Рокоуэлл, Анжелина Жоли, Дэнни Де Вито, Хелен Миррен нар дуу оруулсан байгаа.

Disney+, наймдугаар сарын 21

"The Binge"

Инээдмийн киноны үйл явдал ирээдүйн ертөнцөд өрнөх бөгөөд энд жилд ердөө нэг өдрөөс бусад бүх өдөр архи, хар тамхи хориотой байх болно. Харин бүхнийг зөвшөөрдөг тэрхүү өдөр Винс Вон, Скайлер Жизондо, Эдуардо Франко, Грэйс Ван Дин нар жинхэнэ утгаараа хэрхэн "хөгжилдөж" байгааг үзээрэй.

Hulu Original, наймдугаар сарын 28

цааш үзэх