Хайх

Бюро 24/7 тойм: Valentino, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Valentino, намар-өвөл 2017

Католик шашин ба авангард хэв маяг

Text: Buro.Mongolia


Зураг:

Valentino-гийн хос дизайнер Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нарын хамтарсан цуглуулгад үргэлж Католик шашны нөлөө ба Сэргэн мандалтын үеийн соёлын нөлөө үзэгддэг байсан билээ. Харин Кьюрийг Dior ордон руу явснаас хойш Valentino-гийн цуглуулга дахь тэрхүү эртний, түүхэн уур амьсгал бага зэрэг сарниж, загварууд шинэ төрхтэй болсон харагдлаа. Тэгэхээр хоёр дизайнерын чухам хэн нь эртний соёлыг эргэн дурсах дуртай байсан нь шууд ойлгомжтой болж байгаа биз?

Намар-өвлийн цуглуулгад Пьерпаоло Пиччоли урьд өмнө нь танилцуулдаг байсан сонгодог Ромын хэв маягийг орхиж, илүү шинэлэг хандлага гаргалаа. Тэр Виктория хатны эрин үеийг тодорхойлох эртний элементүүдийг илүү орчин үеийн авангард стильтэй хослуулснаар гэнэтийн үр дүнд хүрч чаджээ. Цуглуулгыг нэг өнцгөөс харвал түүхэн эсгүүрүүдээр баялаг, маш тансаг мэдрэмж төрөх ч гэлээ нөгөө өнцгөөс нь ажиглавал загварууд дээрх неон өнгөнүүд ба хүүхэлдэйн кино санагдуулам хээ, угалзнууд шинэлэг бас зугаатай сэтгэгдэл үлдээх болно.

Зарим залуу дизайнерууд ба томоохон загварын ордууд сүүлийн үеийн улс төрийн үйл явцад анхаарлаа хандуулж байх зуур Valentino брэнд энэ бүх үймээнээс хол байж, урлагийн бүтээл үйлдвэрлэсэн хэвээр байна.

Үндсэн элементүүд: Өндөр захтай, урт ханцуйтай, газар хүрсэн урттай, эртний эсгүүртэй даашинзууд, торон материалаар хийгдсэн готик маягийн даашинзууд, брюк өмдтэй хослол, өндөр захтай пальто.

Үс засалт ба нүүр будалт: Бараан өнгийн уруул, задгай тавьсан шулуун үс.

Стилситик аргачлал: Виктория хатны эрин үеийн эсгүүрүүдийг тод өнгийн хээтэй хослуулах аргачлал.

Аксесуар: Шүрэн зүүлт, тод өнгийн түрийтэй гутал.

Бүтээлч санааны эх үүсвэр: "The Memphis Group" гэх Миланд байршдаг дизайн ба архитектурын хамт олны уран бүтээл, Виктория хатны эрин үе ба Католик шашны элементүүд.

цааш үзэх