Хайх

Хуримын бэлтгэл ажил: $1500-с доош үнэтэй даашинзууд

Хуримын бэлтгэл ажил: $1500-с доош үнэтэй даашинзууд

Хуримын улирал эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Сүйт бүсгүй та хуримынхаа даашинзыг сонгож амжсан уу? Үгүй бол энэ нийтлэлийг бүү алгасаарай

Удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй бүх сүйт бүсгүйчүүдийн анхааралд! Бид таныг хуримын бэлтгэл ажилд дарагдаж, мянга, мянган зүйлс рүү нэгэн зэрэг санаа тавьсаар тун завгүй явааг сайн ойлгож байна. Хуримын үймээнээс гадна мөн өдөр тутмын амьдрал, ажил ба ар гэрийн үүрэг гэж бас байгаа шүү дээ. Тэгэхээр бид танд багахан ч болов уу нэмэр болох үүднээс, төгс хуримын даашинз хайж олох хүндхэн зорилгод тань туслахаар шийдлээ.

Бүсгүй бүр хуримаараа үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг нь нууц биш юм. Үсээ өөгүй сайхан янзалж, төгс нүүр будалт хийж, сайхан инээмсэглэл тодруулахыг хүсдэг. Мөн мэдээж хэрэг хамгийн сайхан даашинз өмсөхийг зорино. Гэхдээ бүсгүйчүүд бидний кино эсвэл сэтгүүлээс олж хардаг дизайнерын төгс даашинзууд хэтэрхий үнэтэй байдгийг бүгд мэднэ байх. Амьдралд магадгүй ганцхан удаа тохиох хуримаараа тэрхүү мөрөөдлийнхөө даашинзыг өмсмөөр байвч санхүүгийн бололцоо хүрэхгүй байх тохиолдол олон бий. Тэгээд ч бас ганцхан удаа өмсөх зүйлд том хөрөнгө оруулалт хийх нь утгагүй мэт санагдаж болох юм.
Ийм тохиолдолд бүсгүй та мөрөөдөл ба төсвөө хослуулсан, алтан дундаж даашинз олох хэрэгтэй. Энэ нь санаанд бүрэн нийцээгүй, тийм ч төгс биш даашинз өмсөнө гэсэн үг биш юм шүү. Бидний бэлдсэн нийтлэлээс та дундаж үнэтэй атлаа кутюр харагдах чадвартай даашинзууд зах зээл дээр маш олон байгааг олж мэдэх болно.

White by Vera Wang

Дизайнер Вера Вангийг хуримын даашинзны загалмайлсан эх гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Дэлхийн бүх л алдартнууд түүнд ханддаг. Дизайнер одоогийн байдлаар гурван төрлийн даашинзны шугам гаргаж байна. Vera Wang Collection-ы даашинзууд $2900 эхэлдэг бол, Luxe Collection-ы загварууд хамгийн багадаа $6900 үнэтэй байдаг юм. Харин түүний гурав дах White by Vera Wang шугам илүү боломжийн үнэтэй бөгөөд ихэнх загварууд нь $1500-аас доош үнээр худалдаалагддаг.

J.Crew

АНУ-ын хамгийн загварлаг жижиглэнгийн худалдааны J.Crew сүлжээ дэлгүүр хуримын шугамаараа их алдартай. Орчин үеийн болон сонгодог, сайн чанарын даашинзууд санал болгодог энэ дэлгүүрээс та богино эсвэл урт, энгийн, эсвэл чамин загвар олж харна. Даруухан хурим хийхийг хүсч буй бүсгүйчүүдэд зориулсан хуримын хослол хүртэл бий. Түүнээс гадна та эндээс хуримын гивлүүр, үсний хавчаар, гоёл чимэглэл, гутал, клач гээд хэрэгтэй бүхнээ нэгэн зэрэг худалдаж авах боломжтой юм.

Truly Zac Posen

Америкийн дизайнер Зак Посен үдшийн даашинзуудаараа алдаршсан нэгэн. Аливаа арга хэмжээний улаан хивсний ёслол дээр ямар нэгэн алдартан түүний загвараар заавал ч үгүй гоёдог. Зак David's Bridal гэх хуримын сүлжээ дэлгүүртэй хамтарч Truly Zac Posen нэртэй шугамаа 2014 оноос эхлэн гаргах болсон бөгөөд даашинзуудын үнэ $650 - $1650 хооронд байдаг юм. Түүний жил бүр танилцуулдаг шинэхэн загварууд нэн даруй зарагдаж дуусдаг тул та яаравчилсан нь дээр шүү.

BHLDN

BHLDN бол АНУ-ын хуримын загвараар дагнасан жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүр юм. Тэд Tadashi Shoji эсвэл Patricica Bonaldi гэх бие даасан дизайнеруудын загваруудыг танилцуулдаг бөгөөд ихэнх загварууд нь $1000 доош үнээр борлуулагддаг. Та маш эмэгтэйлэг эсвэл бага зэрэг богем даашинз хайж байвал ийшээ хандаарай. Дэлгүүрт мөн цэцэг барьдаг охин ба бэрийн найз бүсгүйчүүдэд зориулсан даашинзууд бий.

Дашрамд дурдахад дээр дурдсан хуримын даашинзууд харамсалтай нь Монгол руу шууд хүргэлт хийдэггүй тул та АНУ-д захиалгат худалдаа, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд руу хандаарай. Тэд таны өмнөөс захиалга хийж, бүгдийг зохицуулах болно.

Харин Nordstrom, Saks Fifth Avenue, Neiman Marcus, Asos гэх зэрэг сүлжээ дэлгүүрүүд Монгол руу шууд хүргэлт хийдэг тул танд ямар ч хамаагүй банкны олон улсын виза карт байхад л хангалттай. Ингээд цагаа хэмнэж, цахим ертөнцөөр шууд худалдан авалт хийгээрэй. Эдгээр бүх дэлгүүрүүд барааны буцаан олголт хүлээн авдаг тул даашинз тань танд тараагүй тохиолдолд санаа зовох зүйлгүй юм.

 

цааш үзэх