Хайх

Чокер зүүх цаг ирлээ

Чокер зүүх цаг ирлээ

Хүзүүний чимэг

Text: Ө.Тодгэрэл


Загварын долоо хоногийн street style, одуудын папарацци зургуудад чокер буюу хүзүү барьсан зүүлт ойр, ойрхон гарах боллоо. Загварлаг хувцаслагч олны танил хүмүүсийн анхаарлыг татаад буй энэ шинэ трендийг дэлгэрэнгүй судалж үзэцгээе

Сүүлийн хэдэн улиралд 1990-ээд оны хэв маяг эргэн ирснийг та анзаарсан уу? Дарсны гүн улаан өнгөтэй уруулын будаг, зузаан ултай хагас түрийтэй "combat" гутал, нүдний гялалзсан будалт, богино топ цамц, платформ ултай гутал гэх элементүүд орчин үеийн загварт дахин үзэгдэх болсон. Харин тэр дундаас хамгийн их хүчээ авж буй нэгэн хуучны тренд бол чокер хүзүүний зүүлт юм. Бидний үзэх дуртай байсан 1990-ээд оны кинонуудын гол дүрийн охид том унжлага бүхий хар чокер зүүлт, аль эсвэл шивээс шиг харагддаг чокер зүүдэг байсныг бүгд сайн санаж байгаа байх.

Чокер зүүх цаг ирлээ (фото 1)

Тэгвэл орчин үед буюу 2015 оны хавар, зун цуглуулгад хамгийн түрүүнд Ralph Lauren, Balmain, Givenchy, Christian Dior, Lanvin гэх брэндүүд төмөрлөг чокерууд танилцуулж энэ трендийг буцаан авчирсан юм. Өнгөрсөн жилийн дулаан өдрүүдэд бүх л одууд, загвар өмсөгчид, олны танил бүсгүйчүүд төмөрлөг аксесуараар гангарч байсан. Гэтэл тун удалгүй хүйтний улирал ирмэгц төмөр чокерууд аажмаар моодноос гарч, нэхмэл хувилбарууд нь тодрох болсон. Харин одоо төмөр, нэхмэл аль, аль нь анхаарлын төвөөс холдож, жинхэнэ 1990-ээд оны хар өнгийн хамба хилэн, даавуун, савхин, унжлагатай, өнгө, өнгийн чокерууд ноёрхож эхэллээ.

Орчин цагийн "It" охид болох Жижи Хадид, Кендалл Женнер, Рианна ба Бехати Принслу энэ трендийг эрчимтэй дагаж байгаа нь чокерын нөлөөг улам ихэсгэж байна. Аль эсвэл эсрэгээрээ эдгээр охид чокер зүүгээд байгаа тул энэ тренд үүсээд байна уу? Юутай ч байсан аксесуаруудын тренд нэлээд богино настай байдаг тул хоцрогдохоос нь өмнө эртхэн зүүж эхлэхийг та бүхэндээ санал болгож байна.

Та хэдийнэ үүнийг сонирхоод эхэлсэн бол хар өнгийн хамба хилэн чокер хамгийн сонгодог хувилбар шүү. Өдөр тутмын энгийн хувцаслалтыг ч, оройн үдэшлэгийн урт хар даашинзыг ч тэр илүү гранж төрхтэй бас өвөрмөц харагдуулах болно. Цэнхэр, улаан, шар гэх зэрэг өнгө, өнгийн чокеруудыг зөвхөн өдөр тутамд, хувцаслалтынхаа өнгө дагуу зохицуулж зүүж болох юм. Түүнээс гадна унжлаган зүүлттэй чокер, савхин чокер, илгэн чокер, цацагтай чокер, даавуун чокер гээд маш өргөн сонголт бий. Тэгэхээр та өөрийнхөө уран сэтгэмжийг ашиглан хүссэн төрхөө бүрдүүлээрэй. Гэртээ гар доорх материал ашиглан өөрөө DIY төсөл ч хийж болно шүү. 

цааш үзэх