Хайх

Эрэгтэй загварын долоо хоног гэх ойлголт яагаад устаж байна вэ?

Эрэгтэй загварын долоо хоног гэх ойлголт яагаад устаж байна вэ?

Брэндүүд хэмнэлтэй бодлого баримталж эхэллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт дизайнер Энтони Ваккарелло Yves Saint Laurent ордон үйл ажиллагааны бодлогоо өөрчилж буйг мэдэгдсэн. Энэ жилээс эхлэн YSL эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгтгэж байгаа бөгөөд брэндийн анхны хамтарсан загварын шоу хоёрдугаар сарын 28-нд зохиогдох аж. Ваккарелло ийм хэмнэлттэй бодлого руу шилжиж байгаа цорын ганц дизайнер биш юм. Түүний өмнө маш олон дизайнерууд шинэ эрин үед шинэ стратеги боловсруулах хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Kenzo загварын ордон ч бас эрэгтэй ба эмэгтэй загваруудаас бүрдсэн нэгдсэн шоугаа саяхан Парисын загварын долоо хоногийн хүрээнд танилцуулсан юм. Энэ нь брэндийн хувьд хоёр дах удаагийн хамтарсан шоу болсон. Тэд шинэ бодлогын дагуу хийгдсэн анхны шоугаа 2016 оны зургаадугаар сард зохион байгуулсан билээ. Kenzo мөн гурав ба есдүгээр сард уламжлалт хуваарийн дагуу зохиогдох ёстой байсан шоунуудын оронд Memento гэх нэртэй цуврал маягийн тусгай төсөл бэлдэж буйгаа мэдэгдсэн байгаа.

Эрэгтэй загварын долоо хоног гэх ойлголт яагаад устаж байна вэ? (фото 1)

Шинэ арга барилыг мөн дизайнер Раф Симонс хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр хоёрдугаар сарын 10-нд Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд нэгдсэн цуглуулгаа танилцуулах болно. Дизайнерын энэ алхам загварын ертөнцийн "хүйсгүй" загварын шоуг дэмжихийн зэрэгцээ мөн Симонсын хувцасны салбар дахь хүйсийн ялгааг бүр мөсөн үгүй хийх чин хүслийнх нь илэрхийлэл болж байгаа юм. Ийм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болсон бусад брэндүүдийг дурдвал үүнд Paul Smith, Vivienne Westwood, Dsquared2, Bottega Veneta, Gucci зэрэг дэлхийн хамгийн том брэндүүдийн нэрс хөвөрнө. Тухайлбал дизайнер Пол Смит нэрийн брэнддээ бүр ч их өөрчлөлт оруулахаар шийдэж, салбар брэндийнхээ тоог долоогоос хоёр болгон багасгаж байгаа гэнэ.

Цаашилбал Vivienne Westwood-ийн алдарт MAN эрэгтэй цуглуулга Лондонгийн загварын долоо хоногийн хүрээнд эмэгтэй загваруудын хамтаар олонд дэлгэгдсэн байгаа. Олон жилийн турш зөвхөн Милан хотод загварын шоугаа зохиодог байсан дизайнер ийм үйлдэл хийснээр худалдан авагчдад цуглуулгыг өөр өнцгөөс харах боломж олгож байгаа аж. Түүнчлэн Dsquared2 Миланы загварын долоо хоног дээр "ах,эгч нарт" зориулсан хамтарсан цуглуулга танилцуулж, харин Bottega Veneta ба Gucci нар улирал бүр ганцхан шоу зохиож байхаар тогтжээ.

Эрэгтэй загварын долоо хоног гэх ойлголт яагаад устаж байна вэ? (фото 2)

Дээр дурдсан өөрчлөлтүүдээс гадна ихэнх брэндүүд мөн "see now, buy now" буюу загварыг тайзнаас буумагц дэлгүүр лүү аваачин, худалдаанд гаргах аргачлал руу шилжих боллоо. H&M ба Tommy Hilfiger компаниуд энэхүү аргыг туршиж үзэх зорилгоор эхний ээлжинд цөөн тооны загвараас бүрдсэн капсул цуглуулга гаргаж байгаа. Харин дизайнер Майкл Корс энэ талаар ярихдаа "Урьд өмнө нь бид худалдан авагчид тодорхой нэг хувцасыг ямар цуглуулгад багтсаныг төдийлөн анхаардаггүй гэж боддог байлаа. Тэд шинэ загварыг өмнөх улирлын хуучин загваруудтай ямар ч асуудалгүйгээр хослуулан өмсдөг байсан. Гэтэл орчин үед хэрэглэгчид загварын шоу бүрийг маш анхааралтай судалж, шинэ загварыг бусдаас түрүүнд олж авахыг хүсдэг болсон. Тухайлбал саяхан нэгэн бүсгүй загварын шоу зохиогдсоны маргааш өглөө нь Нью-Йорк хотод зорьж ирээд, бидний Мэдисон өргөн чөлөөн дэх дэлгүүрээс худалдан авалт хийсэн. Энэ бол хэрэглэгчдийн зүгээс ажиглагдаж байгаа цоо шинэ хандлага юм. Тиймээс бид энэ хэрэгцээг хангах үүрэгтэй" хэмээн хэлсэн байна. Үүнээс харахад дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын ордонууд хүртэл илүү хэмнэлттэй, хэрэглэгчдэд тустай бизнес стратеги руу аажмаар шилжлээ. Тэдний энэ алхам бол амьд үлдэхийн тулд өөрчлөгдөхөөс өөр аргагүй байдалд ордог тэр л зарчмын дагуу хийгдэж байна. 

 

 

цааш үзэх