Хайх

Мэргэжилтний зөвлөгөө: Орчин тойрондоо хэрхэн эерэг энергийг бий болгох вэ

Мэргэжилтний зөвлөгөө: Орчин тойрондоо хэрхэн эерэг энергийг бий болгох вэ

Анхилам ургамал, болор чулууг ашиглан эргэн тойрондоо эерэг энерги бий болгох нь

Text: Бюро 24/7


Style Rituals-ийн үүсгэн байгуулагч, стилист, энергийн зөвлөгч Коллин МакКэнн бол загварын салбарынхны хайртай зөвлөхүүдийн нэг юм. Тэрээр хувцаслалтын зөвлөгөө өгөхөөс гадна орчин тойрондоо хэрхэн эерэг энерги бий болгох, болор чулууг ашиглан сэтгэл санааг анагаах зөвлөгөөг өгдөг байгаа. Тэгвэл ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж буй энэ үед эргэн тойрон болоод өөрийгөө хэрхэн эерэг энергиэр тэтгэх тухай Коллин МакКэнний зөвлөгөөг хүргэж байна.

Арц, хүж, ганга зэрэг уугиулан энергиэ цэвэрлэх

Арц, хүж, ганга, пало санто буюу ариун мод, хатаасан розмарин, агар зандан мод зэрэг анхилам үнэртэй эмийн ургамлыг уугиулан гэр орон болоод өөрийн энергийг цэвэрлэх боломжтой. Ингэхдээ аюулгүй байдлыг сайтар тооцоолон цонхоо нээж, агаар салхи нэвтэрч байгаа үед уугиулах нь чухал болохыг Коллин МакКэнн онцоллоо. Түүнчлэн энерги цэвэрлэх уг зан үйлийг эхлэхийн өмнө уугиулж буй ургамалдаа талархал илэрхийлж, хүндэтгэлтэй хандан бага хэмжээгээр уугиулах хэрэгтэй болохыг тэрээр онцолсон юм.

Арц, хүж болоод өөр төрлийн ургамал уугиулан энерги цэвэрлэх зан үйл нь Эртний Египетчүүдээс уламжлагдан ирсэн ба сэтгэл санааг тайвшруулан, нян бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна нойргүйдлийг эмчилдэг ид шидтэй байна.

Болор чулуугаар орчин тойрноо чимэглэх

Crystal буюу байгалийн болор чулууг ашиглан бие болоод сэтгэлээ анагаах, тайвшруулах нь сүүлийн үед дэлгэрээд байгаа билээ. Amethyst буюу ягаан болор, Black Obsidian буюу галт уулын хар чулууг хаалганы ойролцоо байрлуулах нь муу энергиэс хамгаалдаг бол Smokey Quartz буюу утаат болор чулууг ажлын ширээн дээрээ тавьснаар биед хортой цахилгаан соронзон давтамжаас өөрийгөө хамгаалах боломжтой ажээ. Түүнчлэн Citrine буюу шар болор нь элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг бол давсан суурьтай Selenite хэмээх чулуу нь агаар цэвэршүүлдэг учир унтлагын өрөө, хувцас шүүгээ, цонхны тавцан дээр байрлуулах нь тохиромжтой хэмээн Коллин МакКэнн зөвлөлөө.

Dumortierite буюу цэнхэр болор: Тэсвэр тэвчээрийн бэлгэдэл
Snowflake Obsidian буюу цасан ширхгийн обсидиан: Сэтгэл санааг тайвшруулна
Phosphosiderite буюу фосфосидерит: Уушигны үйл ажиллагаанд нөлөөлнө
Rose Quartz буюу усан ягаан болор: Өөрийгөө болоод бусдыг хайрлах сэтгэлийг бий болгоно
Dalmatian Stone буюу цоохор чулуу: Сэтгэл санааг тайвшруулна
Carnelian буюу хүрэн манан: Бүтээлч байдал

Сэтгэл санаандаа тохируулан хувцаслах

Коллин МакКэнний зөвлөж буйгаар өмсөж буй хувцасны өнгө сэтгэл санаанд ихээхэн нөлөөлдөг ба зарим өдрүүдэд хэрэгцээ шаардлагадаа тохируулан хувцасны өнгөө сонгож байхыг онцолсон юм.

Улаан: Хүсэл зориг, шийдэмгий байдал
Улбар шар: Амжилт, бүтээлч байдал
Шар: Баяр баясгалан, аз жаргал
Ногоон: Тайвшрал, аюулгүй байдал
Цэнхэр: Тогтвортой байдал, итгэл үнэмшил
Нил ягаан: Мэргэн ухаан, хараат бус байдал

Хувцасны шүүгээгээ цэвэрлэх

"Хувцасны шүүгээгээ цэгцлэн, байгаа зүйлсдээ ажиглалт хийх нь өөрийн дотоод сэтгэлээ тольдож буй нэг хэлбэр юм. Тухайлбал дасгал хийхээр төлөвлөж буй үедээ бэлтгэлийн хувцсанд илүү анхаарал хандуулах бол чухал ажил хэрэг хийхээр зэхэж буй үедээ хослол, сорочка зэрэг загваруудад анхаарал хандуулах болно. Иймд шүүгээгээ цэгцлэн дотор хүнээ сонсон, түүнд бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй"

Өөрийгөө хайрлах зан үйл хийх

Өөрийгөө хайрлах зан үйлийг тогтмол хийж байхыг Коллин МакКэнн зөвлөсөн юм. "Ингэхдээ хоёр минут орчим зүрхэн хэсэгтээ гараа байрлуулан өөрийн сайн чанаруудын тухай бодон өөртөө 'Хайртай', 'Талархаж байна' хэмээн хэлнэ. Тун удалгүй таны сэтгэл санаа илүү өөдрөг болж, урам зоригоор дүүрэх болно.”

Сэтгэгдэл бичих

цааш үзэх