Хайх

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд

Text: О.Нандий


"Бидэнд Тэг Хог хаягдлыг төгс хийж чадах хэдхэн хүмүүс хэрэггүй. Бидэнд төгс бус хийж чадах сая сая хүмүүс хэрэгтэй" - Анн Мари Боннэү

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал болон хүн төрөлхтний хэрэглээнээс хамааралтай хог хаягдлаас үүссэн байгаль орчны тулгамдсан асуудлууд нь дэлхий дахиныг хөндсөн сэдэв болсоор удаан хугацаа өнгөрчээ. Жил ирэх тусам эдгээр асуудлууд хүндэрсээр дэлхий дахинд хувь хүнээс эхлэн албан байгууллага, төр засгууд хүртэл арга хэмжээ авч эхэлсэн билээ. Хүн төрөлхтөн бид энэ асуудалтай гарал үндэс, амьдарч буй орчин тойрноосоо үл хамааран нийтээрээ тэмцэх ёстой юм. Бид хэдий албан байгууллага, төр засаг, томоохон корпорацуудын өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй ч өдөр тутамд гаргаж буй сонголт болон үйлдлээрээ бага ч гэсэн өөрчлөлт оруулж чадах юм.

Тиймээс дор бүрнээ хогоо багасгахын тулд ахин дахин хэрэглэх боломжтой өдөр тутмын эко хэрэглээний эд зүйлс рүү шилжээрэй.

1. Усны сав

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 1)

Бид гадуур хооллож идэхдээ хэр их хог хаягдал гаргадаг гээч? Ганцхан удаа хэрэглээд хаях зүйлс хэрэглэхийн оронд хувийн хоол болон усны сав, халбага сэрээтэй болсноор өдөр тутамд гаргах хогоо багасгана. Нэг усны савыг өдөр тутам хэрэглэснээр та дунджаар 1460 ширхэг хуванцар ундааны сав хаягдахаас сэргийлнэ гэсэн үг. Тиймээс дараагийн удаа кофе уухдаа дахин хэрэглэх саваа авахаа мартуузай. Усны сав сонгохдоо зэвэрдэггүй ган болон шилэн сав сонговол сайн.

2. Хоолны сав

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 2)

Хэд хэдэн хоолны савтай болсноор та гэрийнхээ хөргөгчийг эмх цэгцтэй байлгахаас эхлүүлэн ажил эсвэл сургуульдаа гэрийн хоол бэлдэж идсэнээр мөнгөө хэмнэж, хог хаягдлаа ч багасгана. Хэрэв хоолоо халааж иддэг бол шилэн хоолны сав сонговол сайн. Харин хоол хадгалах үүднээс ашиглах бол төмөр эсвэл хуванцар сав байж болно.

3. Халбага сэрээ

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 3)

Хуванцар халбага сэрээг ганц удаа хэрэглээд хаяхын оронд дахин хэрэглэж болох ирж бүрдэл авахыг зөвлөе. Модон, хуванцар, төмөр гэх мэт маш олон төрлөөр зарагддаг авсаархан савалгаатай олон сонголт бий. Цүнхэнд тань том зай эзлэхгүй бөгөөд хог хаягдлаа багасгаж байгаагаа мэдэхэд идэж буй хоол бүрт амт нэмэх байх.

4. Задралд ордог шүдний сойз

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 4)

Жил бүр хоёр тэрбум хуванцар сойз далайд эсвэл хөрсөнд хаягддаг гэдгийг та мэдэх үү? Энэ тоог багасгая гэвэл биологийн задралд ордог сойз сонгоорой. Хулсны модоор хийсэн сойз нь байгальд ээлтэй, хуванцар сойзноос ялгаагүй шүд цэвэрлэдэг бөгөөд нэг сойз гурван сарын хэрэглээг даана.

5. Төмөр соруул

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 5)

Хуванцар соруул байгальд задрах гэж 200 жил болдог. Нэг ширхэг ундааг соруултай уухад та хоёр хог хаяж байна гэсэн үг. Түүний оронд төмөр соруул биедээ авч явснаар та 500-1000 жил задрах хог хаягдлаас татгалзаж байна гэсэн үг юм.

6. Модон иштэй чихний хөвөн

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 6)

Зах зээлд зарагддаг ихэнх чихний хөвөн нь хуванцар иштэй байдаг боловч модон иштэй байгальд ээлтэй хувилбар нь олширсон байгаа.

7. Хөвөн даавуун нүүр цэвэрлэгч

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 7)

Даавуун нүүр цэвэрлэгч хийх маш амар! Хүүхдийн хуучин өлгийгөөр 10-20 ширхэг нүүр арчигч хийхэд л түүнийгээ угааж цэвэрлэн дахин дахин ашиглах боломжтой юм.

8. Дахин хэрэглэх уут

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 8)

Хүнсний дэлгүүр орох бүр хэдэн ширхэг гялгар уут авдаг бэ? Ихэнх дэлгүүрүүд гялгар уутны хэрэглээг багасгахын тулд мөнгөөр зарах нь элбэг болсон хэдий ч илүү үр дүнтэй зүйл нь өөрийн гэсэн тортой болох явдал юм. Та бүх хүнсээ хийх том уутнаас гадна нарийн ногоо, жимсээ цуглуулах олон жижигхэн ууттай болсноор гялгар уутны хэрэглээгээ хэд дахин багасгана. Авсаархан, жижигхэн, хөнгөхөн болохоор эвхээд машиндаа эсвэл цүнхэндээ авч явж болно.

9. Силикон эсвэл даавуун ариун цэврийн хэрэглэл

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 9)

Бидний хэрэглэж хэвшсэн ариун цэврийн хэрэглэл нь 500-800 жилийн дараа задралд ордог байна. 10-20 жилийн өмнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл сонголт маш багатай байсан бол орчин цагт төрөл бүрийн шинэлэг, байгальд ээлтэй хувилбарууд дэлгэрээд байгаа. Цаасан гадаргуутай тампоноос эхлээд дахин хэрэглэж болох хөвөн даавуун эмэгтэйчүүдийн хэрэглэл болон биед хор нөлөөгүй силикон аяга хүртэл зах зээлд байна.

10. Нусны алчуур

Эко цуврал: Яг одоо хэрэглэж эхлэх эко бүтээгдэхүүнүүд (фото 10)

Бага байхад бид нусны алчуур хэрэглэж хэвшсэн байсан ч өнөөдөр хэрэглэсэн хэвээр байгаа хүмүүс ховор байх. Нэг удаа хэрэглээд хаях амны цаас  хэдий амар ч гэлээ мөн л адил хог хаягдал болно. Гэвч даавуун амны алчуур нь угаах хувцастайгаа хамт хийж угаагаад дахин дахин хэрэглэгдэх боломжтойгоос гадна хувийн хөөрхөн чимэглэл аксесуар байж болно шүү дээ!

Эдгээр зүйлсийг өдөр тутмын хэрэглээ болгосноор та мөнгө хэмнэхээс гадна газарт булагдах хуванцар хог хаягдлын хэмжээг болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй химийн бодис тархалтыг багасгахад, мөн ан амьтны орших орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах юм.

цааш үзэх