Хайх

Instagram платформ бьюти филтерүүдийг устгаж эхэллээ: Яагаад?

Instagram платформ бьюти филтерүүдийг устгаж эхэллээ: Яагаад?

Text: Э.Цовоо


Өөгүй төгс арьс, булцгар уруул, хэвийн хэмжээнээс хэт том нүд, шугамдсан мэт тэгшхэн хамар гэхчлэн  бодит амьдрал дээр байх боломжгүй мэт төгс царайны онцлогуудыг бид Instagram-ын бьюти филтер ашиглаад хэдхэн хормын дотор олж авах боломжтой. Сүүлийн үеийн дэвшилтэд технологи хөгжихийн хэрээр хүмүүс хуруугаа хэдхэн хөдөлгөөд л өөрийгөө илүү туранхай, илүү хөөрхөн төрхтэй болгон хувиргаж, өөрөөсөө тэс ондоо нэгнийг хялбархан бүтээх болсон. Гэвч энэ нь эргээд бидний сэтгэл санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бага, багаар мөхөөж байгаа нь харамсалтай. 

Үүнтэй холбоотойгоор Meta буюу Facebook, Instagram, WhatsApp тэргүүтэй олон платформыг эзэмшдэг технологийн компани Instagram дахь бьюти филтерүүдийг нэгдүгээр сарын 14-нөөс устгаж эхэлжээ. Тухайлбал 2017 оноос эхлэн Instagram хэрэглэгчид Meta Spark Studio-гоор дамжуулан өөрийн хүссэн хэв маягтай филтерүүдийг бүтээж, бусад хэрэглэгчид стори хийхдээ тус филтерийг нь ашиглах боломжтой болсон. Тэгвэл энэ сараас эхлэн тус функц бүр мөсөн ашиглалтаас гарахаар болсон бөгөөд Meta-гийн зүгээс хоёр сая гаруй хэрэглэгчдийн бүтээсэн филтерүүдийг устгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь ихэнх бьюти филтерүүд нь бодит байдлаас хэт гажсан, хуурмаг үзэмжийг дэмжсэн, нийгэмд "төгс төрх" гэсэн хэвшмэл ойлголтыг үүсгэхэд нөлөөлж, улмаар энэ нь хүний өөртөө итгэх итгэлийг бууруулж, сэтгэл гутрал, түгшүүр мэдрэх айдсыг нэмэгдүүлдэг хэмээн тодорхойлжээ. 

Instagram платформ бьюти филтерүүдийг устгаж эхэллээ: Яагаад? (фото 1)

The Conversation вэбсайтын хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн бүтээсэн дийлэнх филтерүүдийн 87% нь хамрыг байгаа хэмжээнээс нь жижигхэн харагдуулж, 90% нь уруулыг том болгож байв. Үүнээс харахад бьюти филтерүүдийг устгаж буй нь зөвхөн тус платформын хэрэгжүүлж буй нэг бодлого бус нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудлыг хамарсан томоохон үйл явц болж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх