Хайх

Кинонд л гармаар түүхтэй цомог: Fleetwood Mac хамтлагийн  “Цуурхал”

Кинонд л гармаар түүхтэй цомог: Fleetwood Mac хамтлагийн “Цуурхал”

Text: Х.Батсүх


Сайн байцгаана уу?

Яг жилийн дараа шинэ нийтлэлээр эргэн уулзаж байгаадаа тун баяртай байна. Гэхдээ энэ удаа киноны тухай биш харин хөгжмийн тухай нийтлэл бичихээр шийдлээ. Уг нь энэ нийтлэлийг зургаадугаар сард бичиж эхэлсэн ч Монголын минь налгар зунаас шалтгаалан нэлээд дуншлаа. Харин азаар ч гэх юм уу TikTok-ийн хэрэглэгч DoggFace208-ийн оруулсан бичлэг тренд болсноор бичиж эхлүүлсэн нийтлэлийг минь улам ч амттай болгосон байгаа.

Юуны түрүүнд өнөөдрийн нийтлэлийн баатар Fleetwood Mac хамтлагийн тухай товчхон танилцуулая. Тус хамтлаг нь 1967 онд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд эхний он жилүүдэд блюз, рок чиглэлийн дуунууд хийж байв. Тухайн үедээ өөр нэртэй байж байгаад хамтлагийн ахлагч Мик Флийтвүүд болон Жон Макви нарын нэрээр хамтлагаа Флийтвүүд Мак гэж нэрлэжээ. Хамтлаг анх таван хүний бүрэлдэхүүнтэй байсан хэдий ч анхны гоцлол гитарчин Питер Грийн мансууруулах бодисын асуудлаар хамтлагийг орхиж түүнийг орлуулахаар авчирсан Боб Велш нь шашны гаж урсгалд элссэнээр 1974 онд хамтлаг гоцлол гитарчингүй үлдсэн байна. Улмаар хамтлагийн гоцлол гитарчныг хайх ажил эхэлж, Лос Анжелес хотын фолк дуо Линдси Бакинхам болон Стиви Никс нартай тэд удалгүй танилцжээ. Линдси Бакинхамын гитар тоглох чадварыг үнэлж хамтлагт гитарчнаар орох санал тавихад эргүүлээд тэрээр Стиви Никстэй хамт орох шаардлагыг тавьснаар ийнхүү хамтлагийн хамгийн удаан тоглосон, хамгийн амжилттай бүрэлдэхүүн бүрдсэн юм.

Fleetwood Mac - "Rumours" буюу "Цуурхал" цомог, 1977

Кинонд л гармаар түүхтэй цомог: Fleetwood Mac хамтлагийн  “Цуурхал” (фото 1)

Флийтвүүд Макын 1977 онд гаргасан "Rumours" бол бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг, хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэг юм. Уг цомог нь нийт 40 гаруй сая хувь борлогдсон ба энэ амжилттай дүйцэхүйц цомог одоогоор дэлхийн хөгжмийн түүхэнд ердөө долоохон байдаг юм.

За цомогтой холбоотой гол түүхэндээ ороё. Дээр дурдсан шинэ бүрэлдэхүүнээр 1975 онд гаргасан "Fleetwood Mac" (The White Album хамтлагийн фенүүд уг цомгийг ингэж нэрлэдэг) цомог нь Америкт борлуулалтаараа тэргүүлэн өндөр амжилт үзүүлсэн бөгөөд цомгоо сурталчлах үүднээс найман сарын турш аялан тоглолт хийжээ. Аялан тоглолт дууссаны дараа хамтлаг дараагийн цомгийн ажилдаа шууд орсон байна. Мэдээж хэрэг өмнөх цомгийн өндөр амжилтаас шалтгаалан нэлээд өндөр хүлээлт үүсээд байв. Харин энэ үед хамтлагийн гишүүдийн хувийн амьдралд томоохон үйл явдлууд гарч эхэлсэн байдаг. Тухайлбал Fleetwood Mac-ийн анхны гишүүд төдийгүй гэр бүл болох Кристин Макви, Жон Макви нар 10 жилийн амьдралаа төгсгөж гэрлэлтээ цуцлуулахаар болов. Мөн энэ үеэр хамтлагт сүүлд нэгдсэн гоцлол гитарчин Линдси Бакинхам, гоцлол дуучин Стиви Никс нар найман жилийн харилцаандаа цэг тавьсан бол хамтлагийн ахлагч Флийтвүүд өөрийн эхнэр, хоёр хүүхдийнхээ ээжийг өөрийн хамгийн сайн найзтай нь араар тавьж байгааг мэдсэн байна.

Хамтлагийн гишүүдийн хувийн амьдралын асуудлыг хэвлэлүүд нэлээд давслан бичиж байсантай холбогдуулан хамтлагийн хуучин бүрэлдэхүүн эргэн нэгдэх "шум" ч маш хүчтэй тархаад байв. Ямартаа ч үндсэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн "Rumours" цомгийн бичлэгийн ажил 1976 онд Record Plant студид товлогдсон хугацаанаас бага зэрэг хоцрон эхэлжээ. Цомгийн бичлэгийг хамтлагийн гишүүд гэр гэрээсээ хийх сонирхолтой байсан ч ахлагч Флийтвүүд уг саналыг дэмжээгүй байна. Ингээд Кристин Макви, Стиви Никс нар хотын эрэг дагуу байр түрээсэлж, харин хамтлагийн эрчүүд бичлэгийн студийн толгод дээр байрлах лоджид төвхнөцгөөсөн байна. Тухайн үед ид хүчээ авч байсан хиппи соёл цомгийн бичлэгийг нэлээд хойш нь татсан юм. Хамтлагийн гишүүд бичлэгийн студид ойролцоогоор оройны 19:00 цагийн үед цуглацгааж, шөнийн 1,2 цаг хүртэл наргиж ямар ч тэнхэлгүй болох үедээ л бичлэгийн ажлыг хийж байжээ. Хожим нь Флийтвүүд "Манай залуус хамгийн муу үедээ хамгийн сайнаараа тоглож чаддаг" гэсэн байдаг. Цомгийг поп хэв маягтай хийхээр төлөвлөн цомгийн дуу зохиох болон дуугаралтын гол ажлуудыг Линдси Бакинхам болон Кристин Макви нар хариуцан ажиллажээ. Өмнөх цомгуудын гол найруулгуудыг хамтлагийн цорын ганц мэргэжлийн хөгжимчин Флийтвүүд удирдаж байсан бөгөөд дуугаралтаа санаснаас илүү өөрчлөх шаардлагатай байсан тул ийм шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийдөө цомгийн зардлыг урьдчилан төсөвлөөгүй тул нэлээд үрэлгэн гэж болохуйц бичлэгийн ажил болжээ. Хэдийгээр хоорондын асуудлууд нь шийдэгдээгүй хурц байсан ч Линдси, Стивигийн зохиосон дуунууд дээр ажиллан илүү сайжруулж, хамтдаа нэлээд олон дууг хамт дуулсан юм. Стиви дуунуудаа зохиохдоо дууны үгэнд илүү ач холбогдол өгч байсан нь дуунуудын аялгууг хөнгөн абстракт болгох боломжийг бүрдүүлжээ. Цомгийн бичлэгийн инженер энэ цомгийн бичлэгийн ажил дээр ажиглагдсан хамгийн чухал зүйл бол бүх мэдрэмж, бүх хэлэмж жинхэнэ байсан ба энэ мэдрэмжийг хэн нэгэн дундын этгээд зуучлаагүй гэсэн нь магадгүй энэ цомгийг тодорхойлж болох хамгийн чухал өгүүлбэр байж болох юм.

1. Цомгийн эхний хэсэгт багтсан Линдси Бакинхамын зохиосон "Second Hand News"

"Би мэднэ ээ, надад хэлэх юм юу ч алга даа"

Хэн нэгэн миний байрыг эзэлсэн гэж эхлэх дуу уг цомгийг тэр чигээр нь илэрхийлнэ. Энэ дууг Линдси, Стивигээс салсны дараа өөр бүсгүйтэй болзож эхэлснээсээ сэдэвлэн зохиосон байдаг. Уг дуу нь төдийлөн амжилт үзүүлээгүй ч олон хөгжим шүүмжлэгч тус хамтлагийн хамгийн дутуу үнэлэгдсэн хэдий ч сайн дууны нэг гэж үздэг юм.

2. Цомгийн төдийгүй Fleetwood Mac-ийн хамгийн хит дуунуудын нэг "Dreams"

Энэ дууг Стиви Никс "Rumours" цомгийн бичлэгийн үеэр студийн амралтын хэсэгт ердөө 10 минутын дотор бичсэн гэдэг. Дууг хамтлагийнханд анх сонсгоход төдийлөн сонирхоогүй ч Стиви уг дууг ядаж бичээд үзэхийг бусад гишүүдэд ятгаж чаджээ. Линдси Бакинхам дууны анхны драфтын аккордуудыг өөрчлөн илүү аялгуулаг болгосон төдийгүй дууг эхнээс нь төгсгөл хүртлээ нэг хэлэмжтэй болгож чадсан юм. Энэ дуу орчин цагийн поп, рок поп хөгжмийн чухал дуунуудын нэг бөгөөд амархан цээжлэгддэг аялгуу, хэмжээ нь одоо болтол хуучраагүй байгаа нь гайхалтай. Дээр дурдсан TikTok-ийн бичлэг энэ дууг дахин хит болгон Биллбордын жагсаалтад эргэн багтаасан байгаа. Одоо "Dreams" энэ жагсаалтын 12-р байранд бичигдэж байна.

3. Линдси Бакинхамийн бас нэгэн салалтын дуу "Never Going Back Again"

Тэрээр Стивигээс салсны дараа өөр бүсгүйтэй болзох үедээ энэ дууг зохиожээ. Өөрөө энэ дууг "гэгээлэг, гэнэн юмсын тухай бяцхан ойлголт гэж тодорхойлсон" байдаг. Дууг акустик гитар дээр трэйвисийн таталтын техникийг ашиглаж тоглосон бөгөөд бичлэгийн үед 20 минут тутамд гитарын утсыг шинээр сольж байсан байна. Spin, Rolling Stone зэрэг нөлөө бүхий хөгжмийн сэтгүүлүүд уг бүтээлийг цомгийн гол дуунуудын нэгээр нэрлэдэг.

4. Кристин Макви өөрийн салсан нөхөр, хамтлагийн гишүүн Жон Маквид зориулсан "Don't Stop"

"Маргаашийн тухай бодохоо битгий зогсоо
Битгий зогсоо, удахгүй маргааш болно
Өмнөхөөсөө ч илүү сайхан болох болно
Өчигдөр хэдийнэ өнгөрсөн, өчигдөр хэдийнэ өнгөрсөн"

Энэхүү дуу Биллбордын жагсаалтын гуравдугаар байр хүртэл өгсөн жагссан. Сүүлд Кристин "Don't Stop бол зүгээр л мэдрэмж. Би гутранги үзэлтэй хүн биш ч энэ дуу тэр чигээрээ Жоны тухай юм" гэжээ. Сонирхуулахад тус дуу АНУ-ы ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Билл Клинтоны сурталчилгааны гол дуу болсон түүхтэй. Тодруулбал 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд АНУ нэр дэвшигчээ зарлахдаа энэ дууг ашиглаж байсан юм. Түүнчлэн 2000 онд АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлах ажиллагаанд Билл Клинтон оролцож үг хэлэхдээ төгсгөлд нь "Хүмүүсийг нэгт тавь, маргаашийн тухай үргэлж бодохоо битгий зогсоо" гэж дууны үгнээс иш татан илтгэлээ төгсгөсөн бөгөөд түүний илтгэлийн араас уг дуу зааланд чангаар эгшиглэж байжээ. Үүнээс хойш АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны оролцож буй Ардчилсан намын арга хэмжээнүүдийн үеэр түүнийг индэрт гарч ирэхийн өмнө байнга энэ дууг тавьдаг уламжлал тогтсон байдаг. "Don't Stop" нь АНУ-д сайн цагийн тухай мессежтэй шууд уялддаг бөгөөд ерөнхийлөгч Барак Обама хүртэл өөрийн анхны сонгуульдаа ашиглаж байсан юм.

5. Линдси Бакинхамын өөрөө зохиож, дуулсан "Go On Your Own Way"

Чамайг хайрлах нь зөв зүйл биш
Би өөрийн мэдэрч буй энэ мэдрэмжээ хэрхэн зогсоох юм бэ?

Дээрх мөрүүдээр энэ дуу эхлэх бөгөөд энэ бүтээл нь түүний 16-тайдаа танилцаж, найман жил хамт амьдарсан Стиви Никсд зориулсан мөрнүүд байлаа. Уг дуунд "Чи хувцсаа баглаад, хүссэн эртэйгээ байхыг хүссэн" гэх агуулгатай мөрийг Стиви хасахыг шаардсан ч дууны зохиогч уг мөрөө солилгүй тэр чигээр нь үлдээжээ. "Энэ дууг дуулах болгонд тайзан дээр би түүнийг алчихмаар санагддаг байсан" гэж сүүлд Стиви дурссан байдаг. Уг дуу Биллбодрын жагсаалтын 10-т жагсан, 11 долоо хоногийн турш топ 40-д багтаж асар их амжилтыг үзүүлсэн. Мөн цомгийн анхны сингл юм. Rolling Stone сэтгүүл уг дууг бүх цаг үеийн шилдэг рок дууны жагсаалтын 120-д шалгаруулсан төдийгүй хамтлагийн түүхэн дэх хамгийн шилдэг дуугаар нэрлэсэн юм.

6. Кристин Маквигийн цомогт зориулан бичсэн дөрвөн дууны нэг "Songbird"

Чамд л зориулж, дахин хэзээ ч уйлахгүй
Чамд л зориулж, нар мандах болно
Чамтай байхдаа л ингэж мэдэрнэ
Зүгээр дээ, зүгээр болно гэдгийг би мэдэж байна
Чамд, би бүх ертөнцийг өгмөөр
Чамд, би дахин даарахгүй
Учир нь чамтай байхдаа л би ингэж мэдэрнэ
Зүгээр дээ, зүгээр болно гэдийг би мэдэж байна

Энэхүү дууг Кристин ердөө цаг гаруйхны хугацаанд зохиосон гэдэг. Шөнө дунд байсан учраас дууг бичих боломж байгаагүй бөгөөд аккордууд болон үгээ мартахгүйн тулд шөнөжин сэрүүн байсан байна. Цомгийн продюсеруудад ч дуу маш их таалагдсан тул цомогт оруулахаар шийджээ. Мөн бусад дуунуудаас бичлэгийн ажлыг илүү концертын уур амьсгалтай бичихээр шийдэж дууны бичлэгийг тоглолтын зааланд хийсэн байна. Уур амьсгалыг уран бүтээлчид мэдрүүлэхээр төгөлдөр хуур дээр баглаа цэцэг тавьж, Кристин Маквиг бичлэгийн зааланд орж ирмэгц заалны гэрлийг аажуухан унтраан шууд төгөлдөр хуур, цэцэг рүү чиглүүлсэн байна. Ингээд тусгайлан бэлдсэн гурван гэрлийг асаан танхимд цэцэг болон төгөлдөр хуур л харагдахуйц орчныг бүрдүүлжээ. Уг дуу цомгийн эхний хагасыг төгс хааж чадаж байсан юм. "Songbird" нь уран бүтээлчийн хамгийн дуртай дуунуудын нэг ба тэрээр өөрийн оролцсон тоглолт болгон дээр энэ дууг байнга дуулдаг.

7. Цомгийн хоёрдугаар хэсгийн эхний дуу "The Chain"

Хэрвээ чи намайг л одоо хайрлахгүй бол
Хэзээ ч чи намайг дахин хайрлахгүй
Би одоо ч чиний хэлэхийг сонссоор байна
Чи хэзээ ч гинжийг тасалж чадахгүй

Энэхүү цомогт хамтлагийн гишүүдийн бүгд хамтран зохиосон цорын ганц дуу бол "The Chain" юм. Анхны шүлгийн драфтыг Стиви нэлээд бараан, гутрангуй сэдэвтэйгээр зохиож дараа нь дууны үгийг илүү хялбарчлан дахин бичжээ. Дууны эхлэл хэсэгт Линдси болон Стивигийн хамтран 1973 онд гаргасан "Buckingham Nicks" цомгийн "Lola (My love)" дууны эхлэл болох гитарын найруулгыг ашигласан бол өрнөл хэсгийн аргил гитарын гоцлол, холболтыг Fleetwood Mac-ийн "Keep Me There" дууны тоглолтын хэсгээс ашигласан байна. Дуу хамтлагийн гишүүн бүрийн өөр, өөр цаг үед бүтээж байсан уран бүтээл болон санаануудыг нэгтгэж мөн тухайн цаг үед хамтлагийн гишүүдийн хоорондын харилцааны асуудлуудыг шууд тусгаж чадсан уран бүтээл болсон юм. Энэхүү дуу тухайн үедээ хөгжмийн жагсаалтуудад өндөр амжилт үзүүлээгүй ч хамтлагийн гол дуунуудын нэгээр нэрлэгддэг. "The Chain"-ыг шинэ үеийн сонсогчид "The Guardians of the Galaxy" киноны хоёрдугаар ангийн саундтрек гэдгээр нь сайн мэддэг.

8. Кристин Маквигийн араар тавилтын түүх "You Make Loving Fun"

"You Make Loving Fun" бол "Rumours" цомгийн дөрөв дэх бас сүүлийн сингл юм. Энэхүү дуу Биллбордын жагсаалтын есдүгээр байр хүртэл жагсан топ 10-т багтаж чадсан хамтлагийн дөрөв дэх дуу юм. Кристин Макви энэ дууг хамтлагийн гэрэлтүүлэгч Карри Гранттай үүсгэсэн гэр бүлээс гадуурх харилцаанаасаа сэдэвлэн зохиосон байна. Өөрийн хуучин нөхөр Жонтой маргаан үүсгэхээс зайлсхийж энэ дууг өөрсдийн нохойд зориулан бичсэн гэж тухайн үедээ тайлбарлаж байжээ. Бичлэгийн явцад Линдси төдийлөн оролцоогүй бөгөөд энэ нь Кристинд дууг өөрийнхөөрөө найруулах боломжийг олгосон байна.

9. Цомгийн бичлэгээс өмнө зохиогдсон цорын ганц дуу "I Don't Want to Know"

"Rumours" цомогт Стиви Никсийн бие даасан хоёр дуу орсны нэг нь "I Don't Want to Know" юм. Анхны төлөвлөгөөнд түүний цомогт зориулан зохиосон "Silver Springs" дуу орохоор төлөвлөгдөж байсан ч агуулга нь цомгийн ерөнхий төрхтэй зохицохгүй байсан тул Стиви Никс, Линдси Бакинхамын хамтдаа тоглодог байсан "I Don't Want to Know" дууг оруулахаар шийджээ. Стиви уг санааг анхандаа дэмжээгүй ч өөрийн зохиосон дууг сольж байгаа бол хамгийн төгс сонголт нь энэ дуу болж чадна гэж хүлээн зөвшөөрснөөс энэхүү дууг цомогт оруулсан байна. Уг дууны дуулалт болон гитарын тоглолт хөгжим шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд Стиви болон Линдси нарыг дуулалтыг The Everly Brothers хамтлагтай жишжээ.

10. Мик Флийтвүүдэд зориулан зохиосон "Oh Daddy"

Кристин Маквигийн зохиосон энэ дууны олон янзын цуу яриа гарч байжээ. Гэхдээ тэрбээр эдгээр цуурхлуудыг үгүйсгэсэн бөгөөд дууг хамтлагийн ахлагч Мик Флийтвүүдэд зориулан бичсэн юм байна. Тухайн үед хамтлагийн гишүүдээс хүүхэдтэй цорын ганц гишүүн нь Мик Флийтвүүд байсан юм.

11. Цомгийн хаалтын дуу "Gold Dust Woman"

Стиви Никсийн зохион өөрөө дуулсан "Gold Dust Woman" нь хүнд сэдэвтэй дуу юм. Алтан тоос гэсэн нь мансууруулах бодисыг илэрхийлж байгаа бөгөөд Стиви Никс уг дууг "Энэ дуу бол таарамжгүй харилцаагаа даван туулахын тулд мансууруулах бодис хэрэглэн өдөр хоногийг даван туулж буй бүсгүй хүний тухай дуу" гэж тодорхойлжээ. Дууг сүүлд Hole хамтлаг дахин дуулсан нь ихэд амжилтанд хүрсэн төдийгүй бидний сайн мэдэх "The Crow" цувралын дуугаар сонгогдож байжээ.

Бүтэлгүй хайр, салалтын түүх дан ганц хөгжим гэлтгүй бүхий л урлагийн төрлүүдийн гол сэдэв байсаар ирсэн. Гэхдээ "Rumours" цомгийн хэмжээний жинхэнэ түүхийг өгүүлэх бүтэн цомог тун цөөхөн юм. Хамтлагийн уран бүтээлчид бүгд дуу зохиож бас дуулдаг байсан нь өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг шууд сонсогчдод хүргэх гайхамшигтай боломжийг бий болгосон нь магадгүй энэ цомгийн гайхам амжилттай холбоотой болов уу. Хожим Стиви Никс дурсахдаа "Цомгийн ажил өндөрлөхөд яагаад ч юм бүх юм дуусчихсан юм шиг санагдсан энэ цомгийн дараа бид дахин хамтлагаараа тоглож чадахаа бас хувийн амьдралын асуудлуудаа цэгцэлж чадахаа ойлгосон" гэжээ. "Rumours" цомог нь Fleetwood Mac хамтлагийн хамгийн шилдэг цомог төдийгүй 1970-аад оны, мөн дэлхийн хамгийн шилдэг цомгийн нэгээр нэрлэгддэг билээ. Үүгээр ч барахгүй 1978 оны Гремми шагнал гардуулах ёслолын "Оны Шилдэг цомог"-оор нэрлэгдсэн бөгөөд 2003 онд Греммигийн Алдар хүндийн тэнхимд багтаж, 2018 онд уг цомгийг соёл, түүх болон уран бүтээлийн хосгүй бүтээл ангилалд хамруулан, АНУ Конгрессын номын сангийн Үндэсний бичлэгийн санд хадгалагдах уран бүтээлд багтаасан байна.

Кинонд л гармаар түүхтэй цомог: Fleetwood Mac хамтлагийн  “Цуурхал” (фото 2)

Хамтлагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахад 2018 онд хамтлагийн гоцлол гитарчин Линдси Бакинхам дуулиан шуугиантайгаар хамтлагаасаа халагдсан байдаг. Түүнийг орлуулахаар Шинэ Зеландын Crowded House хамтлагийн дуучин Нил Фин, Tom Petty & The Heartbreakers хамтлагийн гитарчин Майк Кемпбелл нарыг эгнээндээ нэгтгэн тоглолтуудаа хийж байна.

Queen хамтлагийн "Bohemian Rhapsody", дуучин Элтон Жоны "Rocketman" кинонууд амжилттай болсны дараа "Rumours" цомгийн түүхээр сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийх ажлыг эхлүүлсэн байгаа. Одоогоор киноны зохиолын эхний хувилбар бичигдээд байгаа юм. Мөн хамтлагийн дуучин Стиви Никсийн зохиосон Fleetwood Mac хамтлагийн шилдэг дуунуудын нэг "Rhionnan"-аас сэдэвлэсэн олон ангит киноны ажил давхар эхлээд байгаа бөгөөд уг төслийн гол дүрийн жүжигчнээр дуучин Харри Стайлс сонгогдоод байгаа юм байна.

цааш үзэх