Хайх

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Гоо сайхны салбарт ямар төрлийн утаснууд ашиглагддаг ба утсаар нүүр татах гэдэг нь юуг хэлдэг вэ?

Text: Бюро 24/7


Нүүрний арьсыг утсаар татах буюу "thread lift" гэж юу вэ?

Утсаар нүүр татах гэдэг нь унжсан арьсыг татаж, чангалах зорилготой, косметик болоод мэс заслын хоорондох шилжилтийн үеийн процедур юм. Өөрөөр хэлбэл энэ аргачлалыг арьс нь унжиж эхэлсэн ч, зүсэлт хийх шаардлагагүй хүмүүс сонгох боломжтой. "Утсан лифтинг бол хагас цагаас цагийн хугацаанд хийгддэг, нэн даруй үр дүнгээ үзүүлдэг, арьсыг багахан хэмжээгээр гэмтээдэг процедур юм. Утсан лифтингийн ачаар хүзүүнийхээ арьсыг татаж, давхар эрүүнээс ангижирч, нүүрнийхээ хэлбэр ба шанааны ясаа тодотгож, хөмсгөө өргөх боломжтой" хэмээн гоо сайхны мэс засалч Александр Иманилов ярилаа.

"Түүнчлэн гоо сайхны утсыг нүүрний арьсыг чанга болгох, коллаген ба эластины үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг. Энэ процедурыг хийлгэх үед неоколлагенез буюу коллагены үйлдвэрлэлтийн процесс эрчимтэй явагдаж, арьсан доорх утаснууд коллаген ба эластинаар бүрхэгдэж эхэлдэг" гэж Swiss Beauty clinic-ийн ахлах эмч Людмила Суворина нэмж хэллээ.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Гоо сайхны утсыг биеийнхээ арьсанд ашиглаж болох уу?

"Саяхнаас цээж ба өгзөгний арьсыг утсаар татаж эхэлсэн байгаа. Гэхдээ ийм төрлийн процедурт илүү зузаан утас ашиглагддаг юм. Мөн гэдэс, ташаа ба гарын арьсан дээрх үрчлээсийг тэнийлгэх зорилготой тусгай утас гэж бий" хэмээн Александр Иманилов ярьж байна.

Гоо сайхны утаснууд юугаар хийгддэг вэ?

Гоо сайхны утаснууд шингэдэг ба шингэдэггүй гэх хоёр төрөлд хуваагддаг бөгөөд үүрэг даалгаврын хувьд мөн ялгаатай байдаг. "Арьсыг чанга болгох зорилготой утаснууд гэж бий. Тэдгээр утаснууд нь дотроо мезо утас, шугаман шулуун утас, спираль ба давхар спираль утас гэх төрлүүдтэй ба өргөн, урт, зузаанаараа ялгардаг. Мөн арьсны эд эсийг нэг цэгээс нөгөө рүү өргөж, байршлыг нь бага зэрэг өөрчлөх үүрэгтэй утаснууд байдаг. Ийм төрлийн утаснуудыг хөндий зүүн дээр байрлах 3D ба 4D утаснууд гэж нэрлэдэг бөгөөд бүтцийн хувьд илүү зузаан. Манай эмнэлгийн хувьд полидиоксаноноор хийгдсэн гоо сайхны утас ашигладаг байгаа. Энэ утас нь арьсыг чангаруулахдаа их сайн төдийгүй 6-8 сарын дараа арьсанд уусан шингэдэг. Полидиоксаноныг сүүлийн хэдэн арван жилийн турш микро мэс заслын салбарт оёдлын материал болгон ашиглаж байгаа. Энэ нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй, хоргүй материал юм" гэж Aging Control клиникийн арьсны эмч Наталья Романова ярилаа.

"Өмнө нь арьсанд шингэдэггүй гоо сайхны утаснууд үр дүнгээ илүү удаан барьдаг гэж үздэг байсан. Ойролцоогоор 8 жилийн өмнө шингэдэггүй утаснууд үр дүнгээ 3 жил барьж, харин шингэдэг нь 2 жил болдог байлаа. Харин орчин үеийн шингэдэг утаснууд аажмаар арьсны байгалийн эд эсүүд болох коллаген ба эластинаар нөхөгддөг болсон тул үр дүнгээ илүү удаан барих чадвартай байгаа. Эдгээр утаснууд процедур хийлгэсний 14-17 сарын дараа арьсанд уусан шингэдэг хэдий ч утаснуудыг нөхөхөөр бий болсон коллаген ба эластинууд дахиад ойролцоогоор 14-17 сар арьсны чанга байдлыг хадгалж үлддэг. Тиймээс утас татуулах дараагийн процедураа 2,5-3 жилийн дараа хийлгэхэд хангалттай байдаг" гэж Александр Иманилов тайлбарлаж байна.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Харшилтай хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ?

Ихэнх утаснууд харшил өдөөгчгүй байдаг ч, шингэдэггүй утаснууд ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх боломжтойг үгүйсгэхийн аргагүй. "Ерөнхийдөө шингэдэг утас татуулах нь хамгийн зөв сонголт болно. Учир нь шингэдэггүй утас сонговол та насан туршдаа бие организмдоо гадны биет байлгана гэсэн үг. Түүнчлэн тухайн хүн 3-5 удаа шингэдэггүй утас татуулсны дараа нүүрээ сонгодог байдлаар мэс аргаар татуулахыг хүсвэл тэр үед арьсанд нь хэтэрхий их гадны биет цугларсан байх болно. Үүнээс үүдээд мэс заслын эмчид хүссэн зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байх юм" гэж Александр Иманилов зөвлөлөө.

Утас татуулах процедур хэрхэн хийгддэг вэ?

Эмч нүүрэн дээр шаардлагатай тэмдэглэгээ хийж, утас татагдах газруудад зураас зурна. Үүний дараа нүүрэнд мэдээ алдуулагч тарина. "Утсыг маш урт, тусгай зүүний тусламжтай арьсан доогуур татаж, байршуулдаг. Утасны нэг төгсгөл арьсны унжсан, асуудалтай хэсэгт бэхлэгдэж, арьсыг дээш татна. Харин нөгөө төгсгөл нь тулгуур цэг дээр бэхлэгдэнэ. Утас арьсан доор байрших хугацаандаа арьсыг чанга хэвээр нь барих хиймэл карказын үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно" хэмээн арьс ба гоо сайхны эмч Юлия Шербатова тайлбарлалаа.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Ямар арьсанд илүү тохиромжтой вэ?

Ерөнхийдөө гоо сайханд хүний нас биш харин арьсных нь нөхцөл байдлаас хамааран аливаа нэг процедурыг зөвлөдөг. Зөвхөн мэргэжлийн эмч л танд тухайн процедур тохирох эсэхийг хэлж өгч чадна. Утас татуулах процедур нь 30-35 насны хүмүүст хамгаас тохиромжтой гэж тооцогддог. Учир нь 30 насны үед арьсан дахь коллаген ба эластины мяндаснуудын бүтэц өөрчлөгдөж, коллаген ба гиалуроны хүчлийн үйлдвэрлэлт багасч, арьс сунаж эхэлдэг. Утасны тусламжтай унжсан завжийг татаж, нүүрийг шөвийлгөж, шанааг өргөж, давхар эрүүнээс ангижирч болно.

"Гоо сайхны утаснууд эсийн түвшинд арьсны чанарт нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл гүн үрчлээсийг дүүргэх чадваргүй. Түүнчлэн коллагены үйлдвэрлэлт нь багасаагүй, хангалттай их нөөцтэй хүмүүст гоо сайхны утас татуулах шаардлага байхгүй. Тиймээс арьсыг залуу харагдуулах үүрэгтэй утаснуудын оронд би арьсны гадаргууг гэмтээдэггүй, бүхэл бүтэн байдлыг нь алдагдуулдаггүй, мөн үүний зэрэгцээ коллагены үйлдвэрлэлтийг дэмжих чадвартай өөр процедур сонгоно" хэмээн Юлия Шербатова бодлоо хуваалцлаа.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 4)

Процедур хийлгэсэн даруйд арьс ямар байдалтай байх вэ?

Зүүгээр хатгасан хэсгүүдэд бага зэргийн хөхрөлт, хавдалт үүсэх боломжтой. Гэхдээ утас татуулсны дараа арьс шууд илүү чанга болж, нүүр татагдсан байгаа нь харагддаг. "Утас татуулсны дараах хэд хоногуудад хөхрөлт, хавдалт, хөндүүрлэх мэдрэмж байж болно. Учир нь энэ процедур тодорхой хэмжээнд арьсыг гэмтээх байдлаар хийгддэг юм. Бид заримдаа үйлчлүүлэгчиддээ 2-3 өдөр гэртээ өнгөрүүлэхийг зөвлөдөг. Харин процедурын эцсийн үр дүнг сарын дараа харах боломжтой" гэж Наталья Романова тодруулан хэллээ.

Хориглох заалт гэж бий юу?

Хорт хавдрын өвчнүүд, аутоимунны өвчин, цочмог үрэвсэл, цус бүлэгнэлтийн эмгэг, чихрийн шижин зэрэг нь ерөнхий хориглох заалтуудад хамрагддаг байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх