Хайх

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном

Хүсэл мөрөөдөл, урам зориг ба хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай

Text: Г.Тэмүүлэн

Амьдрал уйтгартай ном уншихад хэтэрхий богино. Тиймээс амьдралаа өөрчлөхийг хүсч, #GirlPower урам зориг олж авч эсвэл зүгээр л энэ дэлхийд эмэгтэй хүн байна гэж яг юуг хэлж байгааг олж мэдэхийн тулд эдгээр номуудыг уншаарай. Та феминист ч бай, үгүй ч бай эдгээр бүтээлүүдийг амьдралдаа ядаж нэг удаа уншсан байх хэрэгтэй юм шүү.

Элена Фавилли, Франческа Кавалло -"Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд"

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном (фото 1)

Хэрэв гүнж хунтайжтай гэрлэхийн оронд сансрын нисгэгч болохоор шийдвэл яах вэ? Эсвэл хойд эх ба түүний охид муу санаатай, атаархуу биш, харин Үнсгэлжинг үргэлж дэмжиж ирсэн бол юу болох байсан бол? Италийн зохиолч Элена Фавилли ба Франческа Кавалло нар 2016 онд "Goodnight Stories for Rebel Girls" буюу "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" нэртэй дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн богино хэмжээний түүхүүдээс бүрдсэн хоёр гайхамшигтай ном бичсэн байгаа. Энэхүү бүтээл нь зургаа ба түүнээс дээш насны охидод зориулсан бөгөөд янз бүрийн гарал үүсэлтэй, төрөл бүрийн салбарт амжилтанд хүрсэн хүчирхэг бүсгүйчүүдийн гайхалтай түүхээр дамжуулан хүүхдүүдэд урам зориг, хүсэл тэмүүлэл өгөх зорилготой юм. Жишээ нь номоос Амелия Эрхарт, Мишель Обама, Жоан Роулинг, Малала Юсуфзай зэрэг дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн амьдралын түүхийг олж мэдэх боломжтой. Мөн "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номонд дэлхийн өнцөг бүрээс гаралтай 60 эмэгтэй зураачдын иллюстрацыг багтаасан байгаа. Тиймээс бид бяцхан охиддоо үлгэр ярьж өгөхийн оронд энэхүү бүтээлийг уншиж өгөхийг зөвлөж байна.

Маргарет Этвуд - "The Handmaid's Tale"

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном (фото 2)

Канадын зохиолч Маргарет Этвудын 1985 онд бичсэн "The Handmaid's Tale" зохиол нь өнгөрсөн жил цуврал болж гарснаар дэлхийн олон сая хүнийг байлдан дагуулсан юм. Хамгийн гайхалтай нь энэхүү ном нь 30 гаруй жилийн өмнө хэвлэгдэн гарсан ч одоо хүртэл цаг үетэйгээ нийцэж байгаа билээ. "The Handmaid's Tale" номын үйл явдалд Гиллеад нэртэй нэгэн ирээдүйн улсад дийлэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж чадахаа больж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт ирсэн байх болно. Үүний хажуугаар улс оронд нь дарангуйллын систем ноёрхож, хүүхэд гаргах боломжтой цөөн хэдэн эмэгтэйчүүдийг төрийн дээд албан тушаалтнуудад зориулж хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй боол болгон хувиргана. Хэрэв та номыг нь уншсанаас киног нь үзсэн нь дээр гэж бодож байгаа бол маш их зүйлийг алдана гэдгийг санаарай. Эх зохиолын үйл явдалд цувралд харагддаггүй олон чухал деталиуд багтсан байдаг. Энэхүү ном нь эмэгтэйчүүдийн эрх, хүсэл мөрөөдөл, айдас, тэдний үнэнч нөхөрлөл гээд маш олон чухал сэдвийг хөндсөн, хүчирхэг бүтээл юм.

Чимаманда Нгози Адичи -"Бид бүгд феминист байх хэрэгтэй"

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном (фото 3)

Нигер улсын зохиолч Чимаманда Нгози Адичигийн "We Should All Be Feminists" буюу "Бид бүгд феминист байх хэрэгтэй" нэртэй богино эссэнүүдээс бүрдсэн ном 2014 онд хэвлэгдэн гарсан байгаа. Уг ном нь XXI зуунд феминизмийг хамгийн сайн тодорхойлж чадах бүтээл хэмээн үнэлэгддэг. Адичи уг номоо 2012 онд TEDx Talks чуулганы үеэр танилцуулж байсан ижил нэртэй илтгэлээсээ сэдэвлэн гаргасан юм. Номонд өнөөдрийн нийгэмд феминизм гэж яг юуг хэлж байгаа талаар маш хөгжилтэй, сонирхолтой байдлаар тайлбарлаж, мөн феминист үзлээр дамжуулж дэлхийг илүү гэрэл гэгээтэй газар болгохоор зорьжээ. Мөн зохиолч эрх тэгш нийгэмд амьдрахын тулд охид ба хөвгүүдийг хэрхэн өсгөж, хүмүүжүүлж, тэдэнд юуг зааж сургах ёстойг өгүүлсэн байгаа. Сонирхуулахад Адичигийн илтгэлийн хэсэг дуучин Бейонсегийн "Flawless" дуунд багтсан байдаг.

Луиза Мэй Олкотт -"Little Women"

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном (фото 4)

Америкийн нэрт зохиолч Луиза Мэй Олкоттын хоёр ботиос бүрдсэн "Little Women" (Жаалхан авхай нар) ном нь 1868-1869 оны хооронд хэвлэгдэн гарч байжээ. Хэдийгээр энэхүү ном нь 150 жилийн өмнө гарсан ч номонд өгүүлдэг сэдвүүд нь орчин үед ч хамааралтай байж, утга зохиолын сонгодог бүтээлд тооцогдож байна. Олкотт энэхүү бүтээлдээ Мег, Жо, Бет, Эми гэх дөрвөн өөр зан авиртай эгч дүүсийн амьдралаар дамжуулж хайр дурлал, үхэл хагацал, дайн ба энх, хувийн амбиц ба гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэх зэрэг хэзээ ч хуучрашгүй сэдвүүдийг хөнджээ. Мөн энэхүү ном нь бүсгүйчүүд нийгмийн хүлээлт, хэвшмэл ойлголтоос үл хамаарч өөрсдийн хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо хүрэх хэрэгтэй гэдгийг харуулж, уншсан хүн бүрт дундаршгүй их урам зоригийг өгөх болно.

Лев Толстой - "Анна Каренина"

Амьдрал өөрчлөх бүтээлүүд: Эмэгтэй хүн бүр унших хэрэгтэй таван ном (фото 5)

Оросын нэрт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман нь 1877 онд ном болон хэвлэгдэн гарч байсан бөгөөд "Дайн ба Энх" романаас гадна, зохиолчийн туурвисан хамгийн алдартай бүтээлд тооцогддог. Мөн номын гол дүр болох Анна Каренина нь дэлхийн утга зохиолын түүхэнд төрсөн хамгийн алдартай эмэгтэй баатруудын нэг юм. Оросын төдийгүй дэлхийн сонгодог уран зохиолын суут бүтээл "Анна Каренина" нь эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номын жагсаалтанд зүй ёсоор орно. Зохиолд Анна Каренина хэмээх боловсролтой, ухаалаг, үзэсгэлэнтэй язгууртан бүсгүй нөхрөөсөө өөр залууд ухаангүй дурлаж буй эмгэнэлт хайрын түүх гардаг. Түүнчлэн романд тухайн үеийн нийгмийн хандлага, эмэгтэйчүүдийн эрх, мөн мэдээж хайр дурлал гэх зэрэг мөнхийн сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлогтой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх