Хайх

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном

Уламжлалт комик номуудыг орлож чадах бүтээлүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Утга зохиолын салбар график романы төрөлд үргэлж дээрэнгүй хандлага үзүүлж ирсэн. Утга зохиолын шүүмжлэгчид энэ төрлөөс үргэлж өө сэв хайж, "доод" жанр хэмээн дорд үзэж байсан нь нууц биш юм. Хэрэв комик зохиолын төрөл Пулитцерын шагнал хүртэж эсвэл ямар нэгэн утга зохиолын чухал шагнал гардуулах ёслолд нэр дэвшвэл (жишээ нь Ник Дрнасогийн "Сабрина" график зохиол Букерын шагналд нэр дэвшиж байсан) маш удаан хугацааны турш хэлэлцэх чухал сэдэв болж хувирдаг. Гэхдээ комикс нь уламжлалт утга зохиолын салбараас "будаа иддэггүй", аль хэдийнэ өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, бие даасан жанр болон салан тусгаарлагдаад удаж байгаа билээ. Тиймээс Бюро 24/7 супер баатаргүй, цогц бүтэцтэй, хөгжилтэй эсвэл зүгээр л сонирхолтой 10 чухал комик зохиолыг сонгон танилцуулж байна.

"From Hell", Алан Мур, Эдди Кэмпбелл

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 1)

Алан Мур бол хэнд ч танигдаагүй хамгийн алдартай комикс зохиолч юм. Тэр илбэчин, шидтэн гэдгээс гадна "Watchmen", "V for Vendetta", зэрэг алдартай бүтээлүүдийг зохиосон гавьяатай. Мөн түүний бүтээсэн комиксуудын дэлгэцийн хувилбар Аланд огтхон ч таалагддаггүй тул тэр киноны жүжигчдийн багийг тэр чигээр нь харааж чадна (тэр шидтэн шүү дээ!). Жонни Депп гол дүрд нь тоглосон "From Hell" кино амжилтанд хүрээгүй байж болох ч анхны зохиол нь маш сайн бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү зохиолд хүн бүхний сайн мэдэх "Jack the Ripper" гэх цуврал алуурчны тухай өгүүлдэг. Гэхдээ бид номыг уншмагц түүнийг огт өөр нүдээр харж, нууц явуулга, хуйвалдааны тухай эргэцүүлж эхлэх болно. Харин бид зөвхөн хуучинсаг байдлаар хүүрнэсэн энэхүү зохиолыг уншиж байж л домогт цуврал алуурчны талаарх шинэ таамгуудыг олж мэднэ. Уг роман нь цуврал алуурчны тухай өгүүлэхээс гадна давхар Лондон хотын хөтөч болно. Таны ойлгож байгаачлан зохиолд эртний сайхан Англи улсын тухай бус харин газар доорх масонууд ба иллюминати нийгэмлэгийг харуулах юм.

"Black Hammer", Жефф Лемир, Дин Ормстон, Дэйв Стюарт

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 2)

Магадгүй бид гарчгаа өгөхдөө бага зэрэг худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Учир нь энэ комикст үнэхээр супер баатруудын тухай өгүүлдэг. Нарийндаа бол энэ зохиол нь бариу өмд ба супер, "wonder" гэх тодотголтой комиксын алтан үеийг шоолсон бүтээл юм. Тийм учраас л бид "Black Hammer"-ыг уг жагсаалтанд оруулсан байгаа. Номонд трико өмссөн, хуучинсаг супер баатрууд харь гарагийн түрэмгийлэгчдийг хядаж, мөрөөрөө амьдарч байсан ч гэнэтхэн алслагдсан ферм рүү цөллөгдөнө. Асуудлын гол нь энэхүү ферм нь ертөнцөөс тасарсан байх бөгөөд супер баатрууд тракторын хажууд дэмий хийцгүйрч эсвэл ер бусын чадвараа гал тогооны өрөөнд ашиглах хэрэг гарна. Хамгийн хэцүү зүйл нь тэд зэргэлдээ амьдрах энгийн иргэдтэй учраа олох хэрэгтэй болдог.

"Through the Woods", Эмили Кэррол

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 3)

Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, Эмили Кэррол Канадын аймшгийн түүхүүдийг амарлингуй, бараг хүүхдийн гэмээр зургуудтай нэгтгэж чаддаг. Түүний комик зохиолууд ахуйн амьдрал, алимтай бялуу, фермийн жижиг байшингуудын талаарх өгүүллээс гэнэтхэн нурууны үс босом аймшигт түүхүүд рүү шилжих болно. Tа хүүхэд байхдаа орноосоо гараа унжуулахаас айж эсвэл шөнө угаалгын өрөөний гэрлийг унтраасны дараа юунаас ч юм айж, зугтаж байгаа мэт хурдан алхдаг байсан уу? Одоо ч гэсэн айх зүйл байхгүй гэдгийг мэдсээр байж та харанхуйгаас эмээдэг л биз дээ? Тэгвэл Эмили энгийн хэрнээ жихүүдэс хүргэм түүхүүдээрээ таны бүх айдсыг сэдрээж орхино.

"Sandman", Нил Гейман, Малькольм Жонс III, Майк Дрингерберг

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 4)

Дотроо маш олон ном, гайхалтай зургууд, сэтгэл татам үйл явдлуудтай энэхүү комиксыг та заавал унших хэрэгтэй. Үүнээс гадна уг бүтээлд маш олон үлгэр домог багтсан байгаа. Тухайлбал тамаас залхсан Люцифер, дэлхийн өнцөг бүрээс ирсэн бурхад, шинээр боловсруулсан Шекспирийн бүтээл, хар, бараан уран зөгнөлт детектив, зүүдний эзэн Морфей, квантын физикийн хууль гээд маш олон сэдэв ба үйл явдлууд номонд гардаг. Мөн утга зохиол, философи, антропологи зэрэг маш олон салбар үйл явдалд холилдон оршино.

"Harrow County", Каллен Банн, Тайлер Крук

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 5)

Хүмүүс Луизиана эсвэл Алабамад зөвхөн банжо тоглож, гүмбараа матрын махтай жамбалайя гэх хоол хийгээд зогсохгүй бүхий л хүчээрээ сүнсэнд баригдахгүй байхыг хичээдэг. Зохиолын гол баатар бяцхан охин Эми нь аймшигт шулмын хойд төрөл юм. Тэрээр эцгийнхээ хамт фермд өсч торнин тугалын төрлүүдийг бас чөтгөрийн амьтдыг судална. Эхэндээ тэнэг сонсогдож магадгүй ч үнэн хэрэгтээ энэхүү зохиол нь Фолкнер ба Амброз Бирсийн алдарт Өмнө зүгийн готик зохиолуудыг маш чадварлагаар шинэчлэн гаргасан бүтээл гэж хэлж болох юм. "Harrow County" нь нэг ёсондоо нутгийн иргэдийн дунд ам дамжин яригддаг намгийн гал, гэрэлтдэг араг яс, арьсгүй хөвгүүн, маш их цус болон вудугийн тухай зохиол юм.

"The Coldest City", Энтони Жонстон, Сэм Харт

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 6)

Та Шарлиз Терон, София Бутелла нарын тоглосон "Atomic Blonde" киног санаж байна уу? "The Coldest City" нь уг киноны анхны эх сурвалж нь болсон юм. Маш нимгэн уг комик ном нь тагнуулчтай триллер зохиолын анхдагч гэх цолын төлөө Жон Ле Каррегийн сонгодог романуудтай эн зэрэгцэн өрсөлдөнө. Үйл явдал Берлиний хана мөдхөн нурж унах гэж буй хүйтэн дайны үед өрнөнө. Нууц ажилтан Гаскойныг MI6-гийн ойрын хүн хөнөөх тул Лорейн Бротон "хархыг" олохоор Лондонгоос нисч очих хэрэг гардаг. Түүнийг хэргийн газар ирэхэд бие, бие рүүгээ бурууг чихсэн олон тагнуулчид, дээрээс нь америкчууд ба КГБ-гийн нууц ажилтнууд угтан авах болно. Номын 30 дах хуудас дээр ирээд та өөрөө урвагчийг олж илрүүлж чадсан гэж андуурч магадгүй л юм. Тэгвэл сүүлийн хуудсыг уншихад зохиолч таны дух руу маш чанга нясалж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Учир нь "Хаан ширээний тоглоом"-ын юу ч мэддэггүй Жон Сноу шиг танд цаг үргэлж ямар нэг зүйлийг дутуу хэлж ирснийг та ухаарах болно. 

"Beauty", Жереми Хон, Жейсон А.Херли, Жон Роч

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 7)

Орчин үеийн нийгэм төгс гаднах төрх, гоо үзэсгэлэнд донтжээ. Хэрэв танд өдөр ирэх тусам улам бүр гоо үзэсгэлэнтэй болно гэсэн баталгаа өгвөл яах вэ? Зохиолын үйл явдалд зөвхөн бэлгийн замаар дамждаг "Гоо үзэсгэлэн" гэх шинэ халдварт өвчин дэлхийд тархах бөгөөд ийм өвчин туссан хүмүүс улам бүр үзэсгэлэнтэй болно. Харамсалтай нь өвчин туссанаас хоёр жилийн дараа хүмүүс аймшигт үр дагаврыг нь мэдэрч эхэлдэг. Энэ хэргийг мөрдөгч Вон ба Фостер нар мөрдөж эхлэх ба энэ явцдаа тэд хэний ч төсөөлөөгүй аймшигт хуйвалдааныг олж мэдэх болно.

"The Hive", Чарльз Бернс

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 8)

Зохиолч Бернсын номуудыг уншсаны дараа эдгээр бүтээлүүдийг хүн зохиож, зураагүй мэт сэтгэгдэл төрдөг хэмээн комикс жанрын мастер Роберт Крамб ярьж байсан удаатай. Бернсын бүх бүтээлд нэгэн хэвийн хүүрнэлүүд ба энгийн нэг түүхүүд огцом өөрчлөгдөж, солиорол болон хувирдаг. Түүний номонд гардаг үйл явдлуудыг тайлбарлахад амаргүй. Учир нь үйл явдлууд яг л болоод өнгөрсөн зүүд мэт санагдана. Хэрэв хичээх юм бол энэхүү бүтээл нь Даг гэх залуугийн тухай болохыг уншигч ойлгох болно. Тэрээр гэрэл зураг сонирхдог бөгөөд хааяа Уильям Бэрроузийн стилийн өгүүллэгүүдийг бичдэг. Бас тэр Сара гэх бүсгүйд хайртай. Гэхдээ ямар нэг зүйл огт болохгүй байгаа нь номыг уншиж эхлэхэд л анзаарагдана. Харин яг юу вэ гэдгийг Даг олж чаддаггүй тул тэрээр эм ууж, цагаан захтай гүрвэлүүд, гайхамшигт гүнж ба гол дүрийн баатрын нас барсан эцэг нь амьдардаг зүүдний ертөнцөд очиж, түгшүүртэй мэдрэмжээсээ салахыг хичээдэг. Ямартаа ч энэхүү комикс нь өсч том болох айдас, өнгөрсөн амьдралын хүнд ачаа зэрэг гүн гүнзгий сэдвүүдийг хөндсөн юм.

"Fell", Уоррен Эллис, Бен Темплсмит

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 9)

Уран зөгнөлт зохиолч Уоррен Эллис зохиолынхоо үйл явдлыг квантын физикийн онол гэх зэрэг адармаатай зүйлсээр баяжуулах дуртай билээ. Харин энэ удаад түүнийг гудамжинд явж байхад нь зүгээр л дээрэмдэж орхисон бололтой. Тийм ч учраас тэрээр шударга бус байдлын талаар бүхэл бүтэн есөн ном гаргасан байх. Үйл явдалд мөрдөгч Феллийг жирийн иргэд бараг амьдардаггүй ч хар тамхинд донтогчид, гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн, өөрөөр хэлбэл цагдаа ямар ч шаардлагагүй нэгэн хот руу шилжүүлж байгаа тухай өгүүлдэг. Ерөнхийдөө "Fell" комик зохиол нь нийгмийн бүтцийн асуудлуудыг хөндсөн цөөн бүтээлүүдийн нэг юм.

"Fables", Билл Уилингхэм, Марк Бэкингхэм, Стив Лейалоха

Marvel ба DC Comics-ыг март: Супер баатаргүй 10 комик ном (фото 10)

Уг номонд бүх үлгэрийн баатрууд биднээс огт өөр ертөнцөд амьдардаг хэмээн гардаг. Гэхдээ нэгэн дайсан үлгэрийн баатруудын ертөнц рүү довтолсноор бүх гүнж, луунууд хүний ертөнц рүү яаралтай шилжих шаардлагатай болдог. Тиймээс одоо Пиноккио эсвэл араатан ба гоо бүсгүй Нью-Йоркийн Фейблтаунд амьдардаг үлгэрийн баатруудын нийгэмлэгт дасан зохицох шаардлага гарна. Жишээ нь одоо саарал чоно шүүх эмнэлгийн шинжээч эмчээр ажиллаж, архи ууж, тамхи татан яг л "True Detective" цувралын гол баатар шиг аашилна. Харин мэлхий хунтайж шал угааж, Цасангоо засгийн газраас өгсөн даалгавруудыг биелүүлж амьдардаг. Гэхдээ үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч амар биш. Үлгэрийн баатруудын амьдралаас гадна номонд Израйль улсын түүхийг давхар өгүүлдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх