Хайх

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм

Илэн далангуй ярилцлага


Зураг:

Федор Павлов-Андреевич хүсэл байвал бүгдийг хийж болно гэж үздэг. Бид тэр хүн чухам юу хийдгийг илрүүлэхээр, мөн урлагийн талаар Skype-аар яриа өрнүүллээ

Зураач, найруулагч, урлагийн зуучлагч, Москвагийн Солянка дахь улсын галерейн дарга Федор Павлов-Андреевич нэг газраа хэд хоног байна гэж үгүй болохоор түүнийг олох хэцүү. Нэг бол Lexus Hybrid Art гэдэг хибрид урлагийн жил тутмын үзэсгэлэн дээр тэр зураач нарыг танилцуулж явна. Шри-Ланкад өөрийн цуврал таницуулга-перформанс (урлагийн нэгэн төрөл бөгөөд тодорхой газар, тодорхой хугацаанд зураач эсвэл бүлэг хүмүүсийн хийх үйлдэл) хийж таарна. Бразилид өөрийн үзэсгэлэнгээ нээж зогсоно. Бид зураачтай Skype дээр холбогдон уулзаж, бүгдийг тэр хэрхэн яаж амжуулж явааг сонирхлоо. Мөн нүцэглэхийн учир утга, ойрын ирээдүйд түүний шинэ төслүүдийг хаанаас хайж болохыг асуулаа. Бидний яриа нэлээн илэн далангүй өрнөсөнд баяртай байна.

Федор, нэн түрүүнд Lexus Hybrid Art гэх ээлжит үзэсгэлэнгийн чинь нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Дараалал хаагдтал үзэгчид зогсож байсныг бид шалгасан.

Баярлалаа. Бүгд хэрхэн яаж савлагдсанаас үзэгчдийн сонирхол нь хамааралтай. Намайг перформанст дөнгөж карьераа эхэлж байхад Марина Абрамович нэгэн удаа надад: "Хонгор минь, урлагт дөнгөж 50 % нь урлаг, үлдсэн 50 % нь PR" гэж хэлсэн юм.

Энэ жилийн төсөл чинь өмнөхүүдээс ямар ялгаатай вэ?

Эдгээр бараг бүх бүтээлүүдтэй өмнө нь би хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээ тааралдаад үнэн сэтгэлээсээ тэдэнд дуртай болсон юм. Заримыг нь Берлинд, нөгөөг нь Рио буюу Сан-Пауло хотод (Сүүлийн жилүүдэд Федор Орос, Бразилийн хооронд явуулын амьдралтай байгаа. Buro 24/7), бусад хэсгийг нь Лондон, Нью-Йоркт харсан юм. Бас хэсэг зураачид Lexus Hybrid Art-д зориулаад урлагийн харьцангуй цоо шинэ бүтээлүүд бэлтгэсэн нь миний том бахархал болж байна. Тэд урьдчилан ирээд «Россия» театраар нэгт нэггүй яваад шийдэцгээсэн юм. Ер нь бол энэ жилийн үзэсгэлэн дээр контентын төлөөх миний хувийн хариуцлага их байлаа. "Art That I've Seen and Loved" гэх мэтийн нэлээдгүй болхидуу блокнотууд бий. Тэнд таалагдсан зургаа тавина гэдэг бас л том хариуцлага юм. Үзвэрүүд ч миний хувийн блокнот болсон юм. Бусад хүмүүсийнхтэй тэр болгон таарахгүй өөрийн хувийн үзлээ тооцоолоод хүн бүрт таалагдах бүтээлүүдийг тавихаар би их хичээлээ. Пушкиний талбайг дайраад өнгөрч байгаа эмээ, энэ байшинд амьдардаг муур эсвэл гурван настай хүү эдгээр ажлуудыг ямар ч бэлтгэлгүйгээр харах боломжтой. Хөгжим эгшиглэж байгаа өрөөнд ороод ирэхээр таныг харж байгаа хоёр төгөлдөр хуурч, тэдний агаарт тогтсон гарыг харна. Бие биенээ харж баахан зогсоод та орхиод л явна. Хаалга хаангуут хөгжим дахиад эгшиглэнэ. Герман уран бүтээлч Анника Карсын энэ бүтээлийг орхин хаалга хаангуутаа л та бидний байхгүй газар болж буй хэрэг явдалд оролцох хүсэл сонирхол гараад ирэх ёстой. 

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм (фото 1)

Зураач, перформансист, арт-менежер, найруулагч, продюсер, зохиолч, галерейн захирал гээд таны хувьд бүгд дуусаагүй. Та энэ ажил, үүргүүдээ яаж нэгэн зэрэг гүйцэтгэнэ вэ?

Үнэн хэрэгтээ, миний бүх дүрүүд бол ганцхан л дүр. Чи ийм төрсөн, олон зүйл гүйцэтгэх тавилантай хэмээн хүмүүст тайлбарлана гэдэг нь тийм амар зүйл биш юм байна. Намайг өөрчлөх гэж олон хүн оролдсон доо. Намайг таван настай байхад минь миний хайрладаг хөгжмийн багш Наталья Петровна Петрова, "Драмын дугуйлан, гэрэл зургийн дугуйлан, харин надад дуулмаар байдаг" гэх Бартогийн шүлгийн мөрийг уншдаг байж билээ. Чи ингэж хүсэхгүй байгаа биз дээ хэмээн сануулсан юм шиг. Тэгээд л би хөгжмийн сургуулиас уран гулгалт руу, тэндээс өөрийн жүжгийг найруулах гээд л гүйж явлаа. Зургаан настайдаа би сургуулилалт хийгээд сурсан байв. Ер нь карьераа эрт эхэлсэн хүн. Тэр цагаас хойш л одоо боль, энд анхаарлаа төвлөрүүл, зөвхөн үүнийг хийвэл чи чадна гэж надад сургах гэсэн хүмүүс олон болсон доо. Би чинь чадахаараа л ажиллаж, шаардлагтай зүйлээ л хийж явна. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Нэг нэрэн дор нуух биш цаг ирсэнд би баяртай байгаа. "Зураач" гээд чи хэллээ. Арт-менежер, зохиолч, перформансист гэж ярих хэрэггүй, "зураач" нэрэнд бүгд шингэсэн байгаа.

Гэхдээ, бүгдийг амжуулна гэдэг ер нь л ээдрээтэй санагдах юм.

Би түүхээр амьдардаг хүн. Одоо бид ярилцаж байхад би Шри-Ланкийн Аругам-Бэй тосгонд Бразилийн боолчдын тухай өөрийн цуврал перформансуудаа хийж байна. Бид энд баримтат киночин Лавуазье Клеменче, гэрэл зурагчин Игорь Африкян нарын хамт дэлгүүрийн хулгайч, өнгөт арьстан залуугийн түүхийг бүтээж байна. Өнгөрсөн онд түүнийг гудамжны чийдэнгийн шонд цовдолсон юм. Маргааш намайг чийдэнгийн шонд хүлнэ. Би долоон цагийн турш дүүжлээтэй байх ёстой. Учир нь энэ цувралыг Сан-Пауло хотын Африк-Бразилийн музейд зориулан бүтээж буй юм. Төсөл "Түр хугацааны хөшөө" нэртэй. Хөшөө бүр нь долоон цагийн настай бөгөөд дараа нь гэрэл зураг эсвэл видео бичлэгт үлдэнэ. Бэлэн болсон ажил ч байгаа. Би нутгийн нэгэн загасчнаар заалган дал модонд авирч сурсан. Долоо хоногийн дараа би дал модонд авирч оройн найман цагаас өглөөний гурав хүртэл түүнд зүүгдэж байгаад баримтжуулсан. Боолчууд чөлөөлөгдөхийн тулд хүнд харагдахгүй гэж шөнө дөлөөр дал модонд авирч тэр үед нүсэр их үнэтэй байсан үрийг нь цуглуулдаг байжээ. Түүнийгээ хар зах дээр худалдан мөнгө цуглуулаад өөрийн боолчлолыг худалдан авч эрх чөлөөтэй болдог байсан түүх бий. "Түр хугацааны хөшөө №1" нэртэй бүтээл нь тэр эрх чөлөөний тухай юм.

Тэр цагаас хойш л одоо боль, энд анхаарлаа төвлөрүүл, зөвхөн үүнийг хийвэл чи чадна гэж надад сургах гэсэн хүмүүс олон болсон доо

Перформанс нь урлагийн төрлийн хувьд биеийн хүч их шаардана. Түүнд хэрхэн бэлтгэж, биеэ яаж чөлөөлдөг вэ?

Би өөрийн биеийн төлөө хэд хэдэн аргаар тэмцдэг. Нэг талаас багш нарын тусламжтайгаар биеэ "уудлана". Москвагийн "Йога-классийн" Кирилл Черных болон Таня Домовцева, Ана Лунегова, Нью-Йоркийн Шри Дарма Миттра, хатагтай Рут, Риогийн Агустина Агуэрреберри зэргийн лут багш нар надад бий. Мөн хүчний дасгал хийдэг. Ер нь би өдөр бүр тодорхой цагаа йогийн хичээлд зориулна. Бас нэг цагаа хүчний дасгалд зориулдаг. Дараа нь Кирилл Черных надад маш сонирхолтой зүйл заана. Тухайлбал, нүдээрээ хэрхэн өөрийн дотор нэвтрэх эсвэл биеэр амьсгалд орох гэх мэтийн.

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм (фото 2)

Нүцэглэлтийг өөрийн уран сайхны хэлний хэрэгсэл болгох замдаа хэрхэн оров?

Энэ бол миний цорын ганц арга биш. Ашигладаг хэлний минь нэг хэсэг юм. Перформанс ажиглах туршлагагүй хүмүүсийн нүдэнд нүцэглэлт хамгийн ихээр бууна. Тосон будгийн зурагт будгийн олон төрөл хэрэглэгддэг нь хэн нэгний санаанд орохгүй. Харин перформансын нүцгэн бие тэр зураачийг бай болгодог. Ерөнхийдөө бол зүгээр, бидний маш явцуу, хүртээл багатай төрлийг алдаршуулж байгаа хэрэг юм. Харин нөгөө талаасаа миний нэрийг оросоор гүүглэхэд хоёр дахь мөр нь ""Федор Павлов-Андреевич нүцгэн байна" гэж дагалдах байх. Яндекст зураач гэсэн үг нэгдүгээр мөрөнд гарч, "Википедиад" энэ тухай өгүүлэл бичигдэх цагаар "Зураач Федор Павлов-Андреевич Midsummer Night's Dream наадамд нүцгэн ирэв" гэсэн дагуултай байсныг надад хүмүүс хэлж байлаа. Нэг энгийн зүйлийг ойлгох хэрэгтэй. Нүцэглэлт нь сексийн нүцэглэлт биш. Энэ нүцэглэлт нь хуял тачаалынх биш, наад зах нь "ихэнх хүчтэй бүтээлүүд бол ер нь нүцэглэлт биш" гэж ойлгох хэрэгтэй юм л даа. Тэр нь моргийн нүцэглэлт, загалмайлсны нүцэглэлт эцсийн эцэст хийн камерийн нүцэглэлт шиг юм. Нүцэглэлт бол тэглэлтийг өгүүлж буй. Баримал, уран зургийн нүцэглэлтийн талаар гэхэд ямар нэгэн асуудал гардаггүй. Пушкиний музейн итали танхимын Давидын гениталийн хажууд авахуулсан селфийг Intsagram-аас хураагаагүй байна. Гэтэл миний бүртгэлтэй хаяг маш чанга ажиглалт дор байдаг. Микеланжелогийн баримлын хуулбараас хамаагүй даруухан миний гэрэл зургийг хураагаад байдаг. Тийм ч учраас, Петр Павленский өөрийгөө Улаан талбайд хадуулахдаа, тэр өөрийн төмсгийг хэрхэн харагддагийг үзүүлэх гэсэн юм бишээ гэдгийг ойлгоход хүмүүст тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгэхлээр нүцэглэнэ гэдэг бол угаадсан утга санаа, тэглэгдсэн тэмдэг, цэвэр зотон юм. Түүнээс бүгд эхлэдэг, гэхдээ урлагийн үр дүнгийн баталгаа биш. Тэр нь олон зүйлийг төлөөлнө бас юу ч бишийг зааж болно.
Арт-менежер, зохиолч, перформансист гэж ярих хэрэггүй, "зураач" нэрэнд бүгд шингэсэн байгаа.
Та 2008 оноос хойш перформанс бүтээж ирэв. Өөрийн бие, сэтгэл, дотоод ажиглалтынхаа тухай бага ч гэсэн ярьж өгөхгүй юу?

Би 2008 онд өөрийн анхны перформанс хийгээд өөрийн гэрт эргэн очсон юм. Тэр үед надад тавилга ч байсангүй, гэр орноо хаана байгаа төсөөлөл ч байсангүй. Харин би тэр нь миний гэр, түүнд би үлдсэн амьдралаа өнгөрөөнө гэдгээ мэдэж авлаа. Үүнээс өмнө хийж байсан бүгдээ маш сайн санаж, ойлгож байна. Гэтэл энэ хийсэн перформанс бүх зүйлийг эргүүлээд тавьчихлаа. Энгийнээр перформансын хаалгыг олтол би гурван арван жилээ зарцуулжээ. Харин одоо бол маш догь, маш сонирхолтой амьдрах болсон. Маргааш амьдралгүй боллоо гэхэд би ер бусын сайхнаар амьдралаа өнгөрөөжээ гэж заримдаа боддог юм.

Ирээдүйн төлөвлөгөө чинь ямар байгаа вэ?

Солянкийн улсын галерейд бид нэг дор гурван үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна. Бүгд л Москвагийн орчин үеийн урлагийн биенналын тусгай төслүүд. Хүмүүст перформансын тухай өргөн тайлбар өгөх ёстой. Тэдний нэг "Дотны зургууд" нь Британийн орчин цагийн перформансын нүцэглэлтийн үзүүлбэрүүд юм. Бид маш чухал зураач, гэрэл зурагчин Мануэль Вазоныг авчирч байгаа. Тэрээр долоон орос перформансистуудтай долоо хоногийн турш галерейд өөрсдийн бүтээлийг хийх болно. Artist Is Hidden буюу "Хашаанд орсон зураачид" нэртэй. Зураач бүр нь өөрсдийн ханыг бий болгон тэнд үзэгчдэд зориулсан харах нүхийг үлдээнэ. Үзэсгэлэнг Америкийн алдартай перформансчин одоо уран барилгач болсон Вито Аккончид зориулж байна. Эдгээр төслүүдэд улсаас мөнгө горьдох, хөрөнгө оруулагчдыг татах нь бүтэмжгүй учир бид интернэтээр хөрөнгө босгох кампанийг бид зарлаад байгаа.

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм (фото 3)

«Урлаг бол бизнес» гэдэг томъёололд та хэрхэн ханддаг вэ? 

Тааруу даа. Урлагийн бүтээл худалдагдах ёстой гэж би үздэг нь үнэн. Сан-Пауло, Рио, Парист гурван галерей миний ажлыг сонирхон явуулдаг. Тэд надад хүндэтгэлтэй ханддаг, перформансаа худалдахад амархан болго гэж шаарддаггүй. Хэрэв ажил явдал ингэж явагдаж байгаа бол би сайхан биет, гэрэл зураг эсвэл баримал хийвэл галерейд тэднийг дуртайяа өгдөг. Тэгж мөнгө олохгүй бол миний бүтээлүүд зарлага ихтэй. Энэ талаар тусгайлан бодоод эхлэхээр юу ч бүтдэггүй. Хэрэв бүгдийг зөвөөр хийвэл он цагийн явцад чиний бүтээл чинь мөнгө авчирна. Долоон жилийн өмнө, өөрийн анхны перформансаа хийсэн би чинь харьцангуй залуу уран бүтээлч юм. Гэхдээ мөнгө хамгаас чухал биш. Гол нь хоёр нүүр гаргахгүй, чамаар юу дамжиж, юу чухал байгаагаа  ярихыг хичээх хэрэгтэй. Энэ нь л хамгийн хүнд үүрэг юм даа.

Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм (фото 4)Федор Павлов-Андреев: Нүцгэлэлт нь уран сайхны хэлний нэг хэсэг юм (фото 5)

цааш үзэх