Хайх

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог

M.I.A., Bon Iver, Ник Кейв, Бек, Бэнкс ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Хөгжмийн ертөнцөд намрын улирал нь зөвхөн тоглолтууд төдийгүй, олон шинэ цомгийн нээлт болдог үе билээ. Стинг эргэн ирж, Banks том болж, M.I.A. улс төрийн идэвхтэний дүрд орж байна

M.I.A.-Aim

Хэзээ: Есдүгээр сарын 9

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 1)

M.I.A. өөрийн стиль ба хөгжмийн тал дээр үргэлжлүүлэн туршилт хийсээр байна. Гэхдээ Их Британий репэр бүсгүй одоо муу охидын оронд нийгмийн ялгааны талаар дуулж эхлэв. Тэрээр "Borders" дууны клипэнд дүрвэгсэдтэй хамт хашаа давж, "Go Off" клипэнд Америкийн цөлд дэлбэрэлт хийж, харин H&M брэндийн сурталчилгааны видеонд хувцасны гамтай хэрэглээг уриалсан байгаа. "Aim" цомгийн продюсероор түүний найз, алдарт DJ Diplo ажиллажээ. M.I.A. энэхүү цомогт Skrillex ба Зейн Малик нартай хамтарсан байна.

Nick Cave & The Bad Seeds - Skeleton Tree

Хэзээ: Есдүгээр сарын 9

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 2)

Домогт уран бүтээлчдийн шинэ цомгийг олон нийт маш болгоомжлон хүлээн авдаг. Учир нь хамгийн авьяаслаг рокерууд ч карьерийнхаа төгсгөлд алдаа хийх нь бий. Ник Кейвийн өмнөх цомог болох "Push the Sky Away" цомгийг шүтэн бишрэгчид ба шүүмжлэгчид маш сайнаар хүлээн авсан. Мөн дараа нь гарсан "20,000 Days on Earth" баримтат кино нь түүний амжилтыг улам бататгасан гэж хэлж болно. Тиймээс Ник Кейвийн "Skeleton Tree" шинэ цомгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

AlunaGeorge - I remember

Хэзээ: Есдүгээр сарын 16

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 3)

Их Британий, электрон хөгжмийн AlunaGeorge хамтлаг энэ удаад сүүлийн үед маш их алдартай болж байгаа канад уран бүтээлч Kaytranada-тай хамтарчээ. Тэд R&B ба хөнгөн электрон хөгжмийн урсгалыг хольсон уянгалаг, амархан цээжлэгддэг, хэмнэлтэй дуунуудтай. AlunaGeorge хамтлаг нь олон нийтийн ба жинхэнэ чанартай хөгжим хоёрыг хослуулж чаддаг.

Trentemoller - Fixion

Хэзээ: Есдүгээр сарын 16

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 4)

Дани улсын, электрон хөгжмийн продюсер Андерс Трентемеллер нь Röyksopp ба The Knife зэрэг хамтлагуудын ремикс хийж байсан гэдгээрээ алдартай. Түүний дуунууд яг л Massive Attack хамтлагийн эхэн үед хийж байсан уран бүтээл шиг меланхолик үгтэй, минималист электрон хөгжим юм. Трентмеллер өөрийн карьерын түүхэнд масс уран бүтээлч байгаагүй ч жилээс жилд чанартай уран бүтээл хийсээр байгаа. Түүний Fixion шинэ цомогт Их Британий постпанк хамтлагийн дуучин Женни Бет хамтарч ажиллажээ.

Die Antwoord - Mount Ninji And Da Nice Time Kid

Хэзээ: Есдүгээр сарын 16

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 5)

Сүүлийн үед Die Antwoord хамтлагийн нэр хэвлэлээр маш их гарах болсон. Үүний нэг шалтгаан бол яах аргагүй тэдний шинэ цомог юм. Die Antwoord хамтлагийн үүсгэн байгуулагчид болох Йоланди Фиссер ба Нинжа нар яг л өмнөх шигээ drum'n'bass урсгалаар туршилт хийж, Өмнөд Африкийн нутгийн аялгаар рэп үглэж, хамтдаа "солиорсон" хэвээрээ л байна. Тэд өнгөрсөн зуны турш Sonar, Lollapalooza зэрэг хамаг л том хөгжмийн наадмууд дээр дуулсан байгаа.

Devendra Banhart - Ape in Pink Marble

Хэзээ: Есдүгээр сарын 23

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 6)

Инди фолк хамтлагийн гол төлөөлөгчдийн нэг Девендра Банхарт 2013 онд маш их амжилтанд хүрсэн Mala цомгоос хойш шинэ бүтээл гаргаагүй. Тэгвэл одоо акустик гитар, уянгалаг хоолой, хайрын тухай сэтгэл хөдөлгөм дуунуудтайгаа тэр эргэн ирж байна. Яг л өмнөх шигээ Банхарт продюсер Жозиа Стейнбрик ба Ноа Жоржсон нартай хамтарчээ. Банхартын шинэ цомгийг зөвхөн эхний синглээр нь дүгнэх хэрэггүй биз ээ. Тиймээс хүлээж байгаад, "Ape in Pink Marble" цомгийг бүтнээр нь сонсохыг зөвлөх байна.

Banks - The Altar

Хэзээ: Есдүгээр сарын 30

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 7)

Хамгийн сүүлд гарсан Goddess цомгоос хойш R&B гүнж Бэнкс илүү тачаангуй, бүдүүлэг бас мэргэжлийн болжээ. Мөн түүний Gemini Feed ба Fuck With Myself дууны клипээс харахад түүний дүр төрх маш бараан болсон байна. Гэхдээ Бэнксийн дуунууд урьдын адил сонсох тусам хүнд "наалдаж", амархан цээжлэгддэг хэвээрээ. Бэнкс бол R&B урсгалын маш ирээдүйтэй залуу төлөөлөгчдийн нэг тул заавал сонсоорой.

Bon Iver - 22, A Million

Хэзээ: Есдүгээр сарын 30

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 8)

Бидний жагсаалтанд байгаа бас нэг инди фолк хамтлаг бол Bon Iver юм. Хамтлагийн дуучин Жастин Вернон The Nationals хамтлагтай нэг тайзан дээр тоглож, дахиад таван хамтлагт дуулахын зэрэгцээ өөрийн бие даасан уран бүтээлээ ч хийж маш их зүйлийг амжуулдаг. Монголчуудын хувьд Bon Iver хамтлаг For Emma, Forever Ago цомгоороо илүү алдартай. Тиймээс түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

S U R V I V E - RR7349

Хэзээ: Есдүгээр сарын 30

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 9)

Юуны өмнө, Карл Диксон ба Майкл Стайн нарын дуэт Netflix-ийн "Stranger Things" цувралын дуугаараа маш их алдартай болсон. Хэдийгээр одоо тэдний уран бүтээл хэдхэн демо дуунуудаар хязгаарлагдаж байгаа ч тун удахгүй "RR7349" нэртэй бүрэн хэмжээний цомог нь гарах гэж байна. SURVIVE хамтлаг ихэнхи grindcore ба thrash metal уран бүтээлчид харьяалагддаг Relapse дуу бичлэгийн компанитай гэрээ хийсэн байгаа.

Beck

Хэзээ: Аравдугаар сарын 21

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 10)

Дуучин Бекийн аравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх шинэ цомгийн нэрийг одоо хүртэл нууцласаар байна. Ямартаа ч шинэ цомгийн "Wow" нэртэй анхны синглийг сонсоход, Бек цоо шинэ зүйл хийж байгаа бололтой. Бек төрөл бүрийн урсгалыг маш чадварлагаар хольж чаддаг. Тэгвэл энэ удаад түүний шинэ уран бүтээл хип хоп ба поп урсгалтай илүү ойр болжээ. Харин "Wow" дууны сюрреалист клипийг Америкийн уран бүтээлч Жимми Таррел хийсэн байна.

Sting - 57th & 9th

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11

Энэ намар юу сонсох вэ: Улирлын гол 11 цомог (фото 11)

Police хамтлагийн ахлагч, хэзээ ч хөгширдөггүй Стинг 13 жилийн дараа анх удаагаа өөрийн шинэ цомгоо гаргаж байна. Стинг энэхүү цомгийг хийх болсон шалтгаанаа өөрийн хувийн мэдрэмжтэйгээ холбож тайлбарласан юм. Тухайлбал, түүний найз Дэвид Боуи ба Prince нарын гэнэтийн үхэл, дэлхийн дулаарал ба Манхэттенаар алхаж байхдаа бодсон гунигтай бодлууд зэрэг нь "57th & 9th" цомгийг бичихэд нөлөөлжээ. Сонирхуулахад, шинэ цомгийн "I Can't Stop Thinking About You" синглийг өнөөдөр хүлээн авч сонсох боломжтой.

 

 

цааш үзэх