Хайх

2019 оны жагсаалт: Нэг төслөөс хамгийн өндөр цалин авсан жүжигчид

2019 оны жагсаалт: Нэг төслөөс хамгийн өндөр цалин авсан жүжигчид

Netflix жүжигчдэд асар өндөр цалин өгч байна

Text: Бюро 24/7


Зураг:

Variety сэтгүүл 2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй ба эмэгтэй жүжигчдийг нэрлэлээ. Эх сурвалжийн нийтэлсэн энэхүү тайланд зөвхөн нэг төслөөс олсон орлогыг тооцож, жагсаажээ. Жагсаалтыг жүжигчин Райан Рейнольдс 27 сая ам.долларын цалинтайгаар тэргүүлсэн байна.Тэрээр энэ мөнгийг зөвхөн найруулагч Майкл Бэйгийн "6 Underground" (Netflix) нэртэй кинонд тоглосноор авсан аж.

Tүүний араас Дуэйн Жонсон "The Fast and the Furious" франчайзын нэг хэсэг болох "Hobbs and Shaw" кинонд, Роберт Дауни Жуниор "The Voyage of Doctor Dolitle" кинонд дүр бүтээснээр тус, тус 20 сая ам.доллар авч, рейтингийн хоёрдугаар байранд тэнцжээ.

Харин эмэгтэй жүжигчид эрчүүдээс бараг хоёр дахин бага цалин авч байгаа нь уг тайлангаас харагдаж байна. Тухайлбал Эмили Блант "A Quiet Place" киноны хоёрдугаар ангид тоглохдоо 12-13 сая ам.долларын цалин авч, эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Израилийн жүжигчин Галь Гадот дахин "Wonder Woman" дүрийг бүтээснээр 10 сая ам.доллар авсан бол Австралийн жүжигчин Марго Робби "Birds of Prey" кинонд Харли Куинны дүрээр 9-10 сая ам.доллараар цалинжсан байна.

Сонирхолтой нь сүүлийн үед томоохон кино студиудээс илүү Netflix стриминг тавцан жүжигчдэд өндөр цалин төлж байгааг Variety онцоллоо. Мөн зарим тохиолдолд жүжигчид өөрсдөдөө таалагдсан, сонирхолтой төсөлд ердийнхөөсөө хэд дахин бага цалингаар ажиллахыг зөвшөөрдөг байна. Жишээ нь Холливүүдийн хамгийн өндөр үнэтэй жүжигчид болох Брэд Питт ба Леонардо Ди Каприо нар Квентин Тарантиногийн шинэ кинонд тус бүртээ ердөө л 10 сая ам.долларын цалин авчээ.

Сэтгэгдэл бичих