Хайх

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: \"Symphony Choijoo & A-Sound Concert\"

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert"

Text: А.Сарнай


Дурлалт хосууд хайр сэтгэлээ улам бататгах, ганц бие хүмүүс удаан харж явсан охин/ залуудаа сэтгэлээ зоригтойгоор илчилж, болзоонд урих боломжийг олгодог жилийн хамгийн романтик уур амьсгалтай, гэгээн хайрын баяр болоход хэдхэн хоног үлджээ. Тэгвэл энэ л өдөр төгс болзоог эрэлхийлэн буй хэн бүхэнд дуучин Б.Чойжоо болон A-Sound хамтлаг хамтран "Symphony Choijoo & A-Sound Concert" нэртэй тоглолтоо толилуулахаар бэлдсэн байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа хоёрхон өдөр тоглогдох энэхүү тоглолтоор тэд бидний зүрх сэтгэлд эчнээ хоногшсон уянгалаг хайрын дуунуудаа сонгодог хөгжимд буулган, өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй шинэлэг байдлаар хүргэхийг зорьж байгаа аж.

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert" (фото 1)

"Аливаа уран бүтээлч карьерынхаа хугацаанд өөрийн уран бүтээлийг сонгодог хөгжимд буулгаж, симфони оркестртой хамт дуулах ёстой гэж боддог. Учир нь энэ бол уран бүтээлчийн хувьд хүрч болох хамгийн дээд түвшин учир энэ үдэш бидний мөрөөдөл биелж байна гэж ойлгож болно” хэмээн тоглолтын бэлтгэл ажилтай танилцах үеэр дуучин Чойжоо бидэнд хуваалцсан юм. Тэгвэл нэгэн үдшийг сэтгэлд хоногшсон уянгалаг хайрын дуунуудаар амьсгалж өнгөрүүлэх боломжийг олгох энэхүү тоглолтыг заавал үзэх таван шалтгааныг уншигчдадаа хуваалцаж байна.


Хамгийн анхны хамтарсан тоглолт

Дуучин Чойжоо болон A-Sound хамтлаг нь жил бүр гэгээн хайрын баярыг үзэгч фенүүдтэйгээ хамтдаа өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэд анх удаа хамтарсан тоглолт хийж байгаа бөгөөд ингэснээр "шар үстэй царайлаг охиныг бүтэн жил хүлээсэн хайрын түүх" болоод "шиврээ бороонд шүхэргүй алхан явах романтик залуугийн" сэтгэл догдлом аялгуунуудыг нэг дор сонсох ховорхон боломж тохиож буй билээ.

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert" (фото 2)
A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн
Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert" (фото 3)
Дуучин Б.Чойжоо

Симфони найрал хөгжим

Тэд анх удаа хамтарсан тоглолт хийгээд зогсохгүй, өөрсдийн хит дуунуудаа анх удаа сонгодог хөгжимд буулган тоглож буй билээ. Тоглолтод нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй анир поп оркестр болон МУГЗ Б.Алтанхуяг удирдаач оролцож буйгаас гадна тэдний уран бүтээлүүдийг сонгодог хөгжим рүү нотоор буулгах шинэ найруулгыг Ж.Отгончулуун бүтээсэн байна.

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert" (фото 4)

Шинэ дуугаа толилуулна

Нийт гурван цагийн турш үргэлжлэх энэхүү тоглолтод тэд тус бүр өөрсдийн 15, 15 дуу буюу нийт 30 дууг сонгон хүргэхээр бэлджээ. Үүнээс гадна дуучин Чойжоо “Эх нутаг” “Од” нэртэй цоо шинэ уран бүтээлүүдээ тоглолтоороо дамжуулан үзэгч фенүүддээ танилцуулахаар бэлдсэн байна.


Төгс болзоо

Мэдээж гэгээн хайрын баярт зориулсан тоглолт учир хосууддаа төгс болзоо хийх боломж олгохоо ч тэд мартсангүй. "Symphony Choijoo & A-Sound Concert" тоглолтод зориулж Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хоёр давхарт Cantê Bar-н мэргэжлийн бартендерүүд ажиллах юм. Иймд та тоглолт эхлэхээс өмнө, тоглолтын завсарлага дундуур, тоглолт дууссаны дараа ч тэдний бэлтгэсэн коктейлуудыг амтлах боломжтой юм. Мөн тоглолт дуусмагц нийт уран бүтээлчид зорин ирсэн үзэгчидтэйгээ дурсгалын зураг татуулж, хамтдаа оргилуун дарс буудуулан нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхөөр төлөвлөж байгаа аж.

Гэгээн хайрын баяраар заавал үзэх тоглолт: "Symphony Choijoo & A-Sound Concert" (фото 5)

Тоглолтын пянз худалдаанд гарна

Зөвхөн энэ удаагийн тоглолтод зориулан шинэчилсэн найруулгаар тоглогдож буй дуунуудаас бүрдсэн пянз худалдаанд гарна. Тус бүрдээ найман дуунаас бүрдэх A-Sound болон дуучин Чойжоо нарын хоёр тусдаа пянз энэ жилдээ багтан хийгдэхээр болсон бөгөөд яг л тоглолтыг нь ахин үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх болохыг тэд онцолсон юм.

Хэзээ: 2024 оны хоёрдугаар сарын 13, 14-нд 

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тоглолтын тасалбарыг эндээс худалдан авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх