Хайх

Жастин Бибер амьдралынхаа хамгийн хүнд цаг мөчийн талаар хуваалцлаа

Жастин Бибер амьдралынхаа хамгийн хүнд цаг мөчийн талаар хуваалцлаа

Сэтгэл гутралд орж, хар тамхинд донтож байжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Дуучин Жастин Бибер албан ёсны Instagram хуудастаа маш илэн далангүй пост нийтэлжээ. Тэрээр уг постонд сэтгэл гутралд орж, хүнд зэрэглэлийн хар тамхинд донтож байснаа хуваалцжээ. Мөн Жастин Бибер энэ бүхнийг даван туулахад түүний эхнэр Хейли Болдуин тусалсан гэдгийг онцолсон байна.

"Би жижиг хотоос гаралтай 13 настай хүүгээс олон сая хүн шүтэн биширдэг дэлхийн хэмжээний од хүртэлх замналыг туулсан. Ta бүхний хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд даруу төлөв зан нас ахиснаар ирсэн. Залуу хөвгүүнд бусад хүмүүс агуу гэж хэлэхэд тэдэнд чи үнэн сэтгэлээсээ итгэх болно. Эрүүл ухаан, шийдвэр гаргах чадвар нас бие гүйцэхэд ирдэг (ийм учраас чи 21 нас хүртлээ согтууруулах ундаа ууж болохгүй) гэж бодож байна. Гэхдээ бүх зүйлийг миний өмнөөс өөр хүмүүс хийгээд өгчихдөг байсан тул би энгийн хариуцлагыг ч сураагүй өнгөрсөн. Тиймээс би 18 нас хүрэхдээ бодит амьдралд хэрэгцээтэй ямар ч чадвар эзэмшээгүй ч надад сая, сая доллар, хүссэн зүйлээ авах боломж нь байсан юм. Энэ их аймшигтай зүйл. Ингээд би 20 нас хүрэхдээ байж болох бүхий л алдааг хийж, хүн бүхний хайрладаг хүнээс хамгийн их үзэн ядагдсан, шүүмжлэгдсэн хүн болж, олон нийтийн доог тохуу болон хувирсан байлаа.

Мөн 19 настайдаа анх хүнд зэрэглэлийн хар тамхи хэрэглэж эхлэн улмаар эргэн тойрны хүмүүстэйгээ бүх харилцаагаа үгүй хийсэн. Би маш ууртай болж, үргэлж гомдоллож, эмэгтэйчүүдтэй хүндэтгэлгүй харьцаж, намайг хайрладаг байсан бүх хүмүүсээс холдож, хаалттай болсон юм. Би бүх зүйлийг эргээд хэвэнд нь оруулж чадахгүй гэж бодож байв" хэмээн Жастин Бибер бичжээ.

Төгсгөлд нь тэрээр яг одоо амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе мөчид амьдарч байгаа гэдгээ онцолж, гэрлэлтийг шинэ боломж гэж харж байгаа хэмээн хуваалцсан юм. Жастин Биберийн хэлснээр түүний эхнэр Хейли түүнд тэсвэр тэвчээр, итгэл, хариуцлага, даруу төлөв зан, сайхан сэтгэл мөн хамгийн чухал нь сайн хүн байхыг заасан гэжээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх