Хайх

LFW: J.W. Anderson хавар-зун 2016

LFW: J.W. Anderson хавар-зун 2016

Том, илүү том хэмжээ!

Text: Б.Амина


Зураг:

Өмнөх улиралд Жонатан Андерсоны гол дүрүүд өнгөрснөөс ирсэн зочид мэт (Берлинийн 1980-аад он) байсан бол энэ удаад тэд Лондонд сансараас буужээ

Тэдний содон, этгээд гоёл нь дэлхийн оршин суугчид хэзээ нэгэн цагт өмсөж байсан эсвэл одоо өмсөж байгаатай хол зөрүүтэй аж. Жонатан Андерсоны сүүлийн хоёр, гурван эмэгтэй хувцасны загварын үзүүлбэрээс харахад тэрээр уламжлалт эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдлаас холдож, харин үүнээс бусад шинжүүдийг шингээсэн байна. Загварууд нь бие биетэйгээ ууссан мэт байхаас зайлсхийсэн нь догь болжээ. Лондонд болж өнгөрсөн хавар, зун 2016 цуглуулга нь үүний нэгэн тод жишээ байлаа. Энэ удаагийн бүх загваруудын ерөнхий санааг нэг дүр төрхөд багтаан тайлбарлахад хэцүү юм. Хийлсэн ханцуйтай топ, жижигхэн цээживч, лакан мини даашинз, том график хээ, хар торон оруулга, унтлагын хувцас мэт хослол болон хуниастай даашинзууд гээд юу тэднийг нэгтгэх билээ дээ?

Бидэнд зөвхөн ганцхан хариулт байна. Тэр нь юу ч биш. Харин зарим нэг хэлбэр давтагдаж орсон нь тэднийг холбож байсан юм. Жонатан Андерсоны хэлж буйгаар, түүний шинэ цуглуулга "Бүсгүйчүүдийн Одиссей" гэнэ. "Сансар огторгуйн аялал, насанд хүрэх үйл явц эсвэл цаг хугаацаатай уралдах уу?" гээд үүнийг тайлбарлахад илүү хэцүү аж.

Гэвч үүнийг дутагдал гэж тооцож болохгүй. Яагаад гэвэл бүгд л ажил хэрэгч, динамик, тэгсэн хэрнээ хөгжилтэй харагдах аж. Өмнөх улирлын санаанд оромгүй цуглуулгын хамгийн тод хэсэг нь улаан, шөвгөр хоншоортой, түрийгээрээ хуниралдсан гутал байсан бол энэ удаад бараг л анзаарагдахааргүй гуталтай гарч ирлээ. Харин хийлсэн ханцуйтай топууд нь графикийн тусламжтайгаар хүрэмний дотроос тодорч харагдан од болов. Андерсон толгой эргэм, хийлсэн ханцуйг даашинзанд мөн оруулсан ч хээтэй хослолууд илүү сэтгэлд үлдсэн санагдлаа. Зарим нь яг л будгийн толбо болсон мэт. Харин зарим нэг нь хээгээр хучигдсан байгаа нь Кит Харингаас санаа авсан юм шиг санагдана. Эцэст нь тэр топыг богино, өргөн өмдтэй хослуулахдаа өмнөхөөс илүү том хэмжээтэй болгожээ. 

цааш үзэх