Хайх

MFW: Gucci, хавар-зун 2016

MFW: Gucci, хавар-зун 2016

Ширэнгэн ойн дуудлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алессандро Микеле Gucci-гийн шинэ цуглуулгыг үлгэрийн номонд умбаж, адал явдал хайдаг тэр л мөрөөдөмтгий охидод зориулсан мэт харагдана

Алессандро Микеле өмнөх цуглуулгадаа бидэнд торон нэхээстэй хувцас ба берет малгай өмсөж, хүзүүндээ эрвээхий зангиа уясан томоотой, номын сангийн охид хөвгүүдийг танилцуулсан. Тэдгээр загвар өмсөгчдийг харахад бүсгүй эсвэл залуу гэж хэлэхэд хэцүү, харин сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаж эхэлж байгаа охид хөвгүүд шиг харагдсан. Тэгвэл энэ удаад Микеле эдгээр цуглуулгынхаа баатруудыг тэдний уншдаг ном дээр гардаг үлгэрийн орон уруу аваачихаар шийджээ. Ингээд цуглуулгын нэгэн даашинз дээр газрын зургаар тэмдэглэгдсэн ширэнгэн ой уруу тэд аяллаа.

Шинэ бүтээлч захирлын Gucci-д авчирсан хэв маяг шинэ цуглуулгад ч мөн ажиглагдлаа. Тодруулбал Микелегийн өмнөх цуглуулгад байсан торон нэхээстэй цамцнууд, хээ угалзтай хослолууд, берет малгай, мөн саагаар чимэглэгдсэн хуниастай урт юбка болон энгийн даашинз гэх зэрэг даруухан загварууд хэвээр үлджээ. Бас нэгэн чухал элемент бол коовтыг чимэглэх эрвээхий зангианууд юм. Дизайнер шинэ цуглуулгадаа урьд өмнө танилцуулж байгаагүй шинэлэг гоёл чимэглэлүүд оруулсан бөгөөд тэдгээр нь маш нарийн кутюр аргачлалаар хийсэн, үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан.

Gucci-гийн бүтээлч захирал "Ойн ширэнг дэх адал явдал" сэдвийг цуглуулгадаа нэлээд гүн шингээсэн бололтой. Намган ногооноос маргад өнгө хүртэл ногоон өнгийн бүх туяанууд цуглуулгад түлхүү ажиглагдлаа. Ургамлын болон цэцгэн хээ бараг бүх загваруудыг чимж, харин маргад өнгийн ойн модны хээтэй хослол цуглуулгын жинхэнэ "од" боллоо. Микелегийн «хуниастай юбка + хөнгөхөн цамц» гэх алдартай хослол шинэ цуглуулгад могойн хээгээр будагдаж, дал модны навчаар бүрхэгдлээ. Даашинз, хүрэм, бомбер болон бусад хувцаснууд дээр бар үзэгдэж, могой нуугдаж, цох хорхой сууж, тогоруу нисэх болно.

Энэ бүгд үгээр дамжуулашгүй үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Түүнчлэн шинэ бүтээлч захирал эдгээр ширэнгэн ойн элементүүдээс гадна мөн хүүхэлдэйн киноны хэв маягтай график дүрслэл цуглуулгадаа оруулсан нь олны анхаарлыг татлаа. Тэр даашинз дээрх хуниас, бүс ба эрвээхий зангиануудыг оёж хийхийн оронд зурсан байлаа.

цааш үзэх