Хайх

NYFW: Prabal Gurung, хавар-зун 2016

NYFW: Prabal Gurung, хавар-зун 2016

Мартаж болохгүй зүйл

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Дөрөвдүгээр сард Непал улсад аймшигт газар хөдлөлт болж, олон хүн амь насаа алдахад тусламж үзүүлэхээр яарсан анхны хүмүүсийн дунд Прабал Гурунг байсан билээ

Тэр тусламжийн хөрөнгө цуглуулах зорилгоор "Shikshya Foundation Nepal" гэх сан байгуулж, өөрөө их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Харин одоо дизайнер эмгэнэлт явдалд олны анхаарлыг хандуулах зорилгоор загварын тайзыг ашиглалаа. Prabal Gurung брэндийг сонирхдоггүй байж болох ч, үүсгэн байгуулагч ба бүтээлч захирлыг нь хайрлахгүй байхын аргагүй. Гурунг бараг цуглуулга болгондоо төрж, өссөн уулсаа дурсдаг заншилтай. Дөрөвдүгээр сард Катманду хотод аймшигт газар хөдлөлт болоход тэрбээр эх нутгаа зорьж, хохирогчдод туслахаар яарсан билээ. Хамгийн гол нь уг явдлаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Гурунг туслахыг хүссэн сэтгэлээ орхисонгүй. Энэ удаад дизайнер Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд дахин олны анхаарлыг уг асуудад хандуулахыг хүсчээ.

Ямар нэгэн уриа лоозон болон улс төрийн хөдөлгөөн сэдэхийн оронд тэрбээр дурсамж төрүүлэх цуглуулга үзүүлсэн. Чухамдаа түүний шинэ ажлууд юу ч болж байсан амьдрал үргэлжлэхийг илтгэсэн маш энхрий, зөөлөн бөгөөд баяр баясгалантай цуглуулга юм. Харин үндэсний гэх хэв маягийг илтгэсэн зүйл тийм ч их харагдсангүй. Зөвхөн цуглуулгын гол элемент болсон галт шаргал өнгө л дизайнерын нутагтай холбоотой мэт санагдлаа. Уулын хярыг илтгэх свитер дээрх шар гурвалжин дүрснүүд, галт уулын хатуурч буй хайлмаг шиг даашинз дээрх гоёлууд, балчирхан хүүхдийн гараар, чин сэтгэл агуулж зурсан мэт цагаан цамц дээрх будгийн зурвасууд гэх зэрэг чимэглэлийн ачаар цуглуулга нь ерөнхийдөө сэтгэлд маш дулаахан болжээ.

Түүнчлэн цуглуулгад тод загваруудаас гадна романтик хэв маягтай хувцаснууд орсон байна. Пастель өнгийн хөвсгөр даашинзууд бүх гунигтай бодлуудыг арилгах шиг болно. Харин хар-мөнгөлөг өнгө бүхий, гялалзсан чимэглэлтэй, уулын чулууны бүтцийг санагдуулам загварууд цуглуулгын нэмэлт чимэг болж өглөө.

цааш үзэх