Хайх

Ralph Lauren брэнд тансаг үдэшлэгт төгс тохирох загварууд танилцууллаа

Ralph Lauren брэнд тансаг үдэшлэгт төгс тохирох загварууд танилцууллаа

Намар-өвөл 2019

Text: Бюро 24/7


Намрын цуглуулгад дизайнер Ральф Лорен 1920-иод оны Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн хатагтай нарыг дүрслэхээр зорьжээ. Тухайн үеийн стиль болоод уур амьсгалыг зохиолч Фрэнсис Скотт Фицжеральд 1925 оны "The Great Gatsby" романдаа хамгийн оновчтойгоор тодорхойлсон байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл, анхны радио дамжуулалт ба дуу чимээтэй кино, галзуу үдэшлэгүүдийн сэргэн мандалт, ар-деко, загвар, жазз зэргээс бүрдэх "Оргилсон 20-иод он"-оос Ральф Лорен бүтээлч санаа авж смокинг, урт даашинз, үслэг эдлэл гэх тансаг загварууд бүтээсэн байна.

Дизайнер энэхүү цуглуулгадаа юуны түрүүнд эмэгтэй смокинг хослолыг онцолсон бөгөөд өргөн захтай сонгодог смокинг, комбинзон загварын смокинг, бэлхүүс тодотгосон богино эсгүүртэй смокинг гээд хүн бүрийн сонирхолд нийцэх олон төрлийн хувилбарууд танилцуулжээ. Хар цагаан өнгөөр дагнасан смокингуудаас гадна цуглуулгад шар, цэнхэр ба улаан гэсэн тод өнгөтэй пиджакууд орсон байна. Мөн загварууд ихэвчлэн атлас ба хамба хилэн материалаар хийгдсэн байлаа.

Хүчирхэг харагдуулах смокингуудын зэргэлдээ Ральф Лорен намирсан урт даашинз, V ухлаадастай богино даашинз, дэрвэгэр юбка гэх эмэгтэйлэг, зөөлөн загварууд тайзнаа гаргалаа. Харин аксесуарын хувьд тэгш өнцөгт хэлбэрийн клач, бээлий, кристаллуудтай урт ээмэг, анхаарал татам том бугуйвч зэрэг нь дээрх тансаг загваруудтай төгс хосолно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх