Хайх

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен

Эртний загварын ордны залуухан нүүр царай

Text: Ө.Тодгэрэл


Сайт: Buro 24/7 Russia

Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен бол Ив Сен-Лоранаас хойш нэр хүндтэй загварын ордны хамгийн залуу зохион бүтээгч юм. Манай Парис дахь сурвалжлагч Роза Синайски ноён Рустентэй түүний урлан дээр уулзжээ

Бүхэл бүтэн загварын эзэнт улсын толгойлогчоор 27-хон насандаа залрахад өөртөө хязгааргүй итгэх итгэлтэй, өндөр ур чадвартай, өндөр шаардлага хэрэгтэй билээ. Харин Оливье Рустен ийм шинж чанараар дутахгүй гэдэг нь гарцаагүй юм.

Бүтээлч залуу захирал Balmain-ы бүтикээс холгүйд орших өөрийн урландаа биднийг угтлаа. Тэр урлангаа өөрийнхөөрөө "Миний ертөнц" гэж хэлэх дуртай. Анхны уулзалтаар л энэ хүнийг ямар их эрч хүчтэй нь мэдрэгдэнэ. Тэр, хоёр аяга эспрессо ууснаар ярилцлахад бэлэн болов.       

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 1)

 

"Би өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, уйгагүй хөдөлмөрлөвөл хүссэн бүхнээ хэзээ ч авч чадна гэдэгт итгэдэг."

 

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 2)

Энд Balmain-ы мөн чанар, Таны хувийн онцлог их мэдрэгдэж байна. Урлангийнхаа тухай багахан танилцуулахгүй юу.

Миний онгодыг оруулах болон ухаан бодлыг минь хөглөх бүх л зүйлс энд бий. Өөрөөр хэлбэл энэ орчин зөвхөн ажил төрөл хувцас хунарт зориулагдаагүй юм. Би эргэн тойрноо хувийн зүйлсээр хүрээлүүлэх дуртай. Жишээ нь, энд "Майамигийн Цагдаа"-гийн диск, хамаатан садан, найзуудын маань захидлууд байна. Урлан маань Парисын төвд, дэлгүүр оффистойгоо хамт байрладаг нь надад маш их таалагддаг.

Та Balmain-д 25 насандаа ирж бараг мартагдах шахсан францын загварын ордны нэрийг сэргээж чадсан Кристоф Декарнены бүтээлч захирлын албан тушаалыг шууд авсан.  Энэхүү босгыг та хэрхэн давж чадсан бэ?

Би их бие даасан хүн л дээ. Би 18 настайдаа Бордо дахь аав ээжийнхээ гэрээс гарч, Италид очиж загварын талаар сурч эхэлсэн. Дараа нь Roberto Cavalli-д дадлагажсанаас хойш бүх зүйл маш хурдан өрнөсөн л дөө. Би 23 настай байхдаа Balmain-нд Кристоф Декарнены багт туслах зохион бүтээгчээр ажилд орсон юм. Надад энэ ажлын байрыг санал болгоход эхлээд би итгэж ч чадахгүй байж билээ. Би тэднийг бодохдоо Том Форд шиг томоохон загвар зохион бүтээгчийг дуудах болов уу гэж л төсөөлж байлаа. Гэтэл тэд надад болон миний зөн совинд итгэсэн. Энэ гэхдээ их эрсдэлтэй алхам байсан л даа.

Аливаа шахалт хэдий хэцүү ч миний хувьд бүх зүйлсийн төлөө байнга тэмцэх болон батлах шаардлагатай нөхцөлд өссөн болохоор хүнд зүйл байсангүй ээ.

Одоо бол би өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, уйгагүй хөдөлмөрлөвөл хүссэн бүхнээ хэзээ ч авч чадна гэдэгт итгэдэг болсон. Мөн энэ бол зөвхөн хувцас гэдгийг санаж амьдралдаа тэнцвэртэй байдлыг эрхэмлэх нь чухал гэж боддог.

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 3)

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 4)

Та Balmain-ыг илүү залуу, хөгжилтэй болон дүрсгүй брэнд болгож чадсан. Энэ нь магадгүй таны нас орчин үеийн соёлтой дөхөм байсных уу? 

Энэ ажлыг аваад миний нэн тэргүүнд хийсэн зүйл бол үзүүлбэрүүдээ өөрөө найруулах шийдвэр байлаа. Миний хувьд гаднаас стилист болон зөвлөхүүдийг урьж, загваруудыг минь хэрхэн гоё харагдахыг тэднээр заалгах нь маш хуучинсаг шийдэл шиг санагдсан. Надад өөрийн гэсэн хэл, хэв маяг байдаг ба Balmain-нд бүтээгдэж буй зүйлс үүнтэй л холбоотой. Энэ бүгд чинь л илэрхийллийн өөрийн аргууд ба үүнийг хүмүүс хараасай гэж би хувьдаа боддог.

Та Instagram, Twitter - ийн маш идэвхитэй хэрэглэгч. Таны бодлоор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд таны амьдралд мөн загварын ертөнцөд нөлөөлж байна уу? Та заримдаа дэндүү ихийг дэлгэж байна гэж санаа зовдоггүй юу? 

Загварын ертөнц ер нь дэндүү хаагдмал. Би энэ байдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өөрчлөхийг хүсэж байна. Би эгэл жирийн хүн гэдгээ харуулан шөнө үдэшлэгийн дараа селфи авч үзүүлэх, "Ядарч байна" гэдэг ч юм уу эсвэл үдийн хоолондоо идсэн тахианы наггетсний зургийг оруулдаг баймаар байна.   

Хуучны олон агуу загвар зохион бүтээгчид загварын ертөнцийн нөлөөгөөр хүнийхээ мөн чанараа гээсэн мэт санагддаг. Тиймээс миний бодлоор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд биднийг бусадтай ойртуулан, тэдэнтэй хамт хөл нийлүүлж алхахад дэм болдог. Хэдий амьдралын тансаг зэрэглэлийн хэв маягтай ч хүмүүс намайг ердийн нэг хүн гэдгээр нь хараасай гэж би хүсдэг. Урласан хувцсаар төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр би хүмүүст итгэл найдвар төрүүлж, үлгэр шиг зүйлсийг өгүүлэхийг хүсдэг.

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 5)

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 6)

Та дуучин Рианнаг хаврын коллекциныхоо нүүр царайгаар сонгож, мөн түүнийг нэг биш удаа "Шинэ шүтээн" гэж нэрлэсэн. Түүний ямар хэв маяг Оивье Рустений Balmain-ний мөн чанарыг төгс илэрхийлдэг юм бэ?

Рианна бол миний найз. Тэр үнэхээр Balmain-ны мөн чанарыг илэрхийлдэг. Өөрт нь юу зохидог вэ гэдгийг тэр их сайн мэддэг хүчтэй эмэгтэй. Рианна унтлагын хувцас өмссөн ч түүнийгээ улаан хивсний ёслолд оролцох гэж буй мэтээр харуулж чаддаг нэгэн. Загварт хандах түүний хандлага нь их зөв. Би Рианнаг Balmain-ны од болгох талаар мөрөөдөж эхлэхэд л сурталчилгааны энэ санаа надад анх төрсөн. Би түүн рүү зурвас явуулж "Миний мөрөөдлийг биелүүлж өгөх үү?" гэхэд тэр зөвшөөрсөн.

Түүнтэй хамтран ажиллахад ажил хийж байна гэмээргүй маш зугаатай байсан шүү. Нью Йоркд чанга хөгжим, амттай хоолтой хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрөөж билээ. Рианна хувцсуудыг сонгон өмсөж үзэн, хамтдаа цагийг маш сайхан өнгөрөөсөн.

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 7)

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 8)

Balmain-ыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар танд ямар төлөвлөгөө байгаа бол?

Balmain хэдий францын хуучны уламжлалт загварын ордон ч би дэлхийн түвшинд гаргахыг хүсэж байна.  Би олон газраас, олон ундаргаас урам зоригийг олж авдаг. Төрөл бүрийн заншлыг нийлүүлэн юм хийх нь надад таалагддаг. Миний хувцасыг зориулж урлаж өгдөг эмэгтэйчүүд бүгд ондоо шүү дээ. Би нэг удаа Фаберже өндөгнөөс сэдэвлэн коллекци гаргалаа гэхэд дараагийн улиралд нь сафари стильтэй болж болно. Би сэдвүүдээ улирал бүр сольдог ч гэлээ байнга Balmain-ны хэлээр өгүүлдэг.

Таны бодлоор эмэгтэйчүүд айхтар их мөнгө зарахгүйгээр тансаг харагдаж болох уу?

Мэдээж хэрэг. Би коллекциороо үлгэр бүтээж зардаг боловч  энэ нь амьдралд арай ойр үлгэр байдаг л даа. Эмэгтэй хүн заавал 25 мянгын даашинз худалдаж авах албагүй. Харин манай дэлгүүрүүдийн аль нэгэнд орж аятайхан хүрэм авснаар тэд түүнийгээ хэдэн жил өмсөх болно. Би хувцсаа бүх л эмэгтэйчүүдэд зориулж хийдэг. Олон бүсгүйчүүд миний загварыг өмссөн байхыг хармаар байдаг.  Мөн нийтэд зориулсан брэндүүд дотор Balmain-ыг хуулбарласан тохиолдлыг олон харсан. Хүмүүс тэдгээрийг авснаар Balmain-ны классик хэв маягийг арай хямдаар бүрдүүлж байна л даа.

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 9)

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 10)

Тэгэхээр өөрийн тань ажлыг хувцас загварын ардчилсан сүлжээгээр хуулбарлахыг татгалзахгүй юм байна, зөв үү?

Зөв өө. Энэ талаар дургүйцэх утгагүй болоод удаж байна шүү дээ. Одоо бүгд хуулбарладаг болсон. Харин ч миний загварууд хэн нэгнийг урамшуулж байна гэдэг чинь Balmain чиг хандлага тогтоогч болж байна гэсэн үг. Надад залуучууд Balmain-ы санаануудыг өөрсдийн өвөрмөц содон хэв маягт оруулж байгаа нь таашаалтай байдаг. Жишээ нь манай нэг ажилтан бүсгүй ажилдаа H&M эсвэл Zara-гаас авсан хар цагаан, болор чимэглэлүүдтэй цамц өмсөж ирсэн. Тэр нь манай "Очир эрдэнэ" коллекцийг яг дуурайсан байсан нь надад их хөгжилтэй санагдсан. Бас өнгөний зохицол нь таалагдсан. Миний бодлоор загвар яг кино эсвэл хөгжим шиг арай илүү нийтлэг, түгээмэл болмоор.

Та Balmain-ны баг хамт олны тухай яриач. Та бүтээлч захирал нь болохдоо авьяаслаг залуу хүмүүсийг олноор нь авчирсан байх даа.

Би өөрийн хийдэг зүйлдээ маш дуртай байдгийн гол нь сайхан хүмүүстэй хамт ажилладгийнх. Манай ордон хэдий баялаг уламжлалтай ч баг маань их залуу. Бид олон цаг нэг гэр бүл шиг байдаг болохоор өвөрмөц уур амьсгал бүрдүүлэхийг би эрмэлздэг. Баг хамт олныхоо хүчинд би өөрийгөө туйлдатлаа хэтэрхий их ажилласан гэж боддоггүй. Бид урландаа оройтохдоо чангаар хөгжим тавьж бүжиглэнгээ ажилладаг. Анх туслахын ажилд орсон цагаасаа хойш л би энэ хүмүүстэй хамт ажиллаж байгаа болохоор нэгнийгээ сайн мэддэг болсон.

"Би их азтай хүн. хамгийн гол нь Хийж байгаа зүйлээсээ таашаал авч байх нь чухал."

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 11)

Buro 24/7-ийн ярилцлага: Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен (фото 12)

Та орос эмэгтэйчүүдийн талаар юу гэж боддог вэ?

Би ОХУ-д хэзээ ч очиж байгаагүй. Гэхдээ шидэт сайхан тэр газар очихыг маш их хүсдэг. Оросын маш олон худалдан авагчид, сэтгүүлчидтэй би уулзаж байсан. Эмэгтэйчүүдийнх нь хувьд харин нэг онцлогийг ажигласан. Тэд үнэхээр бусдаас содон харагдаж чаддаг. Өдөр тутмын энгийн хувцастай ч, өдрийн хэдэн цагт ч, тэд маш энхрий ялдам харагддаг. Би тэднийг байнга чамин хээнцэр сайхан хувцасладаг гэж боддог. Орос үйлчлүүлэгч бүсгүйчүүд биднийг дэмждэгт би их баяртай байна. ОХУ-д дуусашгүй үлгэр, түүх дүүрэн бий. Яг Balmain-ых шиг. Тийм учраас л манай ордон, танай орон хоёрт хүчирхэг холбоо байгаа юм шүү дээ. 

www.balmain.com

 

цааш үзэх