Хайх

Хөнгөн оршихуй: Симон Порт Жакмюсын аз жаргалаар дүүрэн амьдралын хэв маягаас суралцах нь

Text: Ц.Намуун


Загвар зохион бүтээгч Мартин Маржелаг цагаан өнгө тодотгож, Валентино Гаравани улаан өнгөөр олонд танигдсан бол Симон Порт Жакмюсийг эргэлзээгүй цэнхэр ба шар өнгөөр зүйрлэмээр. Залуу дизайнер Жакмюсийн Instagram хуудас дахь цэлмэг тэнгэр, цэнгэг далай, нарны туяа болоод түүний оршин суудаг Францын зүүн өмнө хэсэг дахь Марсель хотын үзэсгэлэнт зургуудыг ажиглавал түүнийг аз жаргалаар дүүрэн, хөнгөн оршихуйг эрэлхийлсэн нэгэн болохыг анзаарна

Симон Порт Жакмюс 19 насандаа ээжийнхээ дурсгалд зориулан Jacquemus брэндээ үүсгэн байгуулжээ. Өдгөө 28 настай Симон чөлөөт цагийнхаа дийлэнх хувийг Марселийн гудмаар хөл нүцгэн дугуй унаж, далайн эрэг дээр дүү нартайгаа тоглож, Жанна Дамас болон Эмили Ратаковски зэрэг найз охидын хамт хотоор зугаалан, харин үдэш нь ил галын дэргэд дарс шимэн бүжиглэж өнгөрүүлдэг байна. Тийм ээ, түүний амьдралын хэв маяг үнэхээр амар амгалан, аз жаргалаар дүүрэн сонсогдож байгаа биз. Тэгвэл дизайнер Симоны амьдралдаа баримталдаг joie de vivre буюу баяр баясгалант амьдралын хэв маягаас хэрхэн суралцах вэ?

Өөрийнхөө шүтэн бишрэгч байх нь

 

Олон жилийн туршид Симон өөрийн гоо зүйн мэдрэмжээрээ Jacquemus брэндийн хэв маяг, өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн билээ. Түүний бүтээлүүдээс хэзээ ч баригдмал, хэн нэгэнд таалагдахыг хүссэн байдал мэдрэгдэхгүй агаад энэ нь ч түүний амжилтад нөлөөлдөг болов уу.

Гарал үүслээ мартахгүй байх нь

 

Франц орон тэр дундаа Францын зүүн өмнө хэсэг үргэлж түүний бүтээлч санааны эх үүсвэр болдог. Тухайлбал жүрж жимс мэт харагдах өндөр өсгийт, тариачныг санагдуулам сийрсэн малгай, даашинз зэрэг түүний урласан загваруудаас тайван атлаа загварлаг өнгө аяс мэдрэгдэх ба энэ бүхнийг тэрээр өөрийн өсч торнисон тариан талбайн ач хэмээн тайлбарладаг.

Төлөв даруу байдлыг эрхэмлэх нь

 

Рианна, Селена Гомез, Дуа Липа, Кендалл Женнер зэрэг алдартнуудаас гадна Марокко улсын гүнж Лала Мерьем нар хүртэл Симоныг шүтэн биширч, түүний загваруудаар гоёсон байдаг. Гайхалтай нь энэ их амжилтын дараа тэрээр одоо ч төлөв зантай, энгийн байдлыг эрхэмлэсэн хэвээр байдаг.

Сул талаа хүлээн зөвшөөрөх нь

 

Алдаа гаргасан ч түүнийгээ хүлээн зөвшөөрч, сул талаа бусдад харуулахаас айдаггүй нь түүний бас нэгэн хайр татам чанар юм. Тухайлбал Instagram хуудсандаа тэрээр хэн ч харсан инээд хүрэм бага насны зургаа нийтэлж, өсвөр насандаа бусдаас тусгаарлагдсан зожиг нэгэн байснаа ичиж зоволгүйгээр хуваалцдаг нь түүнийг бусдын талархлыг хүлээсэн нэгэн болоход нөлөөлжээ.

Эцэст нь дурдахад хэн ч хараагүй мэт бүжиглэ!

 

Дээр дурдсанчлан Симон найзуудтайгаа наргиж цэнгэх дуртай. Шинэ цуглуулга гаргах, зураг авалт зохион байгуулах гээд их ажлын хажуугаар бүхнийг мартаад бүжиглэж, дуулж, өөрөөрөө байх нь түүний амьдралыг илүү хялбар болгодгийг тэрээр олон ярилцлагадаа дурдсан байдаг. Бид ч бас яагаад хоромхон хугацаанд өөрийнхөөрөө байж болохгүй гэж?

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих