Хайх

Александр Ванг: Загварын салбарт ажиллаад 10 жил боллоо

Александр Ванг: Загварын салбарт ажиллаад 10 жил боллоо

Ярилцлага

Text: Buro.Mongolia


Зураг:

Александр Ванг дөнгөж 15 настай байхдаа ахынхаа хуримын зочдод зориулж 35 загвараас бүрдсэн өөрийн анхны цуглуулгыг бүтээж байсан юм. Тэр 19 насандаа нэр хүндтэй Парсонс сургуулийг орхихоор шийдэж, 28 хүрэхдээ Францын домогт Balenciaga брэндийн бүтээлч захирлаар томилогдсон билээ

Энэ жил Александр Ванг загварын салбарт хөл тавиад арван жил болсныхоо ойн баярыг тэмдэглэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Метрополитан музейн сэтгүүлч Алина Чу дизайнертай ярилцаж, Balenciaga ордноос гарсны дараах түүний амьдрал, бие даасан карьер болон дижитал эриний борлуулалтын талаар асууж, ярилцлаа.

Александр Ванг: Загварын салбарт ажиллаад 10 жил боллоо (фото 1)

 

Карьерийнхээ эхэн үеийн талаар:

Намайг анх дизайнер Вера Вангийн хүү гэж хүмүүс боддог байлаа. Гэхдээ бүх зүйл тийм ч хялбархан биш ээ.

Alexander Wang брэндийн үндсэн зарчим:

Шилдэг санаанууд заавал ч үгүй "дээрээс" гарах ёстой гэсэн дүрэм байхгүй. Надтай хамтран ажилладаг хүн бүр бизнес эрхлэгчид шиг сэтгэдэг байгаасаа гэж би хүсдэг. Та туслах байна уу, эсвэл захирал байна уу огтхон ч хамаагүй. Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэх хэрэгтэй. Та хийж байгаа зүйлээ тунгааж үзээд, утгагүй санагдаж байвал тэрхүү бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Би шинэлэг санаа гаргаж чадахуйц хүмүүстэй хамт ажиллахыг хүсч байна.

Загвар ба бизнесийн талаар:

Би хийж байгаа зүйлдээ ухаангүй их хайртай ч гэлээ хажуугаар нь мөн маш реалист үзэлтэй хүн. Загвар бол бизнес юм. Та үүнд итгэхгүй байж болох ч, эцсийн үр дүнд та шинэлэг санаа гаргаж түүнийгээ хэрэглэгчид зарах шаардлагатай байдаг юм. Би өдөр бүр ямар нэг зүйлийг өөр өнцгөөс харах гэж оролддог. "Яаж цоо шинэ зүйл гаргаж ирэх вэ?" гэж боддог. Би ихэвчлэн өөртөө "Ийм зүйл өмнө нь ч байсан" эсвэл "Надаас урьдчилаад хэн нэгэн үүнийг хийчихсэн шүү дээ", "Өнгөрсөн цагийг эргэн дурсахын оронд ирээдүй рүү алхам хийе л дээ. Шинэ зүйл бүтээхийн тулд эрсдэл гаргах шаардлагатай шүү дээ" хэмээн хэлдэг.

Balenciaga-д ажилласан туршлагынхаа талаар:

Намайг үүнийг хийж чадах болов уу гэх хүмүүсийн эргэлзээг сарниулах нь миний гол зорилго байсан. Би шүүмж хүлээж авахдаа муу. Их сэтгэлээр унадаг юм. Гэхдээ шүүмжээс зугтах ямар ч арга байхгүй. Эхний хоёр жилийн хугацаанд би туслахуудаасаа гаднын шүүмжийг надад харуулахгүй байхыг хүссэн. Энэ талаар огт ярихгүй байхыг бүр хүссэнo гээч. Энэ нь миний бүтээлч байдлыг алдаг юм. Би өөрөө өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэх нь надад хамгаас чухал. Balenciaga-д ажиллаад гурван жил болсны дараа би өөрөө цаашдаа юу хийхийг хүсч буйгаа бодож эхэлсэн. Удаан эргэцүүлсний эцэст би өөрийнхөө брэндийг хөгжүүлэхийг хүсч байгаагаа ойлгосон. Гэр лүүгээ буцаж, Alexander Wang брэндийн шинэ хуудсыг дэлгэх цаг ирсэн юм.
Balenciaga-гаас явахад хэцүү байсан ч эцэст нь ноён Пино намайг ойлгосон. Бид энэ талаар хэд, хэдэн удаа ярилцсаны үр дүнд бие, биенээ сайн ойлгож чадсан.

Өөрийнхөө зугаа цэнгэлийн философийн талаар:

Би "work hard, play hard" гэх зарчмаар амьдардаг. Манай найзууд намайг унтаж амраач ээ гэж бүр гуйдаг гээд боддоо. Надад маш онцгой нэгэн чадвар байдаг юм. Би хэзээ ч шартдаггүй. (Инээж байна). Юу гээч би загварын салбарт маш их хайртай ч гэлээ, заримдаа энэ салбарт хэтэрхий их эготой эсвэл хэтэрхий бүрэнхий хүмүүс их байдаг. Би төгс биш ч гэсэн, цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай хүн. Би ямар нэгэн үдэшлэг зохион байгуулахдаа хүмүүсийг үнэхээр л хөгжилдөөсэй гэж хүсдэг. Хундага шампанск гартаа барьчхаад хоорондоо ердөө л "сайн уу" гэж дуугарах биш, харин үнэн сэтгэлээсээ хөгжилдөх нь л илүү чухал шүү дээ.

Александр Ванг: Загварын салбарт ажиллаад 10 жил боллоо (фото 2)

цааш үзэх