Хайх

Батлагдлаа: Эди Слиман Saint Laurent-ээс гарна

Батлагдлаа: Эди Слиман Saint Laurent-ээс гарна

Гэрээ дуусав

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өчигдөр Saint Laurent-ын удирдлага нэгэн таагүй мэдээ дуулгалаа. Брэндийн бүтээлч захирал Эди Слиман албан тушаалаа орхихоор болжээ

Загварын ертөнц дэх цуу яриа ихэвчлэн үнэний ортой байдаг нь дахин нэг удаа батлагдлаа. Saint Laurent ордонд нийт дөрвөн жилийн турш ажилласан Эди Слиман бүтээлч захирлынхаа суудлыг орхихоор шийдсэн байна. Брэндийн хоёр хэсэгт хуваагдсан намар-өвлийн цуглуулга дизайнерын хувьд үдэлтийн "хунгийн дуу" байжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд Слиман хоёр удаа Saint Laurent-той салах ёс гүйцэтгэлээ. Тэрбээр анх 1997 онд YSL-д маркетингийн албаны туслах ажилтнаар ирж, удалгүй дизайнерын хэлтэс рүү шилжиж, Rive Gauche эрэгтэй шугамыг хариуцан ажиллах болсон. Дараагаар нь Слиман Dior Homme руу явж, тэнд бүтээсэн эрэгтэй хослолынхоо ачаар амжилтад хүрч, олны танил болж чадсан байдаг. Үүний дараа дизайнер нэг хэсэг завсарлахаар шийдэж, гэрэл зургийг гүнзгий сонирхож эхэлсэн юм. Харин 2012 онд тэрбээр Saint Laurent руу эргэн ирж, бүтээлч захирлын албан тушаалд суусан билээ. Ихэнх хүмүүс эхэндээ Слиманы Францын ордон дахь ажлыг шүүмжилж, түүнийг улирал бүр нэг хэвийн, мөн Zara-тай ижил хэв маягийн загвар бүтээдэг хэмээн буруутгадаг байсан ч дизайнерын бүтээлүүд Saint Laurent-д асар их орлого авчирсан.

Эди Слиманы цаашдын төлөвлөгөө одоогоор тодорхойгүй байна. Түүнийг Раф Симонсын ажлыг үргэлжлүүлэхээр Dior рүү явна гэх цуурхал нэг хэсэг тараад байсан ч, одоогоор ямар нэгэн шинэ мэдээлэл алга. Харин Saint Laurent-ын шинэ бүтээлч захирлаар Энтони Ваккарелло тодрох өндөр магадлалтай байгаа аж.

 

цааш үзэх