Хайх

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд

Тэд үнэхээр санамсаргүй алдаа гаргасан гэж үү?

Text: А.Сарнай


Тансаг зэрэглэлийн Balenciaga брэнд энэ намар Парисын загварын долоо хоногоор толилуулсан хавар-зун 2023 цуглуулгын хүрээнд "Balenciaga Gift Shop" нэртэй сурталчилгааны ажлыг өнгөрөгч арваннэгдүгээр сард танилцуулсан. Гэтэл уг сурталчилгаа гарсан даруйдаа олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Twitter, TikTok, Reddit зэрэг сошиал платформуудаар #cancelBalenciaga, #BalenciagaGate гэсэн хэштаг бүхий эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй өрнөж буй билээ. Уг асуудалтай холбоотой бүх мэдээллийг он цагийн дарааллаар хүргэж байна. 


Balenciaga брэнд "Balenciaga Gift Shop" нэртэй сурталчилгааны ажлаа танилцууллаа

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд (фото 1)

2022 оны арваннэгдүгээр сарын 16

Бүх асуудлын эхлэл болсон "Balenciaga Gift Shop" сурталчилгааны ажил нь хоёр өөр сэдэв бүхий зураг авалтаас бүрджээ. Эхний "Gift collection" сэдэвтэй зураг авалтдаа тэд савхин бүс, гав зэрэг BDSM хэв маягийн хэрэгсэлтэй бамбарууш мэт харагдах цүнх барьсан бага насны хүүхдүүдийг дүрсэлсэн юм.

Харин Николь Кидман, Белла Хадид, Изабель Хупперт нарыг оролцуулсан "Office" хэв маяг бүхий хоёр дахь зураг авалтдаа 2008 оны "United States v. Williams" хэргийн АНУ-ын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой бичиг баримт багтаасан байв. Уг хэрэгт хүүхдийн садар самуун сурталчлах нь үг хэлэх эрх чөлөөгөөр хамгаалагдсан эсэхийг хянан үзсэн юм. Сурталчилгааны зургаас тус баримтыг олж харсан гярхай үзэгчид Balenciaga-г хүүхдийн бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, аюулгүй байдалд нь халдаж байна гэдэг шалтгаанаар хүчтэй эсэргүүцэл үзүүлээд байна.

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд (фото 2)

Хоёр дахь зураг авалтын асуудал дан ганц дээд шүүхийн бичиг баримтаар хязгаарлагдсангүй. Франц жүжигчин Изабель Хуппертын Манхэттэн дэх оффисын замбараагүй ширээний ард сууж буй зургийг ажиглавал ширээн дээр бельги зураач Майкл Борремансын ном анхаарал татна. Майкл Борреманс нь бэлэг эрхтэнгүй буюу тайган, эсвэл гаргүй, хөлгүй хүүхдүүдийг өөрийн бүтээлүүдэд ихээхэн багтаадаг бөгөөд түүний 2017 онд гаргаж байсан "Fire from the Sun" хэмээх цувралд бүхэлдээ цусанд будагдсан бага насны нүцгэн хүүхдүүдийг хүний тасарсан үе мөч мэт зүйлсээр тоглож буйгаар дүрсэлсэн байдаг нь маш их эсэргүүцлийг дагуулж байжээ.

Сенсац дэгдмэгц Balenciaga брэндийн стилист асан Лотта Волкова ч мөн нэлээдгүй асуудалд орж эхэлсэн. Орос гаралтай, загварын салбарт нэр хүндтэй Лотта Волкова хэдийгээр 2018 оноос хойш Balenciaga брэндтэй хамтран ажиллахаа больсон ч түүний Instagram хуудсанд бага насны хүүхэд оролцуулсан зүй бус зураг маш их байсан нь энэхүү сурталчилгааны ажилтай шууд холбоотой гэсэн олон нийтийн хардлагыг төрүүлээд байгаа юм. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд хандан "Лотта Волкова сүүлийн сурталчилгааны ажилтай ямар ч хамаагүй" хэмээн мэдэгдсэн байна.

Үүгээр зогсохгүй TikTok контент бүтээгч @marcbaigent хар хослол, улаан сникер өмсөн зогсох хүүгийн сурталчилгааны зураг дээрээс Сатаныг тахин шүтэх үзлийг дэлгэрүүлэх баримтууд олсон нь мөн л анхаарал татав. Уг зургийг сайтар ажиглавал өрөөний буланд савхин бүс, гав зэргийг зүүсэн бамбарууш харагдахаас гадна шар туузан дээр Balenciaga брэндийн нэрийг Baalenciaga хэмээн хоёр "а" үсэгтэй бичсэн байна. Баал гэдэг нь харгис шүтээн бөгөөд түүнийг шүтэгчид эрт үед хүүхдээр тахил өргөдөг байсан аж.

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд (фото 3)


Balenciaga брэнд албан ёсоор уучлалт гуйж, North Six компанийг шүүхэд өгөв 

2022 оны арваннэгдүгээр сарын 24

Мэдээж энэ бүхэнд Balenciaga брэнд албан ёсоор уучлалт гуйж, сошиал платформууд дээрээсээ бүх зургаа устгасан хэдий ч асуудал огт намжсангүй. Тэд өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлага үүрэхээ илэрхийлж, цаашид хүүхэд хамгааллын тал дээр илүү сайн анхаарахаа амласан юм. Мөн тэд Дээд шүүхийн албан бичгийг багтаасан зураг авалтыг хариуцан ажилласан North Six продакшн компани болон зураг авалтын орчныг бүрдүүлэх үүрэгтэй сет дизайнер Николас Дэ Жардинсыг Balenciaga брэндийн зөвшөөрөлгүйгээр зохисгүй бичиг баримт сурталчилгаанд нь ашигласан хэмээн шүүхэд өгч 25 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 


Тус брэндийн төлөөлөгч Ким Кардашьян мэдэгдэл хийв

2022 оны арваннэгдүгээр сарын 27

Энэхүү үйл явдалд тус брэндтэй олон жил хамтарч ажиллаж ирсэн Ким Кардашьян “Бид хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэвийн үзэгдэл мэт болгох аливаа оролдлого энэ нийгэмд огтоос байх ёсгүй” хэмээн мэдэгдсэн бa Balenciaga брэндтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллах эсэхээ ахин нягталж үзэх талаараа ч дурдсан юм. Мөн gift collection зураг авалтын ард ажилласан гэрэл зурагчин Габриэль Галимберти ч нэлээдгүй шүүмжлэлд өртөж, "Би ямар ч байдлаар Balenciaga брэндийн сонголтод оролцох эрхгүй. Зураг авалтад ямар бүтээгдэхүүн болон модель байхыг би шийдэхгүй. Зурагчны хувьд би ердөө тухайн бүрдүүлсэн орчинд гэрэл тавин өөрийн хэв маяг дагуу зураг дарах үүрэгтэй байсан" гэх мэдэгдлийг өнгөрсөн Лхагва гарагт гаргасан билээ.   


The Business of Fashion шагналаа эргүүлэн татав 

Balenciaga брэндэд үүсээд буй асуудлын эргэн тойронд (фото 4)

2022 оны арваннэгдүгээр сарын 28

The BoF сэтгүүл энэ оны эхээр Global Voices шагналаа Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалиад гардуулахаар болсноо зарласан. Гэвч Демнаг зохисгүй сурталчилгааны ажилд гар бие оролцсон гэдэг шалтгаанаар BoF сэтгүүл түүний нэрийг уг шагналаас татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Харин Демна Гвасалиа энэ бүхний дараа өөрийн Instagram хуудсаар дамжуулан "Би бага насны хүүхдүүд оролцуулсан сурталчилгааны ажилдаа уран сайхны буруу сонголт хийсэндээ уучлалт гуймаар байна, мөн би бүх л хариуцлагыг хүлээх болно. Миний хувьд өөрийн хийж буй ажлаараа дамжуулан ямар нэгэн сэдвийг хөндөн бусдад бодол төрүүлэхийг хүсдэг хэдий ч миний огтоос хүлээн зөвшөөрдөггүй хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой сэдвийг оролцуулах бодол хэзээ ч төрж байгаагүй. Өөрийн алдаанаас суралцах болно" хэмээн мэдэгдэл хийв.   


Kering корпорацын нууц дэлгэгдэв

2022 оны арванхоёрдугаар сарын 1

Balenciaga болон бусад олон тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг Kering корпорацын гүйцэтгэх захирал, тэрбумтан Франсуа-Анри Пинотой холбоотой нэгэн ноцтой мэдээ тархсан нь Balenciaga брэндийг улам ч хүнд байдалд орууллаа. Тодруулбал, Франсуа-Анри Пино нь Christie's хэмээх дуудлага худалдааны компанийг эзэмшдэг бөгөөд уг компани нь өөрийн вэбсайт дээр олон уран бүтээлчдийн төрөл бүрийн бүтээлүүдийг худалдаалдаг ба тэр дундаа мутацид орсон биетэй нүцгэн хүүхдүүдийн нүүрэн дээр эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг дүрсэлсэн манекеныг өндөр үнээр зардаг болох нь ил болсон юм. Жэйк болон Динос Чапман ах дүүсийн тэрхүү бүтээлүүд нь 140,000 хүртэлх ам.долларт хүрдэг гэсэн албан бус мэдээллүүд ч олон нийтийн сүлжээгээр тархаад буй билээ. Kering групп нь мөн Gucci, Bottega Veneta, YSL, Alexander McQueen зэрэг брэндүүдийг давхар эзэмшдэг бөгөөд энэхүү мэдээллийн дараагаар олон нийтийн дунд тансаг зэрэглэлийн брэндүүдийг үгүйсгэх үзэгдэл эрс нэмэгдээд байгаа юм. 

Ингээд асуудал даамжирсаар сошиал платформууд дээр хүмүүс Balenciaga брэндийн хувцас, хэрэгслээ шатааж, хаяж, хайчилж буй бичлэгүүдийг нэлээдгүй байршуулж эхэлсэн ба жилийн хамгийн эрэлттэй, ачаалалтай байдаг зул сарын үеэр Balenciaga брэнд маш том уналтад ороод байгаа юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх