Хайх

Saint Laurent-д Слиманы оронд  Энтони Ваккарелло ирэх сураг байна

Saint Laurent-д Слиманы оронд Энтони Ваккарелло ирэх сураг байна

Нотлогдоогүй мэдээлэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эди Слиман Saint Laurent-аас удахгүй гарна гэсэн мэдээлэл ойрд шуугиан тариад байгаа. Брэндийн төлөөлөгчид үүнийг жирийн нэг цуу яриа хэмээн нэрлэж байгаа ч даанч цуурхал намжих шинжгүй байна. Одоо бүр дизайнерын залгамжлагчийн нэр тодорхой болжээ

Брэндийн борлуулалтыг хоёр дахин өсгөж чадсан гоц авьяастай бүтээлч захирал Эди Слиманыг Энтони Ваккарелло орлоно гэх мэдээлэл цацагдаад байна. Ерөнхийдөө Парисын загварын ертөнцөд сүүлийн үед нэлээд олон өөрчлөлт орсон. Раф Симонс ба Альбер Эльбаз нар бараг нэгэн зэрэг загварын орднуудаасаа гарч, хүмүүсийг гайхшруулаад авсан. Харин одоо энэ жагсаалтад бас нэгэн нэр бичигдэх магадлалтай байна. Хүмүүсийн яриагаар Эди Слиманд түүний ажлын шинэ гэрээний нөхцөл таалагдаагүй учир дизайнер ба Saint Laurent-ын удирдлага хооронд бага зэргийн маргаан үүссэн байна. Тэд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд удахгүй хоёр тийш болох гэнэ.

Түүгээр ч барахгүй нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн мэдэгдэж буйгаар Слиманы залгамжлагчийг аль хэдийнэ сонгочихсон байгаа аж. Тодруулж хэлбэл одоогоор Versace-ийн Versus шугам дээр ажиллаж буй Энтони Ваккарелло гэх тачаангуй өнгө аястай, рок хэв маяг сонирхдог дизайнер Saint Laurent-ын шинэ бүтээлч захирлаар томилогдох бололцоотой байна.

Эдгээр цуу ярианы улмаас хүмүүсийн хамаг анхаарал Эди Слиман руу чиглэж, тэд түүний удахгүй танилцуулах хоёр цуглуулгыг тэсэн ядан хүлээж байна. Дизайнер нэгдүгээр сарын 24-нд эрэгтэй цуглуулгаа үзүүлж, мөн дараагаар нь төд удалгүй эмэгтэй загваруудаа дэлгэх юм.

цааш үзэх