Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Гурав ба дөрөвдүгээр дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн дугаар бүр илүү сонирхолтой болж, оролцогчид улам их туршлага хуримтлуулж, харин шүүгчид бүр ч гоёмсог төрхүүд гаргаж байна

Долоо хоногт хоёр шинэ дугаар толилуулж буй Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг өрнөл хэсэгтээ орлоо. Харин бид зөвхөн модель охид гэлтгүй шүүгч Нора Дагва, Т.Нансалмаа, М.Оргил болон зочин шүүгчээр уригдан ажилласан Ука буюу Д.Уламбаяр, Ө.Содгэрэл нарын загварын хувиралтыг ажиглаж, тэдний сонголтыг тоймлон бичлээ.

Дугаар №3

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Хэрвээ та санаж байгаа бол нэгдүгээр сарын 22-нд цацагдсан нэвтрүүлгийн гуравдугаар дугаарт шүүгч М.Оргил оролцогч охидод үнэтэй зөвлөгөө өгч, зураг авалтын үр дүнд өөрийн хувь нэмрээ оруулсан байгаа. Нэвтрүүлэгт эрэгтэй хүний шийдэмгий зан, эрэлхэг дүр төрх нэмдэг тэрбээр шүүлтийн үеэр Mongolia's Next Top Model-той хамтран ажиллаж буй L'Uomo брэндийн саарал хослол өмсөж, Premier Tailor брэндийн зөөлөн хөх өнгийн энгэрийн алчуур ба зангиа зүүсэн байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч, хөтлөгч Нора дугаар бүрт шинэ дүр төрх сонгож, супермодель хүний хувирах чадвараа бататган харуулж байна. Өмнөх дугаарт тэрбээр япон маягаар хувцасласан тачаангуй бүсгүйн дүрийг гаргасан бол энэ удаад Нора ГОЁО брэндийн Шинэ жилийн капсул цуглуулгад багтсан өвдөг хүрсэн урттай минимал даашинзаар гоёлоо. Тэр мөн Angelina Voloshina маркийн nude өнгийн туфли сонгож, бүхэлдээ маш цэмцгэр, ихэмсэг төрх бүрдүүлсэн байлаа. Ингэхэд Норагийн богино чёлкийг та анзаарсан уу? Үсэндээ жижигхэн өөрчлөлт хийснээр хүн цоо шинэ төрх гаргаж болохыг Нора бидэнд батлан харууллаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Харин шүүгч Т.Нансалмаа энэ дугаарт Versace Collection-ы баялаг хээ угалзтай өмд ба пиджакийн хослол сонгож, дотуур нь мөн адил тус брэндийн торгон цамц өмслөө. Намар-өвөл 2016/17 улирлын хамгийн гол трендүүдийн нэг болох ногоон шар өнгийн хээтэй уг хослол нь тансаг мэдрэмж төрүүлж, Т.Нансалмаа шүүгчийн хүчирхэг зан чанарыг тодотгож өглөө. Түүнчлэн Монголд шинээр нээгдэж буй үнэт эдлэлийн Style Avenue маркийн сувдан ээмэг хувцаслалтын өнгөтэй уусан нэгдэж, үзэгчдийн харцыг булааж байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Гуравдугаар дугаарын зочин шүүгчээр уригдан оролцсон Kiwi хамтлагийн ахлагч, дуучин Ука өөрийн зоригтой, этгээд, загварлаг стилиэрээ танигдсан нэгэн. Тэрээр хувцсыг гэнэтийн байдлаар хослуулах чадвараа харуулж, унтлагын маягийн торон даашинз дээр үслэг хүрэм өмсөж, мөрөө бага зэрэг ил гаргаснаар нэгэн зэрэг эмэгтэйлэг бөгөөд өвөрмөц харагдаж байлаа.

 

Дугаар №4

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 5)

Дөнгөж сая та бүхний хүртээл болсон дөрөвдүгээр дугаарт зөөлөн ягаан өнгийн чихэр шиг бүсгүй үзэгдсэн нь мэдээж хэрэг Нора юм. Тэр Monalun маркийн пиджак загварын даашинзаар гангарч, өөрийн хэзээ ч дуусашгүй мэт харагдах урт хөлөө гайхууллаа. Мөн Angelina Voloshina-гийн үслэг оруулгатай туфли түүний төрхийг илүү загварлаг бас өхөөрдөм болгож өгчээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 6)

Шүүгч М.Оргил энэ удаад L'Uomo-гийн давхар энгэртэй, дөрвөлжин хээтэй хантааз ба хосолсон брюк өмд өмсөж, эрэгтэй хүн уламжлалт пиджакаас гадна өөр ямар загвараар сонгодог төрх бүрдүүлж болохыг харууллаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 7)

Харин шүүгч Т.Нансалмаа дөрөв дэх дугаарын Монголын олон ястны хувцастай зураг авалтыг хүндэтгэх үүднээс Michel & Amazonka маркийн үндэсний уламжлалт хээг европ хэв загвартай хослуулж өгсөн хамба хилэн материалтай өвдөг хүрсэн даашинзаар гоёлоо. Нарийн детальтай хувцас бүтээдгээрээ олны хайрыг татсан эгч дүү дизайнерууд шүүгч Т.Нансалмаагийн даашинзанд ч бас сонирхолтой элемент оруулж өгсөн харагдана. Шаргал-улаан өнгийн эмжээр ба биссер шүрнүүд шүүгчийн уруулын будаг ба туфлитэй зохицож, эмэгтэй хүний дур булаам зан чанарыг улам тодруулж байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 8)

"Mongolia's Next Top Model" төслийн ерөнхий продюсер, шоуны удирдагч Ө.Содгэрэл энэ удаагийн дугаарт зочин шүүгчээр суусан нь багагүй шуугиан дэгдээлээ. Мэдээж хэрэг нэвтрүүлгийн бэлтгэл ажлаас эхлээд дугаар бүрт биечлэн оролцож, зураг авалт бүрийг удирдаж яваа Ө.Содгэрэлийн хувийн санал бодол үзэгчдэд сонирхолтой байсан байх. Тэрбээр шүүгчийн ширээнд суухдаа Valentino брэндийн дээгүүрээ нөмрөг маягийн дизайнтай улаан торон даашинз ба ижил брэндийн гялгар туфлиэр гоёж, зураг авалтын талбайг сарнай цэцэг мэт  чимж байлаа.

цааш үзэх