Хайх

Victoria’s Secret 2018 загварын шоу брэндийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй байлаа

Victoria’s Secret 2018 загварын шоу брэндийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй байлаа

Үзэгчдийн тоо огцом буурсанд юун нөлөөлсөн бэ?

Text: Buro.Mongolia


Олон жилийн түүхтэй алдарт Victoria's Secret загварын шоу өчигдөр ABC сувгаар бүрэн эхээрээ цацагдлаа. Өмнөх жилүүдэд шоу CBS сувгаар гардаг байсан бол энэ жил ABC суваг руу шилжсэн нь үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Гэтэл Victoria's Secret зорилгодоо хүрээгүй төдийгүй урьд өмнөхөөсөө ч муу үнэлгээ авч, үзэгчдийн тоо бүх цаг үеийн доод үзүүлэлттэй байлаа.

Nielsen үнэлгээний компанийн гаргасан тайлангийн дагуу энэ жилийн шоу нийт 3,3 сая үзэгчтэй байсан бөгөөд 18-49 насны үзэгчдийн зүгээс дунджаар 0.9 нэгжийн үнэлгээ авсан байна. Энэ нь өмнөх жилийн 5 сая үзэгч, 1.5 нэгжийн үнэлгээтэй харьцуулбал огцом буурсан үзүүлэлт юм.

Victoria's Secret загварын шоуны үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа нь брэндийн үнэ цэнэ хэрэглэгчид дунд буурч, хувьцааны зах зээл дээр ч мөн асуудалтай тулгарч буйтай харилцан хамааралтай. Борлуулалт муу байгаа тул компани 20 дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн байгаа.

Victoria’s Secret 2018 загварын шоу брэндийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй байлаа (фото 1)

Үүгээр ч зогсохгүй Vogue сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт Victoria's Secret брэндийн толгой компанийн маркетингийн албаны дарга Эд Разек ярилцлагынхаа үеэр трансжендер моделиудын талаар таагүй сэтгэгдэл хэлснээр олны дургүйцлийг хүргэн брэндийн нэр төрд сөргөөр нөлөөлсөн. Тодруулбал сэтгүүлч түүнээс загварын шоунд хэзээ нэгэн цагт трансжендер загвар өмсөгч алхах эсэхийг асуутал Эд Разек "Үгүй. Яагаад үгүй гэж үү? Яагаад гэвэл бидний шоу бол уран зөгнөл. 42 минут үргэлжлэх тусгай энтертейнмент. Энэ бол дэлхий дээрх төрөлдөө ганц шоу." гэж хариулсны дараагаар "Бид plus-size хэрэглэгчиддээ зориулан тусгай нэвтрүүлэг бэлдэж байсан ч хэн ч үүнийг сонирхоогүй. Одоо ч сонирхохгүй хэвээр байна" гэж нэмж хэлсэн юм. Эдгээр үгс олны дунд шуугиан дэгдээсэн тул Эд Разек улмаар уучлалт гуйж, Victoria's Secret-ийн гүйцэтгэх захирал Ян Сингер ажлаа хүлээлгэж өгсөн билээ.

Түүгээр ч зогсохгүй энэхүү шуугиантай холбогдуулан энэ жилийн шоуны гол уран бүтээлч байсан дуучин Холзи өчигдөр Instagram хуудсаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. "Загварын шоуны зураг авалт дуссаны дараагаар брэндийн зүгээс ийнхүү таагүй мэдэгдэл гарсан байна. ЛГБТ нийгэмлэгийн гишүүний хувьд би эрх тэш байдлын төлөө тэмцэж, гадуурхах үзлийг тэвчихгүй" хэмээн Эд Разекийн ярилцлагад хариу өгчээ.

Victoria’s Secret 2018 загварын шоу брэндийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй байлаа (фото 2)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх