Хайх

Том размерын усны хувцас санал болгодог 5 брэнд

Том размерын усны хувцас санал болгодог 5 брэнд

Text: Бюро 24/7


Загварын салбар өдөр ирэх тусам өөрчлөгдөж, улам бүр өргөн хүрээг хамарсан, хэвшмэл ойлголтуудыг эвдсэн, универсал болж байгаа нь үнэн. Гэсэн ч зарим талаараа одоог хүртэл баригдмал, хязгаарлагдмал хэвээр байгаа нь жишээ нь усны хувцасны зах зээлээс тод томруунаар харагддаг. Гоёмсог хийцтэй усны хувцасны размер хамгийн томдоо ихэвчлэн L, бүр заримдаа M хэмжээтэй байдаг нь тун харамсалтай. Үүнтэй холбогдуулан BURO. эмэгтэй хүн бүрийн биеийн галбирыг хайрладаг, илүү өргөн хүрээнд сэтгэдэг таван брэндийг танилцуулж байна.


Lido

Lido бол орчин үеийн их хотын ухаалаг эмэгтэйд зориулагдсан усны хувцасны брэнд юм. Дизайны хувьд сонгодог, биед эвтэйхэн, хөдөлгөөн бүрийг тооцоолсон ухаалаг төдийгүй галбиржуулж харагдуулдаг давуу талтай. Бүх загварууд Итали улсад эко лайкра материалаар хийгддэг бөгөөд дундаж үнэ нь 168 евро юм. Харин размер нь XL хүртэлх өргөн сонголттой байгаа.


ACK

ACK ч бас Италийн минимал хэв маягтай брэнд бөгөөд мөн л технологижсон ухаалаг материал ашиглан том размерын загварууд бүтээдэг. Өмнөх брэндээс юугаар ялгарах вэ гэхээр эндээс та зөвхөн минимал төдийгүй бага зэрэг эртний аястай ретро-минимал загваруудыг ч олох боломжтой. Тодруулбал өндөр суудалтай, өргөн оосортой загварууд 155-265 еврогийн үнээр санал болгогдож байна.


Chromat

Chromat брэнд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр шоугаа зохион байгуулахдаа тайзнаа төрөл бүрийн арьсны өнгө, нас, биеийн галбир, мэргэжил болоод гадаад төрхтэй моделиудыг гаргаж, тухайн үедээ загварын олон талт байдлын үлгэр жишээ болж байсан удаатай. Chromat-ийн үүсгэн байгуулагч Белка Макчарен архитектор мэргэжилтэй нэгэн тул загваруудад архитектурын элементүүд шингэсэн байдаг. График хэлбэр дүрснүүд, цэвэр зурааснууд, минимал эсгүүр гээд загвар бүр нь маш модерн шийдэлтэй юм. Материалын хувьд ч бас байгальд ээлтэй аргаар олборлосон, эко түүхий эд ашигладаг давуу талтай. XS эхлээд 3XL хүртэлх загварууд 100 ам.доллараас эхлэн үнэлэгдэж байна.


Monday Swimwear

"Усны хувцас сонгоно гэдэг ямар хүнд даалгавар болохыг бид мэднэ" хэмээн брэндийн үүсгэн байгуулагчид Наташа Бакли ба Дэвин Брагман нар хэлдэг юм. Тэд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Monday Swimwear брэндийг гаргасан бөгөөд эмэгтэй бүр далайн эрэг дээр өөртөө итгэлтэй байгаасай гэсэн чин хүслээр ажилладаг юм. Брэнд голдуу эмэгтэйлэг ба минимал хийцтэй загварууд санал болгодог ч заримдаа тод өнгөтэй, амьтдын хээтэй зоригтой хувилбарууд худалдаалдаг. Купальникаас гадна далайн эрэг дээр өмсөх зориулалттай кимоно, сүрлэн гар цүнх зэрэг бусад хэрэгцээтэй эд зүйлсийг эндээс олох боломжтой. Усны хувцасны үнэ 70-300 ам.долларын хооронд хэлбэлзэнэ.


Sideway

Sideway-ийн санал болгодог 1990-ээд оны уур амьсгалтай минимал усны хувцаснууд яг л бээлий мэт галбирт төгс сууж өгөх болно. Брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Сара Сайдуэй Годшоу өмнө нь Puma, Nanette Lepore болон бусад нарийн зах зээлийн брэндүүдэд зориулан усны хувцасны дизайн гаргадаг байсан тул галбирт зөв суусан, гоёмсог усны хувцас урлах талаар хангалттай туршлага, мэдлэгтэй нэгэн. XL хүртэлх размерын сонголттой загварууд 170 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх