Хайх

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл

Text: Buro.Mongolia


Ta oлон улсын франчайз бизнес, брэнд гэдэг тодотголыг Монголын хөрсөнд нутагшуулан таниулж яваа монгол эмэгтэйчүүдийн нэг. Энэ талаар манай уншигчидтай хуваалцаач?

Монголчууд маань нүүдлийн өвөрмөц өв соёлтой ард түмэн. Тиймдээ ч хэрэглэгчдийн худалдан авах хэв маяг үргэлж шинэ, шинэлэг зүйлсийг эрэлхийлж байдаг. Олон улсын франчайз бизнесийг Монголын зах зээлд нутагшуулахад хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, улирлын өвөрмөц онцлогт нийцүүлэн ажиллах хэрэгтэй болдог.

Аливаа зүйлийг бэрхшээл гэж харахаас илүүтэй боломж гэж би харах дуртай. Brand ambassador байх нь тухайн брэндийн өмнө маш том үүрэг хариуцлага үүрч, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул багаараа бүх хүчээ дайчилж бүтээлчээр хурдацтай ажиллах шаардлагатай болдог. Бидний зорилго үйлчилгээний стандартыг шинэ түвшинд ахиулан хэрэглэгчиддээ хүргэж, боломжийн үнээр загварлаг харагдах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд оршино.

Таны бодлоор загвар болон худалдааны салбарт ажиллахын онцлог нь юу вэ? Мѳн ажил амьдралдаа хамгийн их урам зориг авдаг зүйлсээсээ хуваалцахгүй юү?

Загварын салбар өөрөө онцгой, байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг тул бид хэдэн улирлын өмнөөс ажлаа төлөвлөдөг. Энэ нь маш их мэдрэмж шаарддаг салбар тул бүтээлчээр сэтгэл зүрхээ зориулан, хийж буй зүйлдээ дурлан ажиллах хэрэгтэй байдаг. Хэрэглэгчдээсээ ямагт нэг алхам урд алхах ёстой болохоор зах зээлээ тогтмол судалж, Монгол хэрэглэгчдийн онцлогт тохирсон шийдлийг гаргахыг эрмэлзэж ажилладаг.

Урам зориг авдаг зүйлс гэвэл мэдээж гэр бүл, хамт олноосоо маш их урам зориг авдаг. Миний ажлын онцлог надад олон салбарын, олон талын мэдлэг боловсролтой хүмүүстэй харилцаж, хамтран ажиллах боломж олгодог учраас тэдгээр хүмүүсээс өдөр тутам маш их урам зориг авдаг.

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл (фото 1)

 

Загварын ертөнцөд яг одоо fashion influencer, social influencer буюу сошиал ертѳнцѳд хувцас загварыг ѳѳрсдийн болгон загварчилж ѳмсдѳг нѳлѳѳ бүхий шинэ үзэгдэл хүчээ аваад байна. Та энэ шинэ давлагааны талаар ямар бодолтой байдаг вэ?

Хүн өөрийн авьяас чадал, хүсэл эрмэлзлээр амьдардаг. Өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ, түүнээс гарах үр дүн яг тийм байдаг. Дэлхийн олон брэндүүд өнөөдөр брэнд гэдгийг зөвхөн хувцас биш, эмэгтэй хүний өөрийгөө илэрхийлэх боломж хэмээн тунхаглаж байна. Миний хувьд өөртөө итгэлтэй байж зорьсон зорилгоо биелүүлэхэд хувь хүний стиль имидж бүрдүүлэлт ямар чухал болохыг онцлон загварын салбарын тренд чиг хандлагаар дамжуулан бүсгүйчүүдэд мэдлэг, соёл олгоход хувь нэмрээ оруулахыг зорьж өөрийн @Enee_Nova гэх загварын блоггер, influencer-ийн ажлыг эхлүүлээд байгаа. Монгол эмэгтэй бүрийн амжилтын түүхийг хамтдаа бүтээх зорилгоор ажиллаж байна.

Та "Миний Хувийн Стилист" үйлчилгээг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Монголын зах зээлд шинэлэг гэж хэлж болох энэхүү үйлчилгээний онцлогийн талаар бидэнд танилцуулна уу?

2015 онд "Миний хувийн стилист" номоо гаргаснаар энэ үйлчилгээгээ улам эрчимжүүлсэн. Хувийн стилист бусдыг сайхан харагдахад туслахаас гадна сэтгэлзүйд нь ч анхаарал тавьдаг. Хувийн стилистийн бусдаас ялгарах зүйл зөвхөн тухайн хүн дээр тулж ажилладгаараа онцлог байдаг. Тиймээс тухайн хүний нас, өндөр, биеийн бүтэц, амьдралын хэв маяг, орлого гэх мэт бүх зүйлийг нь нарийвчлан судлах хэрэгтэй болдог. Нэг үгээр хэлбэл, хамгийн сайн найз нь байна гэсэн үг. Миний хувьд энэ үйлчилгээгээр дамжуулан хувь хүний хувцаслах соёл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хувцаслалтаар нь дамжуулан ажил амжилтын карьерт нь хүртэл нөлөөлөх боломжтой гэдгийг үйлчлүүлэгчиддээ мэдрүүлж байгаа.

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл (фото 2)

Хувийн стилистийн үйлчилгээг Монголд эхлүүлэхэд ямар хүндрэлтэй тулгарч байсан бэ? Эрэлт хэрэгцээ хэр байна вэ?

Хувийн стилист үйлчилгээний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж, энэ чиглэлээр сурч боловсрох мэргэших сонирхолтой залуус ч нэмэгдэж, олонд танигдаж байгаа нь INNOVSTYLE компанийн зорилго биелж байгаа юм болов уу гэж харж байгаа. Гадаад дүр төрх бол тухайн хүнийг хараад дүгнэдэг харилцааны нэг хэсэг. Тиймээс үүнд зайлшгүй ач холбогдол өгөх хэрэгтэй. 

Цаашид ямар ажил шинээр төлөвлөж байна вэ?

2019 онд төлөвлөсөн ажлуудын нэг бол нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог нэмэгдүүлж, үнэ цэнийг бий болгохуйц үр өгөөжтэй ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, зан араншин гээд эмэгтэйчүүдийн манлайлалтай салшгүй холбоотой зүйлсэд Загвар чухал нөлөө үзүүлдэг.

Нийгэм, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийнх оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ тэдний дүр төрх, имидж бүрдүүлэлт бизнесийн орчинд ч мөн шинэ өнгө дүр төрх бий болгож байдаг. Тиймээс бид энэ жил "Бүтээлч Менежментийн Институт"-ийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл (фото 3)

Бизнес эрхлэхийг зорьж буй бүсгүйчүүддээ зөвлөгөө өгөөч гэвэл?

Хэзээ ч өөрийгөө бусадтай бүү харьцуул, хийж буй зүйлдээ тууштай байх нь гол түлхүүр болдог. Гол нь таны бүтээж буй зүйл залуу үеийнхэнд зөв үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг, нийгэмдээ өгөөжтэй байх хэрэгтэй.

Удахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж танд амжилт хүсье.

Баярлалаа. Эмэгтэй хүн бүр бусадтай харьцуулшгүй өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй, түүгээрээ бусдаас ялгардаг. Өөртөө хайртай, өөрийгөө илэрхийлж дотоод ертөнцдөө итгэж чаддаг эмэгтэйчүүдээр би бахархдаг. Нийт Монголын сайхан ээжүүд, бүсгүйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье.

Сонирхолтой сэдвээр бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

INNOVSTYLE-ийн үүсгэн байгуулагч, Английн Karen Millen, Сингапурын Charles & Keith, Pedro брэндийн элч, Хувийн стилист О.Энэрэл (фото 4)

цааш үзэх