Дэлхийн шилдэг архитектур ба үзэсгэлэнт хотуудын талаарх Instagram хуудаснууд
Хэрэв та архитектур ба дизайн сонирхдог бол, эсвэл зүгээр л аялж, үзэсгэлэнт барилгуудыг харах дуртай бол эдгээр Instagram хуудаснуудыг дагаарай
Хотын тухай
Том ба жижиг хотуудын өвөрмөц архитектурын гэрэл зургууд танд төрөлх хотоо өөр нүдээр харахад туслаад зогсохгүй нэгэн хэвийн дүр төрхийг нь өөрчлөх шинэ санаа ба хүслээр цэнэглэх болно.
Польшийн гэрэл зурагчин Якуб Якубишин төрөлх хотдоо байрлах ЗХУ-ын үед баригдсан байшингуудын зургийг авах дуртай нэгэн. Хамгийн гайхалтай нь түүний дуранд эдгээр дүнсгэр, нүсэр барилгууд нь цэмцгэр бүр өхөөрдөм болон хувирдаг.
Stop the Roc
Барселон хотод суурьшин амьдардаг блогер Рок Исерн дэлхий даяар аялж, бидэнд орчин үеийн барилгуудын төрөл бүрийн фасадууд болон ер бусын архитектурыг харуулдаг байгаа. Үүнээс гадна тэрээр Barcelona Facades нэртэй тусдаа хуудсыг зөвхөн Барселон хотын гайхамшигт барилгуудад зориулсан байдаг.
Архитектор ба уран бүтээлч Хуан Карлос Фигера хар зураг зурж, онцгой мөчийг цаасан дээр буулгахын тулд үргэлж барилгын зөв өнцгийг олж хардаг. Түүний Instagram хуудас хэзээ ч харсан уйдхааргүй хүмүүс ба газруудыг дүрсэлсэн сонирхолтой бүтээлүүдийн "агуулах" гэж хэлж болох юм. Магадгүй та түүний бүтээлүүдээс санаа авч аяллынхаа үеэр эсвэл гэртээ байхдаа ч мөн ийм төрлийн зургуудыг зурж болно шүү дээ.
Берлиний гэрэл зурагчин Маттиас Хейдерих зургуудаа хүүхдүүдийн дурладаг чихрийн зөөлөн өнгүүдээр засч янзлан гэрэл зураг болон график дизайны хоорондын хил хязгаарыг үгүй хийж байна. Дашрамд дурдахад түүний зургуудыг захиалж, өрөөгөө чимэглэх боломжтой шүү.
Австралийн алдарт гэрэл зурагчин Бен Томас хүн ам ихтэй их хотын орон зайн зургуудыг авсныхаа дараа найзууддаа илгээхэд тохиромжтой өнгө өнгийн ил захидал болгон хувиргадаг.
Аяллын тухай
Ямар нэг шинэ улс эсвэл хотоор аялахынхаа өмнө хүмүүс тухайн газрынхаа түүх ба соёлын талаар мэдээлэл цуглуулдаг. Харин архитектурын гикүүд гайхалтай барилга, хөшөө дурсгал, хаягдсан байшингуудыг үзэхийн тулд тусгай төлөвлөгөө гаргадаг байгаа. Харин одоо аяллын өмнө ямар Instagram хуудаснуудыг дагахыг харцгаая.
Данийн архитектор Бьярке Ингельсийн архитектур ба дизайны сэдэвтэй Instagram хуудас нь аялж буй хүмүүст жинхэнэ "эрдэнэс" болно. Хэрэв та орчин цагийн хамгийн нөлөө бүхий архитекторын нүдээр дэлхийг харахыг хүсвэл түүний хуудсыг дагаарай.
Уг хуудасны нэрнээс л бүх зүйл тодорхой болно. Энд социализм ба модернизмын архитектурын тухай өгүүлнэ. Энэхүү хуудасны эзэн 1955-1991 оны хооронд баригдсан барилгуудыг бидэнд харуулж, эдгээр байшингууд яг одоо ямар нөхцөл байдалд оршиж байгааг дэлгэнэ.
"Энэ хуудас бол таны юу харж байгаа тухай бус харин хэрхэн харж байгаа талаар" юм хэмээн өөрийн Instagram хуудсаа Ливанаас гаралтай архитектурын гэрэл зурагчин Серж Нажар тодорхойлж байна. Түүний зургуудад үргэлж барилгын өвөрмөц өнцөг, геометр болон хүн дүрслэгдсэн байдаг. Учир нь хүн үгүй бол архитектур оршин тогтнохгүй гэж тэрээр үздэг аж.
Лиза гэх сэтгүүлч бүсгүй дэлхийгээр аялан модерн эрин үеийн барилгуудын эрэлд гардаг. Харин тэр хайсан зүйлээ олсон тохиолдолд тухайн барилгын зургийг авч, уг байшин нь ямар утга учиртай болох, хэзээ баригдсан, хотын бүтцэд ямар үүрэгтэй гэх зэрэг хэрэгтэй мэдээллийг хүргэдэг. Модерн стилийн архитектурт дурладаг хүмүүст түүний Instagram гарцаагүй таалагдана.
Германы гэрэл зурагчин Филип Вогт мөн л дэлхийг тойрч, хэсэг хугацааны дараа XXI зууны архитектурын дурсгал болж үлдэх агуа барилгуудын эрэлд гардаг. Түүний хуудаснаас та Заха Хадид, Алваро Сиза Виейра, Сантьяго Калатрава зэрэг орчин цагийн архитектурын ертөнцийн суут ухаантнуудын бүтээсэн барилгуудыг олж харах болно.
Блогер бүсгүй ер бусын шат, цахилгаан шат, урт хонгил зэргээр дамжуулан гэрэл хэрхэн бүх төрлийн орон зайг өөрчлөх чадвартайг харуулдаг.
Амстердамаас гаралтай гэрэл зурагчин Дик Беккер хаана ч явсан хээ угалз, өвөрмөц шугам, өнгө ба гэрэл сүүдрийн тоглолтыг олж харах гайхалтай авьяастай. Түүний бүтээлүүдээс та ямар ч өө сэв олж харахгүй.
Урам зориг авахын тулд
Та ойрын хугацаанд аялалд гарахаар төлөвлөөгүй ч танд өвөрмөц тэгш шугам, өвөрмөц өнгө ба бүтэц, сонирхолтой хээ хуар гээд ер нь л архитектур таалагддаг бол та доорх хуудаснуудыг дагаарай. Эдгээр хуудаснууд танд таатай сэтгэгдэл үлдээж, урам зориг өгөх болно.
Словакийн алдарт гэрэл зурагчин Мария Сварбова ихэвчлэн усанд сэлж буй хүмүүс болон усан сангийн зураг авдаг. Зөвлөлтийн үеийн барилгуудын эсрэг тэсрэг байдал, бодит бус мэт дүрслэлүүд, хачирхалтай чимэглэлүүд энд бүгд холилдон оршино. Үр дүнд нь хайчилж аваад ханандаа наачихмаар өвөрмөц зургууд бий болсон байна.
Англи улсын иргэн Рори Гардинер олон орны архитектурыг дурандаа буулгаж авдаг. Тэрээр зөөлөн, дулаан гэрэлтүүлгийн тусламжтай барилгуудыг илүү тааламжтай болгодог тул түүний зургуудыг үүрд харсан ч уйдахгүй.
"Би хувин дүүрэн цайруулагч эсвэл хүчиллэг нунтаг авчран барилгын фасад дээрх хөгц ба тортгийг цэвэрлэж чадахгүй ч Photoshop ашиглан арилгаж чадна шүү" гэж Ingo өөрийн уран бүтээлийн талаар ярьдаг. Хөх тэнгэр, өндөр ягаан барилга, мөн маш их гэрэл түүний Instagram хуудсыг чимнэ.
Уран бүтээлч Мадина Яворская ба түүний архитектор мэргэжилтэй ах Рустам Кунгуров нар зүгээр ч нэг бялуу биш жинхэнэ урлагийн бүтээл урладаг. Пит Мондрианы стильтэй эсвэл график дизайнерын мөрөөдөл болсон бялууг хараад танд өөрийн эрхгүй амсах хүсэл төрнө.
I have this thing with floors ба Parisian Floors
Хэрэв та угаалгын өрөөндөө засвар хийхээр төлөвлөж байгаа ч яг ямар хавтанцар сонгохоо шийдэж чадахгүй байвал дэлхийн хамгийн сайхан шалнуудын зурагтай энэхүү хоёр хуудсыг дагаарай. Харин та өөрөө хаа нэгтээ маш сайхан шал олж харвал зургийг нь аваад энэхүү хуудсанд илгээгээрэй. Тэд таны илгээсэн зургийг нийтлэх өндөр магадлалтай шүү.
Архитектурын салбарт өрнөж буй хамгийн чухал, сонирхолтой мэдээллүүдийг эндээс авах боломжтой. Хамгийн үзэсгэлэнтэй байшингууд, өвөрмөц барилгууд, шилдэг архитектурын студиуд гээд бүгд энд бий.