Хайх

Ноолууран эдлэл, сорочка, бугуйн цаг зэргийг хэрхэн зөв арчлах вэ?

Ноолууран эдлэл, сорочка, бугуйн цаг зэргийг хэрхэн зөв арчлах вэ?

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Text: Бюро 24/7

Тэйлор хослол

Тэйлор хослолоороо алдартай Richard James брэндийн үүсгэн байгуулагч Син Диксон хослолоо арчлах үедээ хуурай хими цэвэрлэгээнээс аль болох татгалзаж, үүний оронд "Sponge & Press" төрлийн арчилгаа сонгож байхыг зөвлөлөө. "Sponge & Press" гэдэг нь хослол дээр тогтсон толбыг нэг бүрчлэн гараар цэвэрлэн, өндөр температурын уураар индүүдэхийг хэлэх ба дээд зэрэглэлийн хувцас арчилгааны төрөлд тооцогддог байна.

Харин хуурай хими цэвэрлэгээнд өгөх тохиолдолд пиджак болон өмд нэгэн зэрэг химид орох эсэхийг нягтлаарай. Учир нь нэгэн зэрэг химид ороогүй тохиолдолд пиджак болон өмдний өнгө хоорондоо ялгаатай болох магадлалтай байна. Түүнчлэн пиджакны мөрний хэлбэр алдагдахаас сэргийлэхийн тулд зориулалтын өлгүүрт өлгөж байхыг Син Диксон санууллаа.

Деним

Олон хүмүүс деним буюу жийнсэн материалыг угаах тусам чанараа алдаж, өнгө нь ганддаг гэх ойлголттой байдаг. Гэвч жийнсэн өмд ба хүрмээ тогтмол угаасан ч, гол нь зөв арчилж чадвал шинэ байдлаа удаан хадгалах боломжтойг Super Stitch оёдлын компанийн мэргэжилтэн Артур Леклер онцоллоо. Деним материалыг угаалгын машинд угаах үед зөөлөн эргэлттэй горим сонгон зориулалтын нунтаг бодис хэрэглэх ба хувцасны хэлбэрийг алдагдуулахгүйн тулд өлгөж хатааж байхыг тэрээр зөвлөсөн юм.

Бугуйн цаг

Дэлхийн хамгийн алдартай бугуйн цаг засварын компани болох Luxury Watch Repairs-ийн менежер Оливер Поллок бугуйн цагийг 3-5 жил тутамд үзлэгт оруулан, жижиг эд ангиудыг тослуулж байхыг зөвлөлөө. Учир нь цагны эд ангиуд хоорондоо нягт холбоотой ба нэг нь эвдрэхэд л цаг ажиллагаагүй болох магадлалтай байдаг. Мөн танд нэгээс олон бугуйн цаг байдаг бол зориулалтын хайрцагт хадгалж байхыг тэрээр онцолсон юм.

Сорочка

Drake's тэйлор брэндийн зөвлөх Лиз Эстоний зөвлөж буйгаар сорочкаг гэрийн нөхцөлд угаалгын машинд угаахад асуудалгүй бөгөөд хамгийн гол нь энгэр, зах гээд бүх товчийг тайлан, усны температурыг хамгийн багадаа 30ºC байлгах хэрэгтэйг онцолсон юм. Түүнчлэн сорочканы эдэлгээ индүүдлэгээс ихээхэн хамаардаг бөгөөд дотор талаас нь индүүдэж байхыг тэрээр зөвлөлөө.

Ноолууран эдлэл

Ноолуур нь бусад төрлийн материалтай харьцуулбал маш эмзэг ба угаах үед усны температурыг зөв тааруулаагүйгээс болж хэлбэрээ маш хурдан алддаг. Угаалгын машинд угаах, хүчтэй үрж, мушгих нь ноолуурыг гэмтээдэг бөгөөд гараар угаах үедээ зөөлөн базах байдлаар угаахыг ноолууран хувцасны мэргэжилтэн Тим Кларк зөвлөсөн юм. Мөн хатаагч машинд хатаахыг хориглох бөгөөд хөндлөнгөөр нь дэлгэж хатаах хэрэгтэй.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх