Хайх

Хүнсний хаягдлыг багасгах 6 энгийн арга

Хүнсний хаягдлыг багасгах 6 энгийн арга

Ухамсартай амьдрал

Text: Г.Тэмүүлэн


Өдөр бүр дэлхий даяар 3,5 сая тонн хүнсний хаягдал гардаг. Энэ нь жилд 1,3 тэрбум тонн хүнсний хог хаягдал болдог гэдгийг НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдсэн байдаг. Энэ их хүнсний хаягдлын ердөө ¼ хэмнэхэд л дэлхий даяар өлсөж буй 870 сая хүнийг хооллож чадна гээд та төсөөлөөд үз дээ. Ийм төрлийн тоо баримтууд маш олон байдаг ч бид дэлгүүр орох бүртээ хөргөгчөө дүүргэхийг эрмэлзэж, дараа нь гашилсан сүү, хөгцөрсөн талхаа санаа зоволгүйгээр хаяж орхидог. Харин одоо энэ байдлыг өөрчлөх цаг нэгэнт иржээ. Ингээд хүнсний хаягдал багасгаж, байгаль орчинд ээлтэй амьдрахад туслах эдгээр аргуудыг хэрэгжүүлэн өдөр тутмын зуршил болгоорой.

Зөвхөн шаардлагатай зүйлсийг худалдаж ав

Мэдээж хэрэг үүнийг сонсоод та зөвхөн шаардлагатай зүйлсийг л худалдаж авдаг гэж бодож болох юм. Гэхдээ долоо хоногийн эцэст хөргөгчөөс тань хоолны хаягдал гарч л байвал та шоппинг жагсаалтаа дахин нэг нягтлаад үзээрэй. Хүнсний хаягдал гаргахгүй байх үйл явц супермаркетаас эхэлдэг гэдгийг санан, "Хэрэгтэй зүйлсээ худалдаж ав, авсан зүйлсээ л ид" гэх дүрмийг мөрдөхийг хичээгээрэй.

Хүнсний хаягдлыг багасгах 6 энгийн арга (фото 1)

Хоолны цэсээ долоо хоногоор нь гаргах

Ахлах тогоочийн дүрд хувиран, долоо хоног бүр хоолны шинэ цэс гаргаарай. Та ямар бүтээгдэхүүнийг, хэр их хэмжээгээр, хэзээ идэхээ мэдэж байвал илүүдэл хүнс худалдаж авахгүй шүү дээ. Мэдээж хэрэг эхэндээ хоосорсон хөргөгч бага зэрэг гунигтай харагдаж болох л юм. Гэхдээ та хоол хүнсээ хаях шаардлагагүй болно гэдгийг санаарай. Хэрэв шаардлагатай бол та үргэлж ойролцоох дэлгүүрээс дутуу зүйлээ нөхөн авч болно. Гол нь "Бүх зүйл цэсний дагуу!" гэх уриаг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Хүнсээ хөргөгчид зөв байрлуулах

Хөргөгчид хүнсийг зөв байрлуулснаар бүтээгдэхүүнүүд тохиромжтой температурт хадгалагдаж, эмх цэгцтэй байх болно. Та хаана, юу байгааг мэдэж, хөргөгчийн буланд муудаж хөгцөрсөн бяслаг, алим зэргийг анзааралгүй өнгөрөөхгүй. Ихэвчлэн хөргөгчийн дунд тавиур хамгийн хүйтэн байдаг тул махан бүтээгдэхүүн, сүү, таргийг хадгалахад тохиромжтой. Дундаас дээд хэсэгт хөргөгчийн температур арай өндөр байдаг тул ундаа, тагийг нь нээсэн лаазалсан бүтээгдэхүүн, жимсний чанамал зэргийг байршуулаарай. Харин доод тавиуруудад жимс, ногоо хадгалахад тохирно. Хөргөгчийн хаалганы температур дээд хэсэгтээ илүү хүйтэн байдаг тул өндөг хадгалахад зохимжтой байдаг. Харин доод хэсэгт янз бүрийн сүмс, уух зүйлсийг байрлуулах нь зүйтэй.

Хүнсний хаягдлыг багасгах 6 энгийн арга (фото 2)

Шүүс шахагчаас татгалзах

Жимсний цэвэр шүүс эрүүл мэндэд тустай хэдий ч шүүсийг нь шахаж авсны дараа тухайн жимс бараг бүхэлдээ хог дээр хаягддаг. Үнэхээр хайран биш гэж үү? Бид таныг шинэхэн жимсний шүүснээс бүр мөсөн татгалзахыг уриалаагүй ч та үүнийг яагаад смүүтийгээр орлуулж болохгүй гэж? Энэ тохиолдолд та жимсийг бүхэлд нь ашиглаад зогсохгүй жимсэнд агуулагдах эслэг эрүүл мэндийг тань тэтгэх болно (жимсийг шүүс болгоход эслэг нь алдагддаг). Мөн та илүү удаан хугацаанд цатгалан мэдэрнэ.

Хаяж байгаа зүйлсээ тэмдэглэх

Хаяж байгаа бүх хүнсээ тэмдэглэн авч, өөртөө дүгнэлт хийгээрэй. Ингэснээр ирээдүйд хүнсний хаягдлаас сэргийлж чадна. Мөн хогийн сав руу орж байгаа бүх зүйлсийн үнийг тэмдэглэлдээ бичих нь маш үр дүнтэй байдаг. Учир нь танд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хог дээр хаяж байгаа мэт санагдах болно.

Хүнсний хогоор бордоо хийх

Органик хог хаягдлыг хогийн саванд хийхийн оронд бордоо болгох боломжтой гэдгийг та мэдэх үү? Үүний тулд танд хуванцар сав, сонингийн цаас, чийгийн улаан хорхой (Тийм ээ, та зөв сонссон!), хөрс, ус байхад л хангалттай. Хамгийн чухал нь та жимс, ногоо ба өндөгний хальс, үлдэгдэл, цайны шаар зэрэг зөвхөн органик хаягдлыг л бордоо болгох боломжтой гэдгийг анхаараарай. Та дэлгэрэнгүй зааварчилгааг эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх