Хайх

Team Mongolia: Ялалт хүлээсэн дөрөв дэх өдрийн тойм

Team Mongolia: Ялалт хүлээсэн дөрөв дэх өдрийн тойм

Олимп үргэлжилсээр

Text: Buro.Mongolia


Олимпийн наадмын дөрөв дэх өдрийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Манай улсаас таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдсөн ба тэдний тэмцээний тоймыг танд хүргэж байна

Зуны Олимпийн XXXI дэх удаагийн наадмын дөрөв дэх өдрийн тэмцээнүүд явагдаж дууслаа. Одоогийн байдлаар Монгол улс нэг мөнгөн медаль авсан амжилтаараа Олимпод баг, тамирчдаа илгээсэн 206 орноос 32-т эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн шөнө манай тамирчдаас гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, жудо бөхөөс Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар болон боксын 60 кг-ын жинд Д.Отгондалай нар өрсөлдлөө. 

Гар бууны 25 метрийн төрөлд өрсөлдсөн 40 тамирчнаас нийлбэр дүнгээр О.Гүндэгмаа 579 оноотойгоор 12-р байранд, Ц.Мөнхзул 580 оноотойгоор 11-р байранд оржээ. Жудо бөхийн хувьд Ц.Мөнхзаяа эхний тойрогтоо Мороккогийн бөхийг цэвэр ялсан ч хоёр дахь учраандаа Хятадын бөхөд иппон буюу даралтанд орж дийлэгдэн тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Мөн жудо бөхийн -81 кг-д зодоглосон ОУХМ О.Ууганбаатар Египетийн Мохамед Адбелаалд иппоноор дийлдэж тэмцээнээ дуусгажээ.

Харин боксын -60 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёр дах тойрогт Нидерландын боксчинтой тулалдаж 2:1-ээр ялалт байгууллаа. Улмаар Д.Отгонбаатар Бразилын цагаар наймдугаар сарын 12-ны 18:00 цагт хагас финалд, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 

Ийнхүү шигшээ багийн тамирчдынхаа захыг мушгиж, амжилтын буухиаг хүлээж суугаа монголчууд анхаарлаа Олимпийн тав дах өдөр хүч үзэх жудо бөхийн хоёр, боксын хоёр тамирчид руу шилжүүллээ. 


цааш үзэх