Хайх

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов?

Соло аялал жуулчлалын талаар таны мэдэх ёстой зүйлс

Text: Бюро 24/7


Зураг:

Статистикийн мэдээнээс харахад эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд илүү их аялдаг болох нь тогтоогджээ. 2010 оноос эхлээд ганцаараа аялж буй эмэгтэйчүүдийн тоо 78%-иар нэмэгдсэн байна. Сүүлийн үед "Solo female travel" гэх аяллын тренд дэлгэрч, энэ тухай маш олон ярианууд гарах болжээ. Тухайлбал хэрэв эмэгтэй хүн ганцаараа аялж байвал түүнийг ганц бие, интроверт, секс жуулчин, эсвэл гэр бүл ба найз нөхөдгүй ганцаардмал хүн гэж ярих тохиолдол бий. Тэгвэл эдгээр хэвшмэл ойлголтууд хэр үндэслэлтэй болохыг олж мэдэцгээе.

Бүх зүйл юунаас эхэлсэн бэ?

Эмэгтэйчүүд ганцаараа аялах болсон шалтгааныг Элизабет Гилбертийн номоос сэдэвлэн бүтээсэн "Eat Pray Love" кинотой холбож тайлбарладаг. Жүжигчин Жулия Робертсын тоглосон энэхүү киноны үйл явдалд гол дүрийн бүсгүй өөрийн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаагаа ухаарч, нөхрөөсөө салсныхаа дараа ганцаараа аялалд гардаг. Тэрээр Италид очин сэтгэл санаагаа паста идэн эмчилж, Энэтхэгт оюунлаг байдалд суралцдаг бол, Балид очоод хайр дурлалтайгаа учирдаг. Аз жаргалтай төгсгөлтэй энэхүү кино гарснаас нэг жилийн дараа гэхэд АНУ, Их Британи, Австрали, Хонг Конг улсуудад ганцаараа аялах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо 53%-иар нэмэгджээ. Мөн бүсгүйчүүд ганцаараа аялах болсон нь йога аялал, оюунлаг (mindfulness) аяллын хөтөлбөрүүд нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэх нь ч бий. Учир нь ийм төрлийн аялалд энэ тухай ямар ч ойлголтгүй нөхөр эсвэл байнга "буу халж" байдаг найзыгаа дагуулж явах нь утгагүй хэрэг юм. Түүнчлэн ганцаараа аялах тухай маш дэлгэрэнгүй харуулдаг Риз Уидерспуны тоглосон "Wild" кино 2014 онд нээлтээ хийсэн байгаа. Зохиолч Шерил Стрэйдийн дурсамж номоос сэдэвлэн бүтээсэн тус киноны үйл явдалд хар тамхины донтолттойгоо тэмцэж, ээжийгээ таалал төгссөнөөс болж сэтгэлийн хямралд орсон нэгэн эмэгтэй өөрийгөө таньж мэдэн, сэтгэл санаагаа эмчлэхийн тулд ууланд 1,600 гаруй км явган аялал хийдэг. "Wild" кинонд гардаг энэхүү дэнлүү асааж ч чаддаггүй шаргал үстэй эмэгтэй бидэнд аялж амрахад заавал таван одтой зочид буудал, спа шаардлагагүй бөгөөд заримдаа зүгээр л үүргэвч, уулын гутал байхад хангалттай гэдгийг баталж чадсан юм.

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 1)

Бүсгүйчүүд яагаад ганцаараа аялахыг илүүд үздэг вэ?

Энэ асуултын хариултыг Америкийн stand up comedian, жүжигчин Жен Киркман бидэнд өгсөн юм. Жен найз залуугаа орхин Венеци хот руу аялахаар шийдэхэд түүний гэр бүлийнхний нүд нь бүлтрэх шахсан гэнэ. "Тэд надаас яагаад найз залуу маань хамт явахгүй гэж шийдсэнийг асууж, түүнийг заавал надтай хамт байх ёстой хэмээн үзэж байлаа. Хэрэв тэр надтай хамт явахгүй бол тэдний бодлоор бидний харилцаа муудсан хэмээн ойлгоцгоож байв. Харин би гэр бүлийнхэндээ энэ чинь зүгээр л аялал болохоос химийн эмчилгээ биш шүү дээ гэж хэлсэн юм. Ер нь яагаад заавал хайртай хүнтэйгээ хамт аялах ёстой гэж? Яагаад заавал харилцаагаа эрсдэлд оруулах хэрэгтэй гэж? Би нэгэн удаа нөхөртэйгөө хамт Парис руу аялж үзсэн. Үр дүнд нь юу болсон гээч? Бид салсан" хэмээн Жен ярьжээ. Хэрэв асуултыг эсрэгээр нь "эмэгтэйчүүд яагаад заавал хэн нэгэнтэй хамт аялах ёстой вэ?" гэж өөрчилбөл бүх зүйл илүү тодорхой болно.

Саша Козлова, сэтгүүлч

"Би бол интроверт хүн. Гэхдээ би хүмүүстэй харилцах чадвараа сайжруулж чадсан. Гэсэн хэдий ч надад үе, үе бүхнээс холдож, ганцаараа нам гүн орчинд байх шаардлага гардаг. Заримдаа чухал шийдвэр гаргах эсвэл цаашдын зорилгоо тодорхойлохын тулд ганцаараа байх хэрэгтэй байдаг. Энэ нь хаалттай хүн болж, толгой дотроо харилцан яриа өрнүүлнэ гэсэн үг биш юм шүү. Харин өөртэйгөө болон өөрийнхөө мэдрэмжтэй холбоо тогтоохыг хэлнэ. Яг үүнийг олон нийтийн дунд ч хийж чаддаг хүмүүсийг би мэднэ. Гэхдээ надад одоогийн байдлаар өөрийгөө сонсохын тулд бусдаас тусгаарлагдах шаардлага гардаг. Хэрэв ганцаараа удаан хугацааны турш аялах юм бол өөрийнхөө талаар маш олон шинэ зүйлсийг олж мэдэх боломжтой. Тиймээс би зориуд ганцаараа Станбул болон Шри-Ланка улс руу аялсан юм. Эхлээд Станбул руу аялахдаа харийн оронд ганцаараа амьдрахад ямар байдгийг мэдэх зорилготой байсан. Үнэхээр илааршдаг юм билээ. Хоёр дах удаагаа энэ мэдрэмжээ сайтар судлах зорилгоор явсан юм. Харин бусад үед зүгээр л ганцаараа аялж таарсан. Би нэгэн удаа замд хань болох бүсгүйг интернетээр хайж үзсэн юм л даа. Тэгээд нэгэн бүсгүйтэй уулзаж үзтэл тэр 30 минутын турш надаас "Чи ямар ордонд төрсөн бэ?" гэсэн нэг л асуултыг асуусан. Үүнээс хойш би өөрийгөө л зугаацуулахаар шийдсэн".

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 2)

Алена Олейник, худалдааны мэргэжилтэн

"Энэтхэг улсын хойд хэсэгт орших Пакистаны хил дээр очсон нь миний анхны бие даасан аялал байсан. Ингэх болсон шалтгаан нь миний хувийн амьдралын хямралтай холбоотой. Үүнээс гадна би аялахаасаа өмнө зохиолч Александра Давид-Неелийн Энэтхэг ба Түвд улсаар аялсан тэмдэглэлийг уншсан байсан юм. Тиймээс л би Жамму ба Кашмир мужид очиж үзэхээр шийдсэн. Мөн Ладакх, Занскар, Кашмирт би маш гайхалтай хүмүүстэй танилцаж, ер бусын туршлагыг олж авсан юм. Тэгэхэд л би анх ганцаараа аялахад ертөнцийн олон зүйлсийг таньж мэдэж болохыг ойлгосон. Соло аялал жуулчлал нь зөвхөн бие даасан, шийдэмгий байдлыг илтгээд зогсохгүй өөрийн дотоод ертөнцөө танин мэдэхийг хэлнэ".

Алина Ежова, "Эксмо" вебсайтын редактор

"Би ганцаараа аялж байх үедээ нэг барилгыг олон цагаар ширтэн сууж, хооллох ресторанаа өөрөө сонгож, өөрийгөө судалж чаддаг. Үүний зэрэгцээ би аялах хугацаандаа үргэлж шинэ хүмүүстэй танилцдаг. Жишээ нь би Марокко улс руу нэг талын тасалбар аван аялж байхдаа надтай адилхан ганцаараа аялж яваа нэгэн Герман бүсгүйтэй танилцаж байсан юм. Дараа нь бид бас нэг Америк залуутай танилцаж, аяллаа цаашид хамтдаа үргэлжлүүлсэн. Эцэст нь бид тавуулаа болсон юм. Хэрэв би найзтайгаа хамт аялсан бол олон сонирхолтой хүмүүстэй танилцахгүй байсан биз ээ".

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 3)

Эмэгтэйчүүдийн соло аялал жуулчлал хэр аюулгүй вэ?

Нөгөөх л "Wild" кинонд гол дүрийн бүсгүй тариан талбайд төөрч нэгэн залуугаас тусламж гуйдаг боловч хүчингийн хэргийн хохирогч болох эрсдэл үүсдэг. Хэдийгээр бүсгүйд эцэст нь аз таардаг ч, ганцаараа аялж байгаа бол ууланд ч тэр, Европын хотод ч тэр сонор сэрэмжээ хэзээ ч алдаж болохгүй юм. TheLobster.me блогийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Яся Фогельгардт "Би Лена гэдэг найзтайгаа замын унаанд дайгдан дэлхийг тойрон аялаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Бид Өмнөд Америк руу аялахынхаа өмнө бүх зүйлд бэлэн байсан. Бусдад хулгайлагдан хүчээр ажил хийхээс эхлээд галт зэвсэгтэй дээрэм гээд бидэнд ямар ч аюул тулгарч болзошгүйг мэдэж байсан учраас чинжүүтэй нулимс асгаруулагч, цахилгаан бороохой худалдан авч, үнэтэй камеруудаа хямдхан харагдуулахын тулд скочоор ороож байлаа. Өмнөд Америкт гурван жуулчны нэгийг нь заавал дээрэмддэг гэх интернетэд бичсэн сэтгэгдлүүдийг уншаад эхлээд үнэхээр айж байсан. Харин аюул таны төсөөлөөгүй газар хүлээж байдаг гэдгийг өөрийн туршлагаас мэдсэн дээ. Жишээ нь Швейцари, Венесуэль улсуудад аюулгүй байна гэсэн ямар ч баталгаа байхгүй. Өмнөд Америкт эцэст нь бүх зүйл тайван өнгөрсөн бол Швейцари улсад биднийг нэгэн гаж донтон ой руу авч явах шахсан шүү" гэж бидэнтэй аяллынхаа туршлагаас хуваалцсан юм. Дорно зүгийн эрчүүд бол бас нэгэн ярвигтай сэдэв билээ. "Бага зэрэг ганган хувцас өмссөн тохиолдолд нутгийн эрчүүд бүгд хардаг. Ямар ч тохиолдолд ядам хуруундаа бөгж зүүж, Омар Хайямын номыг авч явахад илүүдэхгүй" гэж Саша Козлова зөвлөлөө. Мөн Алена Олейник "Ихэвчлэн Буддын шашинтай мужууд хамгийн аюулгүй байдаг ч Энэтхэгт сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Энэтхэгийн Буддын шашинтай нутгуудад надад ямар нэг асуудал үүсээгүй. Гэхдээ Кашмирт дөхөх тусам эрчүүд нь аюултай болж эхэлсэн. Нутгийн иргэд эмэгтэй хүн ганцаараа аялах ёсгүй гэж үздэг. Жишээ нь Каргилд бүр маш аймшигтай санагдсан учраас өрөөнийхөө хаалгыг тавилгаар хаах хэрэг гарсан. Эдгээр газруудад таны хувцас биеийн тань хэлбэрийг нууж, хүзүү болон гарыг халхалж байх ёстой. Энэ дүрэм Дели хотын 40 хэмийн халуунд ч үйлчилнэ" гэж ярьсан юм. Саяхан Forbes сэтгүүл эмэгтэйчүүд ганцаараа аялахад хамгийн аюултай хотуудыг нэрлэсэн билээ. Энэхүү жагсаалтад Египет, Марокко, Ямайк, Перу, Багамын арлууд, Эквадор, Турк зэрэг улс орнууд багтжээ. Гэхдээ Яся Фогельгардтын үзэж буйгаар бол бүх зүйл тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг гэнэ. "Эмэгтэйчүүд хэзээ ч очиж болдоггүй газар гэж байхгүй. Харин хэзээ ч хийж болохгүй үйлдлүүд бий. Жишээ нь Нью-Йорк, Буэнос-Айрес эсвэл Парис гээд аль ч хотод байсан хамаагүй хотын гэмт хэрэг ихтэй дүүргүүдэд очиж болохгүй. Мөн орой үдэш зугаалж эсвэл зүгээр л зөн совингийнхоо эсрэг зүйл битгий хийгээрэй".

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 4)

Эмэгтэйчүүдийн соло аялалд зориулсан өвөрмөц газрууд

Аландын арлууд

Нам гүн, чимээгүй орчинд дуртай хүмүүст төгс сонголт болно. Юуны өмнө Финланд улс хамгийн аюулгүй оронд тооцогддог гэдгийг дурдах хэрэгтэй. Мөн Финланд иргэдийн сэтгэхүй огт өөр учраас тантай танилцах гэж бараг оролдохгүй л болов уу. Аландын арлууд нь маш хүн багатай байдаг учраас далайн эрэг, кафе гээд ихэнх газрууд нь зөвхөн таны мэдэлд очих болно. Аландын арлуудаар дугуй түрээслэн аялах нь хамгийн тохиромжтой байдаг. Далай, хөвд, чулуугаар хүрээлэгдсэн бараг л хүнгүй шахуу замаар, гурав хоног дугуйгаар аялан Мариенхайм нэртэй хотод хүрч болно.

Балтикийн орнууд

Рига хотын Вецаки дүүрэг, Эстон улсын Сааремаа арал, Литва улс нь гурав, дөрөв хоног аюулгүй амраад ирэхэд хамгийн тохиромжтой газрууд юм. Эдгээр газрууд нь үзэсгэлэнт байгальтай ч ямар нэг зугаацах зүйл ховор. Тиймээс танд өөрийгөө зугаацуулах зүйлс бодож олох хэрэг гарна. Жишээ нь явган аялал хийж, дугуйтай зугаалж эсвэл зүгээр л далайд сэлж болох юм.

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 5)

Гарда нуур

Альпийн нуруунд байрлах энэхүү нуурын ойролцоо хүмүүсийн очдог хамгийн алдартай газрууд бол Лимоне, Бардолино, Рива-дель-Гарда, Сирмионе юм. Гэхдээ тайван амрахыг хүсэж байвал эдгээр газруудад очихын оронд Гарньяно гэх жижиг тосгоныг зориорой. Та энд оройдоо ууланд явган аялж, өглөө эрт нуурын эрэгт хунгийн чуулга харж болно.

Фарерын арлууд

Алслагдсан гэрэлт цамхаг, байгалийн дүр зураг нь танд ер бусын мэдрэмжийг төрүүлнэ. Фарерын арлууд нь ганцаараа байж, өөрийгөө олоход хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Ертөнцийн захад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг Фарерын арлууд нь танд дотоод ертөнцөө танин мэдэхэд тань тусална гэдэгт итгэлтэй байна.

Эмэгтэйчүүд яагаад ганцаараа аялах болов? (фото 6)

Кунгследен уулын зам, Швед

Хэрэв "Wild" киноны зураг авалтыг Европт хийсэн бол Швед улсын баруун хэсэгт орших Кунгследен гэх энэхүү уулын зам гайхалтай тохирох байсан юм. Норвегийн хил дээр орших энэхүү уулын зам нь нийт 450 км үргэлжилдэг бөгөөд жуулчны баазууд нь хоорондоо 10-15 км зайд байрладаг. Тиймээс энэхүү уулын зам нь явган аялал хийхэд төгс газар болж байгаа юм.

цааш үзэх