Хайх

Мэнгэ авахуулах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Мэнгэ авахуулах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Хортой ба хоргүй мэнгийг хэрхэн таних, ямар нөхцөлд авахуулах хэрэгтэй, мөн мэнгэ авах процедур хэрхэн явагддаг талаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний арьсан дээрх ихэнх мэнгэнүүд төрөлхийн гарал үүсэлтэй байдаг бол, зарим нөхцөлд гаднын нөлөөний үр дүнд шинээр үүссэн байдаг. Ихэнх тохиолдолд мэнгийг эмчлэх шаардлага байдаггүй ч, ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг зайлшгүй анзаарч байх хэрэгтэй юм. Ямар шинж тэмдэг илэрсэн үед эмчид хандах хэрэгтэйг мэдэж байх нь нэн чухал. Цаг тухайд нь зөв арга хэмжээ авч чадахгүй нөхцөлд мэнгэ хорт хавдар болж хувирах аюул бий.

Мэнгэ яаж үүсдэг вэ?

Шинээр төрсөн хүүхдийн арьсан дээр мэнгэ үзэгдэх нь тун ховор. Учир нь амьдралын эхний жилүүдэд хүний мэнгэ маш жижиг хэмжээтэй байдаг тул нүдэнд огт харагддаггүй. Харин хүүхдийн бие махбод өсөж томрох үед бор өнгийн толбонууд мэдэгдэхүйц болж ирдэг. Ихэвчлэн нийт мэнгэний дийлэнх хувь нь даавар боловсрогдож эхлэхэд үүссэн байдаг.

Мэнгэ үүсэх нь ерөнхийдөө маш нарийн үйл явц юм. Үүнийг товчхон тайлбарлая гэвэл арьсны эсүүд пигментээр дүүрч, меланоцит нэртэй эс болж хувирдаг. Харин тэрхүү меланоцит эсүүдийн бөөгнөрлийг мэнгэ гэж нэрлэдэг байна. Арьсан дээр өнгөн хөрсний меланоцит эс үүсэхэд бие организмын дааврууд нөлөөлдөг. Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор бол хүний арьсан дээрх мэнгэ 25 нас хүртэл үүсдэг бөгөөд цаашид тэдгээр мэнгэнүүд нь бие организмын хамтаар "өсдөг" байна.

Цайвар үс ба нүдтэй хүмүүс хамгийн азгүйд тооцогддог. Тэдний арьс илүү эмзэг бөгөөд нарны хэт ягаан туяанаас бага хамгаалагдсан байдаг. Тиймээс ч тэдний арьсан дээр мэнгэ үүсэх нь элбэг. Ерөнхийдөө арьсан дээр үүссэн мэнгээ сайтар ажиглахгүй бол хорт хавдар бий болох аюул байдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Мэнгэ авахуулах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Ямар нөхцөлд мэнгээ авахуулах хэрэгтэй вэ?

Мэнгэнүүд хоорондоо хэмжээ, хэлбэр ба өнгөөрөө ялгардаг. Шинэ мэнгэ үүссэн эсэхийг биеийн үрэлт ихтэй хэсгүүд болох хүзүү, суганы хонхорхой, хөхний даруулга хүрдэг арьсны орчимд шалгах хэрэгтэй. Хэрвээ шинэ мэнгэ үүссэн бол тэдгээрийн хэлбэр ба өнгө нь өөрчлөгдөж байгаа эсэхийг анзаарч эхлээрэй. Мэнгэ хөндүүртэй эсвэл өвдөлттэй байвал, цус гарч байвал, мөн хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөж байвал арьсны хавдар судлаачид хандах хэрэгтэй. Эмч мэнгэний гарал үүслийг тодорхойлж, шаардлагатай нөхцөлд эмчилгээ бичиж өгнө.

Мэргэжилтний зөвлөгөө

«Атлас» төвийн анагаах ухааны эмч, профессор, дээд зэрэглэлийн мэс засалч Александр Гейниц:

«Анагаах ухаанд ямар ч төрлийн мэнгийг арьсны хавдар гэж үзэн, хоргүй ба хортой хавдрууд гэж хуваадаг. Хэрвээ арьсан дээр ямар нэгэн товгор бүтэцгүй, ердийн нэгэн өнгөт толбо үүссэн бол үүнд санаа зовних зүйлгүй. Харин мэнгэ арьсны гадаргуугаас товойж, арьснаас өөр буюу тэгш бус бүтэцтэй бол үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Ийм төрлийн мэнгэнээс ямар нэгэн шингэн эсвэл цус ялгарч, өвдөлттэй болж, хэмжээ нь өөрчлөгдөж эхэлбэл зайлшгүй авахуулж, дараагаар нь гистологийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй».

Мэнгэ авахуулах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Мэнгийг авахаас өмнө эмч оношилгоо хийж, мэнгэний гарал үүслийг тодорхойлдог. Арьсан дээрх хавдар хортой эсвэл хоргүй болохыг гистологийн шинжилгээ илүү оновчтой тогтоох болно. Ийм шинжилгээ авахад эмч мэнгэний эсийг микроскопын тусламжтайгаар судалдаг.

Мэнгэ авах процедур хэрхэн явагддаг вэ?

Мэнгийг ямар ч тохиолдолд өөрөө авч болохгүй. Мэнгэ авах процедур зөвхөн эмчийн хяналт доор, эмнэлгийн байгууллагуудад явагддаг. Процедурыг эхлэхээс өмнө эмч мэнгэний тухайн хэсэгт мэдээ алдуулагч хийж, мэнгийг електродоор түлэх аргачлалаар авдаг. Процедур 10-25 минут үргэлжлэх бөгөөд үүний дараагаар эмч мэнгэний эсийг гистологийн шинжилгээнд өгдөг. Хэрвээ мэнгийг лазерын аргаар авбал дараа нь мэнгэний гарал үүслийг олж мэдэх ямар ч боломжгүй болох юм. Учир нь лазер аргачлал гистологийн шинжилгээнд шаардлагатай бүх өгөгдлүүдийг үгүй хийдэг байна.

Мэнгэ авахуулах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Мэнгээ авахуулсны дараа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Мэнгээ авахуулсны дараа 3-4 долоо хоногийн турш арьсаа наранд шарж болохгүй бөгөөд мэнгэ авсан хэсгийг SPF 50+ ба түүнээс дээш хамгаалалттай тосоор хамгаалах хэрэгтэй. Арьсны түлэгдсэн хэсгийг өөрөө оролдож, ховхолж болохгүй. Эс тэгвээс сорви үлдэх болно. Процедур хийлгэсний 10 хоногийн дараа эмчид үзүүлж, арьсны нөхцөл байдлыг шалгуулах нь зүйтэй.

Мэргэжилтний зөвлөгөө

«Атлас» төвийн анагаах ухааны эмч, профессор, дээд зэрэглэлийн мэс засалч Александр Гейниц:

«Мэнгэ ямар шалтгааны улмаас үүсдэг болохыг одоо хэрэн баттай тодорхойлоогүй байгаа. Гэхдээ шинэ мэнгэ үүсэхэд нөлөөлдөг тодорхой хэдэн хүчин зүйлс бий. Үүнд юуны түрүүнд дархлааны сулралт, удамшлын болон төрөл бүрийн химийн гаралтай хүчин зүйлс, мөн арьсны өнгөний онцлог хамрагддаг юм. Харин шинэ мэнгэ болон нарны цацраг хоорондын шууд холбоог эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байгаа».

цааш үзэх