Хайх

Альбус Дамблдорын дүрийг бүтээсэн Майкл Гамбон таалал төгслөө

Альбус Дамблдорын дүрийг бүтээсэн Майкл Гамбон таалал төгслөө

Text: Buro.Mongolia


Үзэгчдийн сэтгэл зүрхэнд “Харри Поттер” киноны Альбус Дамблдорын дүрээр хоногшсон тайз, дэлгэцийн алдарт жүжигчин Майкл Гамбон 82 насандаа уушгины хатгалгааны улмаас таалал төгслөө. Энэхүү гунигт мэдээг түүний гэр бүлээс “Хайрт нөхөр, хүндэт эцэг Майкл Гамбон маань нас барсан тухай мэдэгдэж байгаадаа тун их харамсаж байна. Тэр эцсийн мөчөө эхнэр Эннтэйгээ өнгөрүүлэн амар тайвнаар эмнэлгийн орон дээр нойрслоо. Майкл 82 настай байсан. Энэ хэцүү цаг үед сэтгэлийн дэмжлэг үзүүлж, бидний хувийн нууцыг хүндэтгэж, харамслаа илэрхийлж буй та бүхэнд баярлалаа” хэмээн мэдэгджээ.

Тэрээр 1960 онд урлагт театрын жүжигчнээр хөл тавьж, 1965 онд “Othello” киногоор дэлгэцийн уран бүтээлд анх дүрээ мөнхөлж байв. Үүнээс хойш тэрээр дэлгэцийн 100 гаруй кино, цувралд тоглосон ба үүнийхээ хажуугаар тайзны жүжиглэлтээ ч орхиогүй юм. Тэрээр 2004 онд “Харри Поттер ба Азкабаны хоригдол” бүтээлд Альбус Дамблдорын дүрийг бүтээж, дэлхий даяар танигдаж эхэлсэн түүхтэй. Майкл тус дүрийнхээ талаар “Би Альбусын дүрийг бүтээхдээ зүгээр сахал наагаад л яг өөрийнхөөрөө тоглосон. Миний тоглосон хэсэг бүрд өөрийн минь хувийн зан араншин агуулагдаж байсан гэхэд болно. Альбус Дамлдорын зан чанар тэр чигтээ би гэж хэлэхэд болно доо” хэмээж байжээ.

Мөн “Харри Поттер” бүтээлд хамтран тоглосон жүжигчид түүний араас гашуудан өөрсдийн сошиал хаяг дээрээ эмгэнэл илэрхийлсээр л байна. Драко Малфойн аав Люсиус Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Жейсон Айзекс “Жүжиглэх ур чадвар гэж юу байдгийг би түүний “The Singing Detective” бүтээлээс олж харсан. Харри Поттер киноны үеэрх хамгийн нандин дурсамжуудын нэг бол тэр надтай өөрийн аймшиггүй хэр нь үнэхээр хошин зан чанараа хуваалцдаг байсан үе юм” хэмээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх