Хайх

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг

Text: Buro.Mongolia


Зураг: Buro. Russia

Америкийн кино академиас «Оскар» наадмын нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарласан билээ. Бид бүгдийн хүлээж байсанчлан «Nomadland», «Mank», «The trial of the Chicago 7» кинонууд нэр дэвшсэн харагдлаа. Шагнал гардуулах ёслол албан ёсоор эхлэхийн өмнө ямар нэр дэвшигчид хэр амжилттай оролцох талаар урьдчилсан таамаг дэвшүүлэхийг бидний зүгээс зорилоо.

2021 онд «Оскар» наадмыг зохион байгуулах хэрэг байсан уу?

«Оскар»-ын шуугиулж байсан эрин үеийн төгсгөл ирж байгаа хэмээн кино сонирхогчид хэдэн жилийн өмнөөс ам уралдан хэлэлцэх болсон. Энэхүү асуудлын гол шалтгаануудын нэг нь 2017 оны наадамтай ихээхэн хамааралтай. Тухайн үеийн «Шилдэг кино» шагналыг «Moonlight» бүтээл гардан авсныг та бүгд санаж байгаа байх. Тэгвэл тус шийдвэр нь маш сайн зураглалтай «Hidden figures», «Lion» кинонууд болон олны дунд шуугиан тариад байсан «La La land» гэх мэт хүчтэй өрсөлдөгчдийг үл хайхарсан гэж олны хэл амыг багагүй дагуулсан юм. Мөн шагналын ялагчийг зарлах торгон мөчид алдаатай дугтуйны уршгаар «Moonlight»-ын оронд «La La land» киноны хамт олныг индэр дээр дуудаж маш том зохион байгуулалтын алдаа гаргаж байсан. Кино шүүмжлэгчдийн анхааралд үлдсэн дараагийн наадам бол 2018 оны «Оскар». Тухайн үед «Шилдэг кино» төрөлд «Shape of Water» бүтээл ялалт байгуулж байсан. Тус бүтээлийн өрсөлдөгчөөр Спилберг - Хэнкс - Стрип нараас бүрдсэн хүчирхэг багтай «The Post» кино байсаар байхад шагналыг яагаад тэд хүртсэн бэ гэдэг асуулт бидний дунд нээлттэй үлдсэн хэвээр. Түүнчлэн энэ шийдвэр нь «Lady Bird» киноны миллениалууд болон «Call Me by Your Name» киноны ЛГБТК нийгэмлэгийн дэмжигч-төлөөлөгч нарын унтууцлыг хүргээд авсан. Харин 91 болон 92 дахь шагнал гардуулах ёслолууд санасныг бодвол «энхийн» байдлаар зохион байгуулагдаж байжээ. 92 дахь «Оскар»-ын «Шилдэг кино» номинацад «Parasite» кино ялалт байгуулж олон нийтийг баярлуулсан ч тус наадмын үзүүлэлтүүд унасан хэвээр байсан юм. 2020 оны ёслолын хувьд рейтинг нь 5,3 байснаар «Оскар»-ын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт гаргасанд тооцдог. Иймд энэ жилийн шагнал гардуулах ёслол болох эсэх нь эргэлзээтэй байсан юм. 

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 1)
The Trial of the Chicago 7
And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 2)
Ma Rainey's Black Bottom

Цар тахал эхэлснээр кино үйлдвэрийн салбарт хүндрэл учирч байгаа бөгөөд жишээ нь бидний хүсэн хүлээсэн зохиолч, найруулагч Уэс Андерсоны «French dispatch» бүтээл одоог хүртэл гараагүй. Мөн маш олон шагнал гардуулах ёслолууд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Эдгээр болон бусад асуудлууд нь «Оскарт» нэр дэвшигчдийн сонголтод нөлөөлж «хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн» хэрэг болж байна хэмээн кино шүүмжлэгчид дүгнэжээ. Энэ жилийн хувьд өрсөлдөж буй кинонуудаас илүүтэй нэр дэвшигчдийг сонгох шалгуурууд нь ярианы гол сэдэв болоод буй. Тодруулбал хүйс, арьс өнгө болон тэгш байдал зэргийг тооцоолж, шилдэг кино төрөлд өрсөлдөх нэр дэвшигчдийг шалгаруулахаар болсон билээ. Цаашид энэхүү шинэ стандартын дагуу «Шилдэг кино» номинацад нэр дэвшиж буй бүтээлүүдийн  жүжигчид, зохиол, зураг авалтын баг, кино зураг авалтын студи зэрэг нь дээрх шалгууруудаас хамгийн багадаа хоёрыг нь заавал биелүүлэх ёстой хэмээн тусгажээ. Энэхүү шинэ журам нь 2024 оноос мөрдөгдөж эхлэх юм. 

NETFLIX VS АКАДЕМИ

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 3)
Mank

«Оскар» 2021-ын ялагчдаар эмэгтэйчүүд болон Netflix тодорно хэмээн Financial Times мэдээлжээ. Үүнтэй ч санал нийлэхгүй байхын аргагүй. Учир нь энэ жил стриминг үйлчилгээний бүтээлүүд 35 номинацад нэр дэвшсэний 10 нь «Mank» кинонд хамаарч байсан бол цөөнгүй хүмүүсийн магтаалыг хүртээд байсан «Nomadland» кино ердөө зургаан төрөлд нэр дэвшжээ. Кино шүүмжлэгчдийн хэлж буйгаар энэ нь цар тахлын нөлөөгөөр стриминг үйлчилгээний хандалт ихсэж, үзэгчдийн кино үзэх арга барилд өөрчлөлт орсонтой холбоотой гэжээ. Өөрөөр хэлбэл хүмүүст гэртээ кино үзэх нь хямд, хурдан, тав тухтай санагдах болсон гэж хэлж болно. Netflix-ийн найман жилийн хөгжил дэвшлийг тоймлон харвал нэр дэвшиж буй номинацын тоо нь жил ирэх тусам ихэссэн үзүүлэлттэй байгаа бөгөөд контентын чанараараа ч Sony Pictures болон MGM компаниудад мөчөөгөө өгөхгүй байгаа юм.

«Шилдэг кино» болон «Шилдэг найруулагч» шагналуудын эздээр хэн тодрох вэ?

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 4)
Nomadland

«Оскар» наадмын хамгийн чухал гэгдэх шагналын төлөө нийт найман бүтээл өрсөлдөж байна. Одоогийн байдлаар кино шүүмжлэгчдийн таамаглаж буйгаар Хлои Чжаогийн найруулсан «Nomadland» кино тэргүүлэх төлөвтэй байгаа юм. Энэхүү бүтээлд Невада мужаас гаралтай Ферн гэх эмэгтэй амьдрах гэр оронгүй болсноор АНУ-ийн муж улсуудаар ажил хайн нүүдэллэж амьдралаа залгуулж буй талаар гардаг. Тайван өнгө аястай, утга уянгын тус кино нь Оскарт зохилдоогүй гэмээр сэтгэгдэл төрөх ч «The Golden Lion», «Алтан бөмбөрцөг», «Critics Choice Awards» наадмуудад шагнал хүртсэн нь «Шилдэг кино» төрөлд амжилт үзүүлэх магадлалыг өсгөж байгаа юм.

Тус киноны хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол яахын аргагүй Дэвид Финчерын «Mank» кино. Агуулгад 1940-өөд оны Америкийн алдарт «Citizen Kane» киноны зохиолыг бичиж буй Герман Манкевич хэмээх хүний талаар гардаг. Хэрэв «Mank» ялалт байгуулбал бэлгэдлийн хувьд хуучин Холливүүдийг хүндэтгэсэн явдал болох бөгөөд энэ нь тун муугүй шийдвэр болно хэмээн кино шүүмжлэгчид дүгнэжээ. Гэвч тус бүтээл нь Мартин Скорсезегийн өнгөрсөн жил бүтээсэн «The Irishman»-ы жишээгээр зүгээр л кинонд дурлагсдад зориулан бүтээсэн бэлэг болон үлдэх өндөр магадлалтай байгаа юм.

Дараагийн шилдэг кино болох боломжит хоёр бүтээл бол Арканзас дахь Солонгосын цагаачдын талаар гардаг «Minari» болон хүчиндүүлсэн найзынхаа өшөөг авахаар зэхэж буй охины талаар өгүүлдэг «Promising young woman» кинонууд юм. «Minari» киноны онцлох зүйл нь хэцүү, хүнд байдлыг ямар нэг хүч хэрэглэлгүйгээр хүүхдийн нүдээр харуулахыг зорьсонд оршиж байгаа юм. Мөн тус киноны амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа нь Америкийн кино шүүмжлэгчид ази гаралтай найруулагчдын бүтээлийг ихээхэн сонирхох болсонтой холбоотой. Харин «Promising young woman» киноны оргил хэсгүүд бол яахын аргагүй Кэри Маллиганы гайхалтай жүжиглэлт болон феминист үзлийг хүчтэйгээр харуулсан байдал нь юм.

Ялалт үзүүлэх магадлалтай найруулагчдын хувьд Чжао болон Финчер нар жагсаалтыг тэргүүлж байгаа ч дээр дурдсан үзүүлэлтүүд Ли Айзек Чун, Эмиральд Феннел нарын «Шилдэг кино найруулагч» төрөлд амжилттай оролцох магадлалыг ч багагүй өсгөж байна. Харин «Another round» киноны Томас Винтерберг шилдэг кино найруулагч болох магадлал бага ч түүний бүтээл «Шилдэг гадаад кино» төрлөөс шагнал хүртэх бүрэн боломжтой.

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 5)
Mank
And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 6)
The Trial of the Chicago 7

Шилдэг жүжигчдээр хэн тодрох вэ?

And the Oscar goes to: 93 дахь удаагийн «Оскар» наадмын таамаг (фото 7)
Ma Rainey's Black Bottom

Наадмын хамгийн сэтгэл догдлом хэсгүүдийн нэг бол яахын аргагүй шилдэг эмэгтэй болон эрэгтэй жүжигчдийг шалгаруулах мөч юм. Сүүлийн үед Африк-америк уран бүтээлчдэд анхаарал хандуулах хандлага дэлгэрээд байгаа ч «Ma Rainey's Black Bottom»-ийн Виола Дэвис болон «The United States vs. Billie Holiday» киноны Андра Дэй нар энэ удаад ялагчаар тодрохгүй байх гэж бид таамаглаж байна. Америкийн нийгмийн тэгш бус байдлыг ганцхан харцаараа харуулж чадсан «Nomadland»-ын жүжигчин Фрэнсис Макдорманд, удаан хугацааны турш шагнал хүртэх найдвар төрүүлсээр ирсэн, үнэхээр ч ялах гавьяатай Кэри Маллиган, төрөлтийн хүндрэлээс шалтгаалан хүүхдээ алдаж байгаа залуу эмэгтэйн талаар харуулдаг «Pieces of a Woman» киноны Ванесса Кирби нараас цорын ганц шилдгийг тодруулах тун хүнд шийдвэртэй шүүгчид нүүр тулах нь.

«Шилдэг эрэгтэй жүжигчин» төрөлд мюзикл-драм болох «Sound of Metal»-ын Риз Ахмед; «Mank» киноны Гэри Олдман; англи-францын «The Father» уянгын комедид дүр бүтээсэн Энтони Хопкинс; «Ma Rainey's Black Bottom»-ын жүжигчин Чедвик Боузман болон «Minari» киноны Стивен Ён нар тус тус нэр дэвшжээ. Уншигчдадаа сонирхуулахад Ахмед бол шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшиж байгаа анхны мусульман хүн юм. Харин Боузман нь нас барсных нь (гурван жилийн турш хорд хавдартай тэмцсэний эцэст 2020 оны найм дугаар сард хорвоогийн мөнх бусыг үзсэн) дараа тус төрөлд нэр дэвшүүлсэн анхны хар арьстай жүжигчин бол Хопкинс энэхүү номинацын түүхэн дэх хамгийн өндөр настай нэр дэвшигчээр (83 настай) шалгараад байна. Ерөнхийдөө цомын төлөөх өрсөлдөөн Ян болон Боузман нарын дунд явагдах ч Оскарт таалагдах талаас нь авч үзвэл ялагчийн цомыг Боузман атгах өндөр магадлалтай.

«Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин» төрөлд «The Father» киноны Оливия Колман болон «Borat Subsequent Moviefilm» бүтээлийн Болгар гаралтай жүжигчин Мария Бакалова нар амжилттай оролцоно гэж бидний зүгээс дүгнэж байна. Харин 1960-1970-аад оны үед хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэж байсан зүүний радикал үзэл баримтлалтай «The Black Panther» намын талаар өгүүлдэг «Judas and the Black Messiah» намтарчилсан киноны Дэниэл Калуя шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин болж магадгүй юм.

Нэмээд хэлэхэд...

Шилдэг кино зохиол (эх зохиол), Шилдэг дуу, Шилдэг эвлүүлэг, Шилдэг костюм болон бусад төрөлд нэр дэвшсэн Аарон Соркины «The Trial of the Chicago 7»  бүтээл  цомгүй үлдэхгүй гэж бид таамаглаж байна. Харин «Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт», «Шилдэг декорац», «Шилдэг костюм дизайн» төрөлд «Ma Rainey's Black Bottom» болон «Emma» кинонууд амжилттай оролцох хүлээлт кино шүүмжлэгчдийн дунд үүссэн. Тэгвэл «Шилдэг гадаад кино» төрөлд «Another round» киноноос гадна дээрэлхэл, танхайрлын талаар өгүүлдэг Хятадын «Better Days», Румын улсын авилгын талаарх «Collective» нэртэй баримтат кино, Сирийн иргэний дайнаас зугтахаар «шенгены» шивээс хийлгэж буй уран бүтээлчийн талаар гардаг «The Man Who Sold His Skin» мөн Босни улсын дайны сэдэвт драм «Quo Vadis, Aida?» кинонууд тус тус нэр дэвшжээ.

цааш үзэх