Хайх

Канье Уэстийн “Vultures” нэртэй шинэ цомог гурван хэсэгт хуваагдаж цацагдана

Канье Уэстийн “Vultures” нэртэй шинэ цомог гурван хэсэгт хуваагдаж цацагдана

Text: Buro.Mongolia


Реппер, продюсер Канье Уэст дуучин, хөгжмийн зохиолч Ty Dolla $ign-тай хамтарч “Vultures” хэмээх шинэ цомог гаргах болсноо зарлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Уг цомог нь энэ сарын 12-ны өдөр цацагдахаар төлөвлөгдсөн ч хойшилсоор байсан юм. Тэгвэл реппер Канье Уэст шинэ цомгоо нийт гурван хэсэгт хувааж цацахаар болсноо дуулгасан бөгөөд эхний хэсэг нь 2024 оны хоёрдугаар сарын 9-нд, хоёрдугаар хэсэг нь гуравдугаар сарын 8-нд, сүүлийн хэсэг нь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сонсогчдын хүртээл болохоор зэхэж байгаа аж.

Тус цомог нь нийт 18 дуунаас бүрдэх ба Playboi Carti, Крис Браун, Ники Минаж, Lil Wayne, Bad Bunny зэрэг чадварлаг уран бүтээлчид хамтарсан байна. Харамсалтай нь Ники Минаж түүнтэй хамтарсан "New Body" дуугаа тус цомогт багтаан цацах зөвшөөрлийг Каньед өгөхгүй, эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр "Ямар ч хүндэтгэл гэдэг зүйл алга. Би дөнгөж саяхан шинэ цомгоо гаргасан. Тийм байхад яагаад аль гурван жилийн өмнө олон нийтэд ил болчихсон дууг дахиад цацна гэж?" хэмээн өөрийн Instagram хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэдний дунд багахан хэмжээний зөрчилдөөн үүссэн ч Ники Минаж Канье Уэстийг уран бүтээлчийнх нь хувьд хүндэлж, хайрладаг хэвээр гэдгийг онцлон дурдсан юм.

“Vultures” нь түүний 2021 онд гаргаж байсан “Donda” цомгоос хойших анхны бүрэн хэмжээний цомог учраас шүтэн бишрэгчдийнх нь дунд нэлээдгүй өндөр хүлээлт үүсээд байгаа юм. Түүнчлэн Канье “Donda 2” хэмээх төслийг эхлүүлсэн ч огт дуусгаагүй орхисон бөгөөд тус төсөлд багтсан дуунуудыг зөвхөн Stem Player платформ дээрээс сонсох боломжтой аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх