Хайх

\"Fashion Awards 2018\"-ийн хүндэт шагналыг дизайнер Миучча Прада хүртэнэ

"Fashion Awards 2018"-ийн хүндэт шагналыг дизайнер Миучча Прада хүртэнэ

Text: Buro.Mongolia


Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр зохион байгуулан загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг "Fashion Awards 2018" шагнал гардуулах ёслолын хүндэт шагналыг дизайнер Миучча Прада хүртэхээр боллоо.

Их Британийн Загварын Зөвлөлийн ерөнхийлөгч Каролина Руш "Миучча Прада загварын салбарт хэрхэн өөрөөр сэтгэж, ажиллаж болдгийг харуулахын зэрэгцээ гэр бүлийн бизнесээ дэлхий дахинаа таниулж чадсан. Түүний энэхүү авьяас, чадварыг үнэлэн Хүндэт шагналыг гардуулахаар боллоо" хэмээн ярьсан юм. Энэхүү шагналыг өнгөрсөн жилүүдэд Ральф Лорен, Карл Лагерфельд, Донателла Версаче, Маноло Бланик нар хүртэж байсан юм.

Өдгөө 69 настай загвар зохион бүтээгч Миучча Прада нь Prada болон Miu Miu загварын ордны бүтээлч захирлаар ажилладаг билээ. Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд Prada брэндийн нэр хүнд залуусын дунд өсч, 2018 оны эрэлттэй брэндүүдийн тавдугаарт жагсаж байгаа юм. Брэндийн энэхүү амжилт нь залууст зориулсан Prada Linea Rossa брэндээ ахин худалдаанд гаргасан явдал, сонирхолтой сурталчилгаа зэрэгтэй нь холбоотой болов уу.

2018 оны Fashion Awards арга хэмжээ арванхоёрдугаар сарын 10-нд Лондонгийн The Royal Albert Hall концертын танхимд зохион байгуулагдах ба нэр дэвшигчдийн нэрс аль хэдийн тодорсон билээ.

 

 

цааш үзэх