Хайх

Канье Уэст Yeezy Season 6 цуглуулгынхаа маркетингийг Кимийн папарацци зурагнуудаар хийлээ

Мөн цуглуулга худалдаанд гарлаа!

Канье Уэст Yeezy Season 6 цуглуулгынхаа маркетингийг Кимийн папарацци зурагнуудаар хийлээ

Text: Бюро 24/7

Канье Уэстийн эхнэр Ким Кардашьян бол үргэлж папарацци зурагчдын дуранд, олны анхаарлын төвд байдаг дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Канье энэ давуу талыг ашиглан Yeezy Season 6 цуглуулгынхаа танилцуулгыг маш өвөрмөц байдлаар сурталчилж, маркетингийн зоригтой алхам хийлээ. Тэрээр уламжлалт загварын шоу зохион байгуулахын оронд эхнэртэйгээ хамтран сүүлийн хэдэн сарын турш нууц сурталчилгаа явуулжээ.

Бидний өмнө нь мэдэгдэж байсанчлан Ким Кардашьян сүүлийн зургаан сарын турш хэнийг ч мэдээгүй байхад өдөр тутамдаа Yeezy Season 6 цуглуулгын загваруудаар гоёж байсан бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ бодлоготой маркетинг байсан юм. Түүний төрхүүдийг Ким ба Канье нарын найз, францын Vogue сэтгүүлийн домогт редактор, CR Fashion Book сэтгүүлийн үүсгэн байгуулагч Карин Ройтфельд бүрдүүлж, стилистээр ажилласан байна.

Канье хуваарийн дагуу есдүгээр сард болж өнгөрсөн загварын долоо хоногийн үеэр шинэ цуглуулгаа танилцуулах учиртай байсан ч ийнхүү өөр аргаар олны анхаарлыг татахаар шийдсэн байна. Yeezy Season 6 хоёр хоногийн өмнө брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаанд тавигдсан бөгөөд каталогийн зураг авалтын оронд Ким Кардашьяны папарацци дуранд өртсөн зурагнууд нийтлэгдсэн байгаа.

Тухайлбал Yeezy Season 6 цуглуулгын шоколад бор өнгийн oversize хүрмийг худалдан авахын тулд та McDonald's-ийн зайрмаг идэн алхаж буй Кимийн зураг дээр дарах хэрэгтэй. Цуглуулга нийт 16 төрхөөс бүрдсэн байна.

Цааш үзэх