Хайх

Канье Уэст загварын салбарынхантай зөрчилдлөө

Канье Уэст загварын салбарынхантай зөрчилдлөө

Уэст дахин нэг удаа загварын долоо хоногийн дүрмийг үл тоомсорлолоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Их дөрвөлийн эмэгтэй загварын долоо хоног эхлэхийн өмнөхөн загварын салбарынхны анхаарал Канье Уэст рүү шилжлээ. Дуучин ба дизайнер тэрбээр эртнээс тогтсон дүрэм журмыг зөрчиж, Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөл буюу CFDA-тай маргалдаж эхэллээ.

Уэстийн нэрийн Yeezy брэнд New York Fashion Week-ийн албан ёсны хуваарьт хамрагддаггүй ч загварын шоугаа үргэлж хамгийн хөл хөдөлгөөн, эрэлт ихтэй үед, бусад брэндүүдийн шоутай давхцуулан сонгодог юм.

Энэ удаад ч бас Канье Уэст Yeezy-гийн Season 5 загварын шоуг Marchesa брэндийн шоутай нэг цагт буюу хоёрдугаар сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин CFDA ийм цаг давхцах тохиолдлын эсрэг байр сууриа илэрхийлж, загварын редакторуудад бүх шоуг үзэх боломж олгохыг хүсдэг юм. "Ноён Уэст дахин нэг удаа дүрэм зөрчиж, CFDA-тай зөвлөлдөхгүйгээр загварын шоуныхаа цагийг товлолоо. Албан ёсны хуваарьт ийм хандлага гаргах нь Загварын Долоо хоног гэх арга хэмжээний оршин тогтнох үндсэн нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Бид ийм хандлагыг тэвчихгүй" хэмээн тус зөвлөлийн тэргүүн Стивен Колб мэдэгджээ.

Юутай ч Канье Колбын мэдэгдлийг сонсмогц түүнээс уучлалт гүйж, асуудлыг эвтэйгээр шийдэхийг санал болгожээ. Тэр өөрийн шоугаа тухайн өдрийн 15:00 цагт шилжүүлэх санааг дэвшүүлсэн байна. Гэхдээ өмнөх улирлын Yeezy-гийн шоу товлогдсон хугацаанаасаа хэтэрч, нэлээд хэдэн цаг үргэлжилснийг эргэн санавал энэ удаад ч бас загварын салбарынхан 16:00-д эхлэх Anna Sui, мөн 18:00-д эхлэх Thom Browne брэндийн загварын шоунууд руу амжиж очих магадлал тун бага байна.

Канье Уэстээс уучлалт хүлээж авсан Колб дахин мэдэгдэл хийж "CFDA зөвлөл ноён Уэстийн албан ёсны хуваарьт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулахыг хүссэн шийдвэрийг үнэлж байна. Ирээдүйд тэрбээр загварын долоо хоногийн хуваарьт багтаж, манай зөвлөлтэй хамтран ажиллах байх гэж бид найдаж байна" хэмээн эв найрамдлыг хүслээ.

CFDA-гийн тэргүүн Уэсттэй хамтран ажиллахыг хүсч буйд гайхах зүйл үгүй юм. Yeezy-гийн шоу дэлхийн өнцөг бүрийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татдаг. Тиймээс Нью-Йоркийн загварын долоо хоногийн хуваарьт ийм төрлийн оролцогч байх нь CFDA-гийн хувьд нэр төрийн хэрэг юм.

цааш үзэх