Хайх

Яагаад Дональд Трампыг улс төрийн салбарын Vetements гэж нэрлэж болох вэ?

Яагаад Дональд Трампыг улс төрийн салбарын Vetements гэж нэрлэж болох вэ?

Дэлхий нийтийг юу хүлээж байна вэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан билээ. Тэгэхээр ирээдүйд дэлхий нийтийг юу хүлээж байгаа талаар Бюро 24/7-гийн нийтлэлч Игорь Колесников өгүүлж байна

Яагаад Дональд Трампыг улс төрийн салбарын Vetements гэж нэрлэж болох вэ? (фото 1)"Бид цоо шинэ улс оронд сэрлээ!" гэж АНУ-ын ихэнх блогерууд өмнө нь бичиж байсан юм. Тэгвэл одоо үнэхээр энэ нь бодит байдал болж байна. Одоо энэ үг зөвхөн нэг улсад биш, харин дэлхий дахинд хамааралтай болж эхэллээ. Америкчууд өчигдөр улсынхаа ерөнхийлөгчийг сонгосон. Одоо энэ "сонголт" нь олон хүнийг айлгаж байна. Ингэх ч үндэслэлтэй. Хамгийн өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэгч валютын эзэн орны ерөнхийлөгч нэг талаараа дэлхий нийтийн ерөнхийлөгч биш гэж гүрийх утгагүй хэрэг. Энэ хүн хамгийн багадаа л ирэх дөрвөн жилийн турш өдөр бүрийн тоймыг тодорхойлох болно.

Дэлхий үнэхээр ч шинэчлэгдсэн. Гэвч гэнэт л өнөөдөр шинэчлэгдсэн хэрэг биш юм. Энэ жил ерөнхийдөө гэнэтийн явдлаар дүүрэн байлаа. Жишээ нь Brexit-ийг Дональд Трампын сонгуульд ялсан явдалтай адилтгаж болно. Одоо цахим ертөнцөд "People Vs. Establishment 2:0" гэсэн жиргээ газар аваад байна. Яг энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болж байх шиг байна. Ямартаа ч 2016 он сонгодог тогтолцоо болон уламжлалт медиа mainstream-ын ялагдлын жил гэж түүхэнд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, ямар ч үр дүн тааварлахад улам л хэцүү болж, энгийн иргэдийн сонголт "нэр хүндтэй" гэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс шалтгаалахаа больжээ. Медиа бүх зүйлийг шийддэг цаг үе аль хэдийнэ өнгөрсөн байна. Одоо энэ шинэ ертөнцийг бүгд дагах болно.

Яагаад Дональд Трампыг улс төрийн салбарын Vetements гэж нэрлэж болох вэ? (фото 2)

Бараг бүхий л америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хиллари Клинтоныг дэмжсэн гэдгээрээ 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль түүхэн болж байгаа юм. Бүр бүхэл бүтэн сонины редакци яагаад Трамп ерөнхийлөгч болох ёсгүй вэ гэсэн нийтлэл бичсэн байсан. Хүн бүхний хайртай Buzzfeed өдрөөс өдөрт "Трампын тэнэг гэдгийг батлах 10 баримт" гэх мэт нийтлэлүүдийн цуглуулга гаргасан бол The Huffington Post "Трампыг загвар өмсөгчидтэй зугаацаж байх хооронд Хиллари Америкийн төлөө юу хийсэн бэ?" гэсэн нийтлэл бичсэн юм. Ер нь л хэвлэл мэдээллийн салбарынхан нийтлэлийн гарчигтаа Трампыг "Үндэсний сүйрэл" гэж тодорхойлсоор байсан. Мерил Стрип, Роберт Де Ниро, Барышников зэрэг домог болсон хүмүүс Америкийг сайтар тунгаахыг уриалсан бичлэг хийсэн юм.

Гэсэн ч энэ бүхэн ямар ч нэмэр болсонгүй. Харин ч бүр эсрэг үр дүнд хүргэлээ. Америкийн нийгэм өөрийн гэсэн үзэл бодолтой байсан юм. Жирийн нэг америк иргэний хувьд энэ сонгуульд "сайн хүн" гэсэн ойлголт байсангүй. Хэзээ нэгэн цагт Обама яг ийм "сайн залуу" байлаа. Америкт Хиллари ба Трамп нарын баг энэ жилийн Хэллоуины баяраар маш их эрэлттэй байв. Тэр ч бүү хэл, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн компани "Клинтон ба Трамп нарын аль нэгийг нь сонгох гэж байна уу? Үүний оронд Канад руу нүүгээрэй. Харин бид танд орон сууц олж өгье!" гэх сурталчилгаа хийж байна.

Гуравдагч намын нэр дэвшигч гарч ирэх бараг л боломжгүй байдаг АНУ-ын сонгуулийн системийн онцлогоос болоод Америк гүрэн анхны хөрөнгөө сэжигтэй аргаар босгосон, эргэлзээтэй нэр хүндтэй, саятан шовинист болон филиппин гэрийн үйлчлэгчээрээ улсын нууц баримт хэвлүүлж, нэг бус удаа дайн хийж байсан ичгүүргүй хуучин төрийн нарийн бичгийн даргын хооронд сонголт хийх шаардлагатай болсон юм. Энэ бүх үйл явдал яг л алдарт "House of Cards" цувралыг санагдуулж байлаа. Гэхдээ энэ удаад нэг биш бүр хоёр Фрэнк Андервудын аль нэгийг сонгох хэрэг гарсан юм. Эцэст нь Америкийн иргэд арай гайгүй "аймшигтай" хүнийг нь сонгосон бололтой.

Яагаад Дональд Трампыг улс төрийн салбарын Vetements гэж нэрлэж болох вэ? (фото 3)

Яагаад Трамп арай гайгүй вэ гэж үү? Сонгуулийн үр дүн бол ёс суртахуун болон хүлээн зөвшөөрөгдөх зааг өөрчлөгдсөний илрэл юм. Трамп одоо бол дэлхийн улс төрийн салбарын Vetements брэнд болоод байна. Европд Марин Ле Пен, Борис Жонсон зэрэг ийм улс төрчид олон бий.

Хүмүүс бүгд л өөр дизайнер болон улс төрчдөд дассан байдаг. Дүрмийн дагуу тоглож болно. Эсвэл бүхнийг орвонгоор нь эргүүлж ч болно. Одоо хүмүүст хуурамч улс төрчид хэрэггүй. Үнэн төрхийг хүмүүс эрэлхийлж эхэллээ. Одоо тэгвэл хүн бүхний боддог ч хэлэхээс айдаг тэр зүйлсийг улс төрчид ярих хэрэгтэй. Улс төрийн зүй зохистой байдлын эрин үе дууслаа. Энэ үеэс эхлээд камер луу харж инээчихээд, далдуур аллага үйлдэж болохгүй. Хэрэв чи худалч бол Тереза эх болж жүжиглэх хэрэггүй. Өөрт таалагддаггүй нэр дэвшигчээ боломж олдох бүрт "мангас" болгон гүтгэж, харин жинхэнэ гэм буруутныг цагаатгах гэж оролдож болох ч үүнд чинь хэн ч дахиж хууртагдахгүй. Бид нууц мэдээлэл алдагддаг, уйтгартай ч нэр хүндтэй хэвлэлүүдийг олон нийтийн сүлжээ оролсон эрин үед амьдарч байна. Дэлхий нийт хуурамч, дүр эсгэсэн байдлаас залхжээ.

Одоо бүх нийтээрээ "Түүхэн дэх хамгийн аймшигтай" ерөнхийлөгчийг ажиглаж байна. Түүнийг дахиад ямар нэг муж эсвэл улсын нэрийг андуурч, ижил хүйстнүүдийн эрхийг зөрчиж, дуучин Шерийг өөрийн Twitter хуудсаараа дамжуулж гутаахыг амьсгаа даран хүлээж байгаа.

Гэхдээ Трампын гол давуу тал бол түүнээс яг юу хүлээхээ хэн ч мэдэхгүй байгаад оршино. Цаг хугацаанаас түрүүлж Мексикийн хил дээр хана барих гэх мэт шуугиан тарьсан, томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж хүлээх хэрэггүй. Дашрамд хэлэхэд Обамагийн засгийн газар энэхүү хананы ихэнхи хэсгийг бариад эхэлсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн бүх зүйл огцом сайжирна гэж найдах ч хэрэггүй юм. Трамп өөрөө ч нөгөө л тогтолцоо гэдгийг санах хэрэгтэй байх. Сонирхуулахад, Дональд Трамп ба Хиллари Клинтоны охид маш сайн найзууд билээ. Хэрэв америкчууд Хилларийг сонгосон бол бид дахиад найман жилийн турш яг өнөөдрийнх шиг ийм ертөнцөд амьдрах байсан. Тэгвэл одоо бидэнд бага ч болов ямар нэг зүйл өөрчлөгдөж магадгүй гэсэн найдвар төрж байгаа юм. Гэвч одоогоор нөхцөл байдал яг аль тал руугаа өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

 

 

цааш үзэх