Хайх

Тэр ямар нэг зүйл нууж байгаа: Трамп ба Клинтон нарын мэтгэлцээний шилдэг агшнууд

Тэр ямар нэг зүйл нууж байгаа: Трамп ба Клинтон нарын мэтгэлцээний шилдэг агшнууд

“Цэвэрхэн” доромжлол ба хөтлөгч гэнэт алга болсон явдал

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Дональд Трамп ба Хиллари Клинтон нарын АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээн болж өнгөрсөн. Бюро 24/7 мэтгэлцээний хамгийн хурц агшнууд болон ширүүхэн егөөдлүүдийг хүргэж байна. Харин энэ бүх хугацаанд АНУ-ын улс төрөөс хоцрогдсон хүмүүс байвал эндээс уншаарай

Дональд ба түүний жентльмэн зан

Трамп:

"Би Америкийг дахин агуу улс болгомоор байна. Би ч чадна л даа. Харин Хилларийг ингэж чадна гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хэрэв тэр ялвал, би Хилларийг бүрэн дэмжинэ".

Редакцийн тэмдэглэл: Make America Great Again ("Америкийг дахин агуу болгоё")- Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны уриа. Трамп өөрөө олон нийтийн өмнө гарахдаа ийм уриа бүхий улаан саравчтай малгай өмсөх дуртай.

Тэр ямар нэг зүйл нууж байгаа: Трамп ба Клинтон нарын мэтгэлцээний шилдэг агшнууд (фото 1)

Оноо: Трамп 1:0 Хиллари

Хиллари, Дональд ба асуудлыг шийдвэрлэх арга зам

Трамп АНУ-ын цагдаа нарын хүчирхийллийн тухайд: "Би үйл явдлын дунд байсан. Харин чи гэртээ үлдэхээр шийдсэн. Гэхдээ бүх юм зүгээр ээ".

Клинтон:

"Миний бодлоор дөнгөж сая Дональд намайг энэ мэтгэлцээнд бэлдэж байсны төлөө шүүмжлэх шиг боллоо. Тийм ээ, би бэлдсэн. Намайг өөр юунд бэлдсэн гэдгийг мэдэх үү? Ерөнхийлөгч болоход"

Редакцийн тэмдэглэл: Энэхүү мэтгэлцээнийг болохоос долоо хоногийн өмнө Клинтон улс төрийн үйл явцаас "тасарсан" гэж хэлж болно. Тэгвэл энэ үеэр Дональд цагдаа нартай уулзаж, зэвсэглээгүй иргэд рүү ямар нэг ноцтой шалтгаангүй буудах нь байж боломгүй зүйл гэдгийг хэлсэн. Трамп энэ явдлыг Хилларийг буруутгахад ашигласан ч Клинтон маш эвтэйхэн хариуг нь өглөө.

Оноо: Трамп 1:1 Клинтон

Хиллари, Дональд ба "хар"баримтууд

Клинтон:

"Трамп хэзээ нэгэн цагт татварын мэдүүлгээ дэлгэнэ гэдэгт би итгэхгүй байна. Яагаад гэвэл тэр биднээс ямар нэг зүйл нууж байгаа".

Трамп:

"Хиллари өөрийн устгасан 33,000 захидлыг нийтлэсэн цагт би өмгөөлөгчийнхөө хэлсэн үгийг тоолгүйгээр татварын мэдүүлгээ шууд дэлгэх болно". 

Редакцийн тэмдэглэл: Дональд Трамп жинхнээсээ хэр их хөрөнгөтэй болох тал дээр Америк даяараа олон жил маргаж байгаа. Хэдийгээр Трамп өөрийнхөө хөрөнгөний хэмжээг 10 тэрбум долларт хүрсэн гэж зарладаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг дампуурсан гэсэн мэдээлэл байнга гарч байдаг. Энэ нь үнэн байх талтай. Учир нь Дональд ба түүний компаниуд дор хаяж дөрвөн удаа дампуурлаа зарлаж байсан.

Хиллари Клинтоны захидалтай холбоотой шуугиан 2015 оноос эхэлсэн юм. Тухайн үед буюу 2009-2013 онд Клинтон Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа хувийн цахим шуудангаасаа албаны захидлуудыг илгээдэг байжээ. Эдгээр захидлуудын тал хувийг олон нийтэд дэлгэхэд түүнийг төрийн алба хашихын зэрэгцээ Клинтоны гэр бүлийн сангийн гадаад хандивлагчдад давхар туслалцаа үзүүлсэн гэж буруутгасан юм. Жишээ нь Бахрейн улсын хунтайж Клинтоны санд 100 мянган доллар хандивлахад, Хиллари шуурхай уулзалт зохион байгуулж, хунтайжтай гадаад бодлогын асуудлаар ярилцсан байна. Одоог хүртэл Клинтоны ихэнх захидлууд "маш нууц" гэсэн тодотголтой байдаг.

Оноо: Трамп 2:2 Клинтон

Тэр ямар нэг зүйл нууж байгаа: Трамп ба Клинтон нарын мэтгэлцээний шилдэг агшнууд (фото 2)

Хиллари, Дональд ба ажлын чадвар

Трамп:

"Түүний хүч хүрэхгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан. Цаашид ч үүнийг хэлэх болно. Энэ улсыг удирдахад ер бусын хүч хэрэгтэй".

Клинтон:

"За тэгвэл тэр 112 орноор айлчилж, тэрс үзэлтнүүдийг шоронгоос суллах хэлэлцээр хийж, ганц ч удаа болов эв найрамдлын гэрээ хийгээд үзэг л дээ. Эсвэл 11 цагийн турш Конгресст мэдүүлэг өгөөд үз! Харин ингэж чадсан цагт чинь л хэн нь хүчтэй болохыг ярилцъя".

Редакцийн тэмдэглэл: Конгрессийн тусгай хороо үнэхээр Хилларийг 11 цаг байцааж байсан. Тодруулбал, өнгөрсөн жил Ливи улсад орших АНУ-ын элчин сайдын яам халдлагад өртсөн юм. Шүүх хурлын үеэр Хиллари Клинтон нэг ч удаа тэвчээр алдалгүй, энэ бүхнийг даван туулж чадсан байна. Мөн АНУ-ын түүхэнд энэхүү шүүх хуралдаан нь хамгийн удаанд тооцогддог.

Оноо: Трамп 2:3 Клинтон

Тэр ямар нэг зүйл нууж байгаа: Трамп ба Клинтон нарын мэтгэлцээний шилдэг агшнууд (фото 3)

Ялагч- Хиллари Клинтон. Хэдийгээр мэтгэлцээний үеэр Трамп илүү идэвхтэй байсан ч Клинтон түүний довтолгоонд үндэслэлтэй хариулт өгч байсан. Магадгүй долоо хоног гэртээ сууж мэтгэлцээнд бэлдсэн нь үнэхээр үр дүнгээ өгсөн бололтой.

Мэтгэлцээний хөтлөгч хаачив?

Дональд Трамп ба Хиллари Клинтон нарын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээнээс төрсөн "Лестер Холт хаачсан бэ?" гэсэн меме зургуудыг Twitter даяар ярилцаж байна. Учир нь энэхүү мэтгэлцээний хөтлөгч, сэтгүүлч Лестер Холт тэдний хэлэлцүүлэгт бараг оролцоогүй. Үүнээс болж зарим хүмүүс түүнийг харь гарагийнхан авч явсан гэсэн хувилбарыг хүртэл дэвшүүлж байсан. Бүр New Yorker сэтгүүл "CNN телевиз ба цагдаа нар Лестер Холтыг эрэн сурвалжилж байна" гэсэн гарчигтай нийтлэл хүртэл гаргажээ. Нийтлэлийн дор "Лестер эргээд ирээч, юу ч хөтлөх хэрэггүй ээ, бид чамайг зүгээр гэдгийг л мэдэх гэсэн юм" гэсэн CNN телевизийн ерөнхийлөгчийн эшлэл харагдсан юм.

Редакцийн тэмдэглэл: Үнэн хэрэгтээ мэтгэлцээний хөтлөгч хаашаа ч яваагүй бөгөөд эрүүл саруул байгаа. Холт зүгээр л мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдэд саад болохыг хүсээгүй бөгөөд хэлэлцүүлгийн ихэнх үеийг чимээгүй өнгөрөөжээ.

 

 

 

цааш үзэх