Хайх

Цаганд дурлагчдад: SIHH 2016 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг загварууд

Цаганд дурлагчдад: SIHH 2016 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг загварууд

Бүгд цөөн тоогоор

Text: Ж.Чинбат


Зураг:

Цаг сонирхогчид, дээд зэрэглэлийн, тансаг цаг цуглуулагчид жил бүрийн нэгдүгээр сард SIHH үзэсгэлэн рүү анхаарлаа хандуулдаг. Энэ жил 26 дах жилдээ зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд урд, урдынхаас илүү олон брэндүүд шинэ бүтээлүүдээ танилцууллаа

Дээд зэрэглэлийн, тансаг цагны хамгийн алдартай үзэсгэлэн болох Salon International de la Haute Horlogerie (SIHH)-д танилцуулсан Cartier, Omega брэндүүдийн цагтай бид саяхан нарийвчлан танилцсан билээ. Тэгвэл энэ удаад нэг дор илүү олон цаг сонирхож, аль нь таны хэв маягт илүү нийцэж болохыг үзэцгээе.

Montblanc 4810 collection

Хайрцагнаас гарч сэтгэ, дэлхийн хэмжээгээр хар гэх зэрэг афоризмыг өөртөө хураангуйлсан энэхүү цагны нүүрийг Хойд Америк, Европ, Ази тивийн газрын зурагны сонголттой бүтээжээ. Цагны эх биеийг нь цагаан алтаар хийсэн ба нүүрний диаметр нь 42 мм хэмжээтэй. Гар аргаар урласан Montblanc 4810 цуглуулгад ердөө 110 ширхэг цаг багтсан байна. 

Roger Dubuis Black Velvet

Хүчирхэг, бас нууцлаг төрхтэй болсон энэхүү цагийг ихэвчлэн эрэгтэй цаганд ашигладаг карбон материалаар хийснээр харин ч илүү шинэлэг, эмэгтэйлэг загвартай болжээ. Цагны ирмэгээр Бразил улсаас гаралтай маш ховор парайба турмалин гэх 66 ширхэг үнэт чулуу шигтгэжээ. Энэхүү цаг мөн л хязгаарлагдмал тоогоор буюу ердөө 88 ширхэг үйлдвэрлэгдсэн байна.

A.Lange & Sohne Datograph Perpetual Tourbillon

Нийт 100 ширхэг үйлдвэрлэгдсэн тус бугуйн цагны нүүрэнд он сар, долоо хоног, цаг хугацааг заах гурван зүү, өдөр шөнийг илтгэх бяцхан тэнгэр нэгэн зэрэг ажиллана. Ийм бүрэн хэмжээний цагалбар нэг зэрэг ажиллахад маш нарийн тохируулгатай, ур хийц хэрэг болох нь гарцаагүй. Тиймээс цагны эх бие нь 729 араанаас бүрдсэн ба тэдний ачаар гурван зүү хормын ч зөрөөгүй зэрэг ажилладаг байна. 

Parmigiani Fleurier Tonda Chronor Anniversaire

Энэхүү шинэ загвар нь тус брэндын 20 жилийн ойд зориулагдан гарч байгаа цаг юм. Тиймээс брэндийн зүгээс секундыг 10 хуваасны нэг хүртэлх нарийвчлалтай зүүний хронограф суулгаж, ойн баярын онцгой бүтээлээ чимжээ. Цаг нийт 50 ширхэг үйлдвэрлэгдсэн ба цагаан болон ягаан алтны сонголттой.

IWC Big Pilot Top Gun

Анх Дэлхийн II дайны үед Герман нисгэгчдэд зориулан бүтээсэн энэхүү цаг улам бүр шинэчлэгдэж, орчин үеийн загвартай болсоор байна. Энэ жил гарсан загвар нь өмнөх хувилбараасаа бага зэрэг жижгэрч, 46 мм диаметртэй болсон байна. Тус цагны гол онцлог нь зүүний хөдөлгөөнийг соронзон орноос хамгаалах зориулалттай хөнгөн, төмөр гадаргуутай хийгдсэнд оршдог.

Panerai Luminor 1950

Энэхүү цагийг 3D хэвлэгч технологи ашиглан  нунтаг титанаар бүтээжээ. Нийт 150 ширхэг үйлдвэрлэгдсэн тус цаг ирэх зун худалдаанд гарах ба 139,000 еврогийн үнэтэй байна. 

Baume & Mercier Clifton Chronograph Complete Calendar

Baume& Mercier саяхан танилцуулсан Clifton Gents' цуглуулгадаа бас нэгэн шинэ бүтээл нэмлээ. Домогт 1950 оны загвараас сэдэвлэн бүтээсэн Clifton Chronograph Complete Calendar загвар нь тус компанийн бүтээж байсан хамгийн нарийн хийцтэй цагнуудын нэг болжээ. Цагны нүүрэнд бүрэн хэмжээний цагалбар нэгэн зэрэг ажиллах болно. 

Cartier Clé de Cartier Automatic Skeleton

SIHH үзэсгэлэн дээр танилцуулах Cartier-ын эрэгтэй болон эмэгтэй хэд, хэдэн шинэ загваруудын дотор багтсан нэгэн сод бүтээл бол Cartier Clé de Cartier Automatic Skeleton цаг юм. Энэхүү цагны эх бие нь Cartier-ын автомат хөдөлгөөнтэй, анхны карказан загвар болжээ.

H. Moser & Cie. Endeavour Perpetual Calendar

Энэ жил анх удаа SIHH үзэсгэлэнд оролцож байгаа тансаг зэрэглэлийн цагны H. Moser & Cie компани ердөө аравхан ширхэг үйлдвэрлэгдсэн маш онцгой загвартай иржээ. Тус брэндийн минималист загвартай, эх биеийг нь цагаан алтаар хийсэн Endeavour Perpetual Calendar цаг үзэсгэлэн дээр олны анхаарлыг хамгийн их татжээ.